А.Алтан-Очир: NBA-д ажиллаж байсан туршлагатай мэргэжлийн дасгалжуулагч нарыг урьж авчирна

2014 оны 09 сарын 29

 Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны гадаад харилцааны албаны дарга А.Алтан-Очиртой ярилцлаа.

-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооныхон АНУ-ын Нью Иорк хотод очиж, тоглогч элсүүлж авна гэсэн яриа сонирхол татлаа. Энэ талаар тодруулахгүй юү?

-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэх, Үндэсний супер лигийн тоглолтыг үзүүштэй болгох, цаашилбал Монголынхоо шигшээ багийн тамирчдыг Ази тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг нь сайжруулах зорилгоор олон ажил зохиож ирсэн. Түүний нэг нь гаднын легионер тоглогчдыг элсүүлж, дотоодынхоо лигт тоглуулах. Сүүлийн жилүүдэд цөөнгүй легионер тоглогчид Үндэсний супер лигт ирж тоглосон. Энэ хэрээр манай тоглогчдын ур чадвар ч сайжирч, сагсан бөмбөг сонирхогчдын тоо нэмэгдэх болсон. Тиймээс бид энэхүү үйл ажиллагаагаа аль болох өргөжүүлж, илүү олон чадварлаг тамирчдыг урьж авчрахыг зорьж байна. Нөгөө талаас Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийн талаар гаднын улсуудад сурталчилсны үр дүнд манай улсын лигт тоглох сонирхолтой тоглогчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Жишээ нь, энэ удаа 130 гаруй тоглогч манай лигт тоглох хүсэлтэй байгаагаа бие төлөөлөгчөөрөө дамжуулж илэрхийлсэн.  Энэ олон тоглогчийг эх орондоо авчирч сонгон шалгаруулалтад оруулна гэдэг санхүү талаасаа ч, цаг хугацааны хувьд ч асуудалтай байсан. Тиймээс АНУ-д сонгон шалгаруулалтыг явуулахаар болсон юм. 

-Үндэсний супер лигт тоглох хүсэлтээ 130 тоглогч ирүүлсэн гэлээ. Тэднээс хэдийг нь шалгаруулж авах вэ?

-Нэг багт дор хаяж гурван легионер тоглогч элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр дор хаяж 30 легионер тоглогч ирнэ гэж бодох хэрэгтэй. Бололцоо нь байвал нэг багт хоёр ч гадаад тоглогч байж болно.

-Энд бас цөөнгүй эмэгтэй легионер тоглогч байгаа гэж сонссон.

-Тийм ээ, МҮСБХ-ноос эмэгтэй зургаан багтай мэргэжлийн лигийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Мөн л дор хаяж нэг багт нэг легионер тоглогч авчрах бодол байна. Ингэж байж лигийн чанар чансаа дээшилж, мэргэжлийн гэдэг тодотголтой болно шүү дээ. 

-Эмэгтэй лигийн тоглолтууд хэзээ эхлэх вэ?

-Үндэсний супер лигтэй зэрэгцээд ирэх арваннэгдүгээр сарын 1-нд эхэлнэ. 

-Ер нь гаднаас тоглогч авчрах хэр түвэгтэй байдаг вэ. АНУ-ын талаас ямар хүмүүстэй хамтарч ажилладаг вэ?

-Сонгон шалгаруулалт дээр тамирчдын бие төлөөлөгчидтэй хамтарч ажилладаг. Энэ удаагийн арга хэмжээнд өмнө нь хамтарч ажиллаж байсан туршлагатай агентууд оролцож байгаа. Монголын талаас бол МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга нар зохион байгуулж байгаа. 

-Нью Йорк дахь сонгон шалгаруулалтад баг болгоноос төлөөлөгч оролцож байгаа юу?

  -Үгүй. Гэхдээ багийн эзэд болон дасгалжуулагч нарт зориулж сонгон шалгаруулалтыг интернетээр, гурван камераар “Live stream” шууд дамжуулна. Өөрөөр хэлбэл, 130 тамирчин бидний нүдэн дээр баг болж хуваагдаад тоглоно гэсэн үг. Шууд холбогдох учраас авахыг хүсч байгаа тамирчнаараа тоглолтын дараа ганцаарчилсан шидэлт хийлгэх, хамгаалалт, гүйлт хурд хийлгэх гэх мэтээр сонгон шалгаруулж авна. Мөн Монголынхоо лигийн дүрмээр тоглуулж, манай лигт хэр дасан зохицох боломжтойг нь харна.

-Шалгаруулалтад оролцож байгаа тамирчид ур чадварын хувьд ямар түвшнийх байдаг вэ?

