Я.Содбаатар: Ерөнхий сайд гишүүдээ цаазын тавцанд үлдээгээд мултрахгүй, өөрөө ч огцрох өргөдлөө өгөх байлгүй дээ

2014 оны 10 сарын 01

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. 

-Энэ удаагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар та ямар байр суурьтай байна вэ. Ялангуяа, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар?

-Намрын чуулганаар хэлэлцдэг үндсэн асуудал бол улсын төсөв мөнгөний бодлого байдаг. Үүний зэрэгцээ энэ удаагийн чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд одоогийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөх талаар ард түмэндээ хандаж мэдэгдсэн. Энэ нь улс төрчдийн хүрээнд төдийгүй сонгогчдын дунд ч багагүй хүлээлт үүсгээд байна.  Хөдөө орон нутгийн иргэд сонгогчидтой уулзаад явж байхад төрийн данхайсан бүтэц, энэ олон яам, тамгын газар, орлогч, зөвлөхүүдин орон тоог цомхотгох ёстой. Тэр тусмаа эдийн засгийн хямрал болж байгаа энэ хүнд үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ татварын дарамт үзүүлэхээсээ илүү төр өөрийнхөө бүсийг чангалж, цомхон, чадварлаг болохуйц өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Үнэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч гэсэн энэ бүтцээр явахгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Манай намын бүлэг, холбогдох төр, нийгмийн зүтгэлтнүүдийн зүгээс олон дүгнэлтийг хэвлэл мэдээллээр дамжуулан өгч байна. АН-ын удирдлагууд энэ бүхнийг хэвлэл мэдээллээс харж, алдаа оноогоо дүгнэж цэгнэн харж байгаа болов уу. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөдрийн амьдрал биднээс чадварлаг, цомхон,  аливаа зүйлд улс төржихгүйгээр, улс орны нийгмийн хандлага чиглэлийг бүс нутгийн болон олон улсын хандлагад нийцүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Тиймээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тэр хэлбэрт оруулж орж ирээсэй гэж бодож байна. 

-Засгийн газарт тооцох хариуцлагын талаар ярьж байгаа. УИХ өөрөө Засгийн газрын үйл ажиллагааг баталдаг. Тиймээс хариуцлагыг хэрхэн, хэнтэй тооцох нь зөв юм бэ?

-АН-ын дарга Н.Алтанхуягийн мэдэгдлээс хоёр зүйл их ойлгомжгүй байгаа. Нэгт, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг шинэчилж оруулж ирнэ гэсэн. Энэ бол Ерөнхий сайд гэхээсээ илүү, УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал. УИХ-ын тогтоолоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоодог. Үүнийг баталж орж ирэх гэж байгаа бол ямар яамтай,  ямар бүтэцтэй байхыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ.  Нөгөө талаар, хэрвээ өөрчлөлт хийх юм бол Ерөнхий сайд хамгийн түрүүнд ажлаа өгөх болов уу гэж би харж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр жилийн хугацаанд буруу ажилласан байна, энэ бүтэц бүрэлдэхүүн болохгүй байна гэдгээ өөрөө хэлсэн. Энэ бүтцийг, Засгийн газрыг өөрөө тэргүүлж ахалж байсан. Тиймээс Ерөнхий сайд багийн гишүүдээ цаазын тавцанд үлдээгээд мултрахгүй, өөрөө ч огцрох өргөдлөө өгөх байлгүй дээ. Хувь улстөрчийн ёс зүйн хувьд ч, энэ Засгийн газрыг толгойлж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан хүний хувьд ч асуудлаа УИХ-д оруулж ирж танилцуулахдаа эхэлж өөрөө огцрох өргөдлөө өгөх байх гэж хүлээж байна. 

Р.Оюунцэцэг