Г.БАТХҮҮ: ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ НЭЛЭЭД ӨӨРЧЛӨХӨӨР БАЙНА

2014 оны 09 сарын 30

 УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Н.Батцэрэг, С.Дэмбэрэл нарын гишүүд Хяналтын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлээд буй. Ийм нэртэй төсөл өмнө нь хоёр ч удаа парламентын босго алхсан боловч дэмжлэг хүлээж чадаагүй. Энэ хуулийн төсөлд иргэд, байгууллагын саналыг тусгах зорилгоор нийслэлийн Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Батхүү, А.Бакей, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, МХЕГ-ын дарга Д.Батмөнх тэргүүтэй албаныхан болон иргэдийн төлөөлөл оролцсон юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын одоогийн тогтолцоо 2003 оноос эхтэй. Мэргэжлийн хяналтын чиг үүргийг зохицуулагч гол хууль болох Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар байцаагч нарын эрх мэдлийг өргөтгөсөн гэх шүүмжлэл бий.

Мөн хяналт шалгалт явуулах журам болон бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах талаар ямар ч зохицуулалтгүй явж ирсэн учраас ийм төсөл санаачилснаа УИХ-ын гишүүд хэлж байсан. Үүнээс гадна тус байгууллагаас хийж байгаа хяналт шалгалтын үйл ажиллагаа төлөвлөлтгүй, тодорхойгүй хэмээн шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, шалгалт нь эрсдэлийн аливаа үнэлгээнд үндэслэдэггүй, арга, хэлбэр болон шалгалтын мөрөөр авах арга хэмжээ нь байцаагчийн хувийн ойлголт, үзэмжээр шийдэгдэх нөхцөл байдал руу хальтирахад тун ойрхон явж ирснийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм. Нөгөө талаас мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг бусад хяналтын байгууллагын чиг үүрэгтэй давхацсан гэдгийг төсөл санаачлагчид хэлж буй. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагыг хүний амь нас, эрүүл мэнд, амьдрах орчин, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий нийтийн аюулгүй байдлын хяналтын байгууллага болгон өөрчлөн зохион байгуулахаар төсөлд тусгажээ.

Энэ үеэр Хяналтын тухай хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ төсөл УИХ-д ирээд хоёр ч удаа бүдэрсэн. Энэ удаа олонхийн дэмжлэг авахын тулд төсөл санаачлан өргөн барьсан гишүүдийн зүгээс юу хийж байна вэ?

-Энэ хуулийг шинэчилснээр хяналтын тогтолцоотой холбоотойгоор нийгэмд бий болсон хүлээлтэд хариу өгч чадах юм. Хяналтын тухай хуулийн төслийг боловсруулсан Ажлын хэсгийнхэн уг төслийг гурав дахь удаагаа УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд бүх аймгийн ИТХ-аар дамжуулж орон нутгаас санал авч байгаа. Орон нутгаас үнэтэй саналууд ирж байна. Өнөөдөр (өчигдөр) нийслэлийн ИТХтай хамтарч энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Ингэж иргэд, олон нийт, хяналтыг хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус олон байгууллагын саналыг сонсож, Ажлын хэсгийн түвшинд нэгтгэх юм.

-Та бүхний санаачилсан төслийн онцлог, ялгаа, мөн чанар нь юу юм бэ?

-Хяналтын байгууллагын үйл ажиллагаа хүн бүрийн өдөр тутмын амьдралд мэдрэгддэг. Жишээ нь, сүүлийн үед гарч буй олныг хамарсан өвчлөл, халдварууд мэргэжлийн хяналтын тогтолцоо буруу байгаатай холбоотой. Хүнсний эрүүл ахуйн асуудлуудыг хяналтын байцаагч дангаараа үүрэх учиргүй. Эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргаж, түүнд үндэслэж хяналтын байгууллага хамтарч ажиллах нь зүйтэй. Хяналтын байгууллага зөрчил гаргасны дараа буруутай үйл ажиллагааг таслан зогсоож, хааж, торгох бус урьдчилан сэргийлж, сургаж, зөвлөгөө өгч, хамтран ажилладаг байх ёстой. Мөн хяналтын байгууллагыг бүтэц, зохион байгуулалтын хувьд нэлээд өөрчлөхөөр байгаа юм. Хяналтын байгууллага ард түмэнтэй хамгийн ойр байх ёстой учраас байцаагч, удирдлагыг нь орон нутгийн оролцоо, олон нийтийн байгууллагатай зөвшилцс өний үндсэн дээр томилохоор тусгасан. Тус байгууллагад ажиллаж буй албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн зарим заалттай уялдуулан тодорхой шалгуураар сонгодог байхаар өөрчл өлт оруулсан.

 

 

 Б.НОМИН