-Ер нь бол багаасаа л сагсан бөмбөгөөр хичээллэсэн тамирчид байдаг. Тэдний мөрөөдөл нь NBA-д элсэх. Энэ мөрөөдөлдөө хараахан хүрч чадаагүй яваа, NBA-ийн доод лиг болох NBA-D лигт тоглодог, эсвэл  гаднын лигт тоглож ур чадвараа сорих хүсэлтэй Ази, Европт тоглож байсан туршлагатай тамирчдаас сонгож авдаг.

-Тэгэхээр ур чадварын хувьд эргэлзэх зүйлгүй гэсэн үг үү?

-Бүгд л NСA-ийн нэгдүгээр дивизионд тоглож байсан ур чадвар өндөртэй тоглогчид байгаа. Тэдний хувьд NCA буюу Их сургуулийн лигийнхээ шилдгүүд нь байсан тоглогчид. Өөрөөр хэлбэл, их сургуулиа төгсөөд NBA-д драфтаар орж чадаагүй тоглогчид гаднын улсуудын лигт очиж ур чадвараа сорих хүсэлтэй байдаг юм билээ. Бид тэднээс сонгон шалгаруулж авдаг. 

-Ийм өндөр ур чадвартай тамирчид ирснээр манай тамирчид ч гэсэн ур чадварын хувьд ахих боломж гардаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Гаднаас тоглогч авчирч байгаагийн гол зорилго нь энэ шүү дээ. Хоёр жилийн өмнө бол NBA-ийн гуравдугаар дивизионы тоглогчид ирээд ур чадвараараа манай тоглогчдыг илүүрхдэг байсан. Харин одоо бол тэгж илүүрхэж чадахаа больсон. Манай тоглогчдын ур чадвар ч жилээс жилд сайжирч, өндөр түвшний тоглогчидтой хэрхэн тоглох учраа мэддэг болсон. Өнгөрсөн жил л гэхэд NCA-ийн гарааны тоглогчид ирээд сайн тоглолт үзүүлж чадаагүй шүү дээ. Тиймээс бид энэ удаа илүү өндөр түвшний тоглогчдыг лигтээ урьж авчирч байгаа юм. 

-Инчёнд манай сагсчдын үзүүлсэн амжилт үүнтэй холбоотой байх, тийм үү?

-Өндөр зэрэглэлийн тамирчидтай өдөр болгон бэлтгэл хийх, лигийн тэмцээнд нүүр тулна гэдэг тамирчны хувьд ур чадвараа сайжруулах том боломж байдаг. Сая Солонгосын дасгалжуулагч манай шигшээ багийнхан дээр ирээд “нэгхэн жилийн дотор яаж ингэж сайжирч чадав аа” гээд гайхаж байна лээ. Өнгөрсөн жил NCA-1 лиг болон NBA-D лигт тоглож байсан тамирчдыг авчирч тоглуулсан. Тэд манай тамирчид байнга тэдэнд хамтарсан бэлтгэл хийж, ур чадвараас нь суралцаж байсан. Мөн өндөр тамирчдын эсрэг хэрхэн тоглохыг ч гэсэн сурсан. Үүний үр дүнд Инчёнд өндөр тоглогчдын эсрэг манай шигшээ маш сайн тоглолоо шүү дээ. Энэ бол легионер тоглогчдыг лигтээ авчирсны үр дүн. 

-Легионер тоглогчдоос гадна гаднын шүүгч нарыг авчирсан байх аа?

-Ер нь бол олон улсын зэрэглэлтэй шүүгч нарыг авчирснаар тив, дэлхийн шинж чанартай тэмцээний шүүлт ямар байдаг, тэрийг нутагтаа мэдэрнэ гэсэн үг. Шүүгчид чөлөөт цагаараа манай шүүгчидтэй ярилцаж, мэдлэг туршлагаасаа хуваалцдаг. Энэ нь манай шүүгч нарт ур чадвараа сайжруулах сайхан боломж болдог. Удахгүй манай шүүгчид олон улсын тэмцээнийг шүүх цаг ирнэ. Үүнээс гадна бид энэ жил NBA-д туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан болон NCA-д ажиллаж байсан туршлагатай дасгалжуулагч нарыг авчирч байгаа. Хөгжлийн, багийн, статистикийн дасгалжуулагч гээд төрөл төрлөөрөө байдаг. Яг тэр зарчмаар дасгалжуулагч нарыг урьж авчирч ажиллуулахаар төлөвлөөд байгаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.141.250 Undesnii sagsan bombogiin holboondoo ih bayrladag shuu ta buhen mash ih zuil hiij baigaa zaluuchuud bid buhen iim l zuil husej baisan shigshee bag ymar ondor tuvshind hursen saihan bna . Ta buhend amjilt husee zaluuvhuudbid staashid undesnii holboogoo ergelt bustaltguigeer bainga demjinee!!!!!!!!!!!!!!!!!!!!!