Сургуулийн дотуур байрны гурилаас ацетил хэмээх бодис илэрчээ

2014 оны 09 сарын 30

Баян-Өлгий болон Өмнөговь аймгийн сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлого туссан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын цэцэрлэгийн багш, ажилчид хүүхдүүдэд нянгийн халдвар тараасан байж болзошгүй бол Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сурагчид химийн бодист хордсон байж магадгүй байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт мөн Дархан-Уул аймгийн долдугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна. Энэ талаар МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Итгэлтөгсөөс тодрууллаа.

-Дархан-Уул аймгийн цэцэрлэгийн хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн баасан гаригийн байдлаар 35 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 11.00 цагийн үед 13 болсон байна. Эмнэлгээс гарсан хүүхдүүд өрхийн эмчийн хяналтад байгаа. Нэмж хүүхэд өвчлөөгүй.

-Шинжилгээний хариу гарсан уу?

-Хараахан гараагүй байна. Бохироос болсон байх гэж таамаглаж байгаа. Цэцэрлэгийн гал тогоо, багш, ажилчид, орчноос шинжилгээ авсан.

-Баян-Өлгий аймгийн сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн идсэн талханд химийн бодис асгасан байж болзошгүй гэж байсан.

-Дотуур байранд гарсан хоолны хордлогын шалтгаан нөхцөлийг тодруулахаар МХЕГ-ын төв лабораторид шинжилгээ хийсэн. Мөн гурил, гурилын шуудай гээд 12 дээжийг энэ сарын 12-нд Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид давхар шинжлүүллээ. Ингэхэд хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчиж гурил тээвэрлэсэн нь тогтоогдож, гурилаас ацетил гэдэг органик нэгдэл илэрсэн. Энэ нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, түлшинд ихээр агуулагддаг бодис. Хэрхэн гуриланд шингэснийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Гурилыг хилээр оруулахдаа дээр нь машин, эсвэл ацетил агуулсан тоног төхөөрөмж ачсан байх магадлалтай. Аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн гурил оруулж ирсэн хүнийг шалгаж байгаа.

-Энэ бодис гурилаас хэр хэмжээгээр илэрсэн бэ?

-Гурилын дээжинд хийсэн шинжилгээгээр илэрсэн учраас яг төдий хэмжээгээр гэж хэлэх боломжгүй. Гурил бохирдсон нь илт харагдаж байсан гэсэн.

-Бохир байгааг харсаар байж яагаад талх барьчихсан юм бол?

-Хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас л болсон байх.

-Ацетил нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Энэ нь газрын тосноос гаралтай, техник, тоног төхөөрөмжийн тосолгоо, шатахуунд хэрэглэгддэг бодис. Нэг ёсондоо бензин ууж байна гэсэн үг. Хоол боловсруулах эрхтэний хямрал, хордлогод хүргэдэг.

 

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