ЭБОЛА ВИРУСИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ ТӨРӨЛ НЬ ОДОО ТАРХАЖ БАЙНА

2014 оны 09 сарын 29

Баруун Африкийн хэд хэдэн оронд эбола хэмээх вирусийн аюулт өвчин дэгдэж айдас хүйдэс төрүүлж байна. Айдас төрүүлэхийн учир нь түүнийг хүн төрөлхтөн эмчилж чадахгүй байгаагаас өвчилсөн хүмүүсийн 90 хүртэлх хувь нь амиа алдаж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Баруун Африкт өдөрт 200 хүн нас барьж байна. Тиймээс НҮБ-ын энэ намрын чуулган энэ асуудалд анхаарлаа хандуулав. 1976 онд Заир улсын Эбола голын эргийн жижиг тосгонд өвчний анхны тохиолдол илэрснээс хойш өвчилсөн хүмүүс амиа алдах магадлал 60 хувиас доош буугаагүй аж. Анх 318 хүн өвчилж 280 нь (бараг 90 хувь) амьсгал хураасан бол 2003 онд 90 хувь нь нас барсан гэнэ. Энэ вирусийн байгалийн голомт нь халуун орны ойд байдаг, тэр дундаа Баруун Африкийн “унаган” өвчин гэж хэлж болно. Эбола вирусийг таван төрөлд хуваадаг юм байна. Эхнийх нь болох Zaire ebolavirus анх Заир улсад гарч, нэрээ ч эндээс авсан. Энэ төрөл бусдаасаа илүү олон удаа дэгдээд буй, хор хөнөөл нь ч их байгаа. Энэ вирусийн халдварыг Заирын Ямбуку тосгоны багш, 44 настай хүн 1976 оны наймдугаар сарын 26-нд авч байжээ. Тарианы зүүг ариутгалгүй олон дахин хэрэглэснээс уг вирусийн эхний халдвар тархсан гэж үздэг аж. Хоёр дахь нь Sudan ebolavirus гэх бөгөөд Заирынхтай бараг нэг зэрэг хүнд халдсан байдаг.

Судан улсын Нзара гэдэг жижиг хотын нэг үйлдвэрийн ажилчдын дунд өвчний шинж тэмдэг анх илэрчээ. Эрдэмтэд тус хотын ойр орчмын амьтан, хорхой, шавьжинд шинжилгээ хийгээд энэ вирусийн тээгчийг одоо болтол тогтоогоогүй байна. Хамгийн сүүлд 2012 оны арванхоёрдугаар сараас 2013 оны нэгдүгээр сард Уганда улсад дэгдсэн аж. 1976 онд өвчлөгсдийн 54, 2000, 2001 онд 53 хувь нь амиа алдаж байжээ. Энэ оны наймдугаар сард өвчилсөн БНКонго улсын иргэнээс энэ вирус илэрсэн байна. Гурав дахийг нь Reslon ebolavirus гэнэ. Бусдаас ялгаатай нь энэ вирус Азиас гаралтай, Филиппин улсаас үүсэлтэй гэж үздэг. 1989 онд анхны тохиолдол нь бүртгэгдсэн байна. Филиппинээс АНУ-ын Виржини мус улсын Рестон хотын судалгааны лабораторуудын нэгэнд аваачсан сармагчин (макаки) уг вирусийн эх үүсвэр болохыг тогтоожээ. Үүнээс хойш халдвар Филиппин, Итали, АНУ-д илрээд буй гэнэ. Харин хүнийг өвчлүүлэх аюулгүй, сармагчин, гахайг бол үхэлд хүргэнэ. Дөрөв дэх төрлийг нь Tai Forest ebolavirus гэх бөгөөд анх Африкийн Кот’д Ивуар улсын Тай хэмээх ширэнгэд амьдардаг сармагчин (шинпанзе)-гаас энэ вирусийг илрүүлжээ.

1994 оны арваннэгдүгээр сарын 1-нд ойгоос хоёр сармагчны цогцос олж шинжлэхэд 1976 онд Заир, Судан улсад эболагийн халдвар авсан хүмүүсийн эд эсэд хийсэн шинжилгээтэй ижил үр дүнтэй байжээ. 1994 онд сармагчингийн өөр ч цогцоснууд олдсон байна. Тэдэнд задлан шинжилгээ хийсэн эрдэмтдийн нэг нь эболагийн халдвар авчээ. Түүнийг Швейцарьт аваачиж зургаан долоо хоног эмчлэхэд бүрэн эдгэсэн аж. Бундибугио гэдэг газарт эболагийн халдвар дэгдсэн талаар Уганда улсын Эрүүл мэндийн яам 2007 оны арваннэгдүгээр сарын 24-нд зарлав. Вирусийг нь АНУ-д аваачиж шинжлүүлэхэд эболагийн шинэ төрөл болох нь тогтоогдож, Bundibugio ebolavirus гэсэн нэр авчээ. Үүнээс хойш 2008 оны хоёрдугаар сар дуусталх хугацаанд энэ өвчний 149 тохиолдол Угандад бүртгэгдэж 37 хүн нас барсан байна. Уг өвчин 2012 онд Конгод гарч 36 хувь нь амиа алджээ. Халдвар авсан тохиолдолд их халуурч, бие суларч, булчин, толгой, хоолой өвдөнө. Түүнээс гадна бөөлжиж, гүйлгэнэ, туурна, заримдаа дотуур болон гадуур цус алдах нь ч бий.

Эболагийн вирус нь цус, ялгадас болон биеэс ялгардаг шингэнүүд, ийм өвчтэй хүний эрхтэнээр дамжиж халдварладаг. Энэ өвчнөөр нас нөгчигсдийг оршуулах үед цогцост шууд хүрвэл вирус нь дамжих магадлал ихтэй. Халдвар тархахад мэрэгчид, сарьсан багваахай их үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн халдвар авсан сармагчин, ойн гөрөөсөнд хүрснээс өвчилсөн явдал Кот’д Ивуар, Конго, Габон зэрэг улсад гарч байв. Халдвар авснаас хойш 2-21 хоногт шинж тэмдэг нь илэрдэг. Уг вирусийн эсрэг тариа бий болголоо гэхэд түүний зах зээл нь маш хязгаарлагдмал байх учраас ашиг өгөхгүй тул энэ үйлсэд анагаахын салбарын томоохон компаниуд хөрөнгө оруулахаас гар татсаар иржээ. Тиймээс ийм үйлчилгээтэй эм, тариа одоо хүртэл бий болгоогүй байгаа аж. АНУ-ын Батлан хамгаалах яам, Эрүүлийг хамгаалах үндэсний хүрээлэн л энэ вирусийг биологийн дайнд хэрэглэх вий хэмээн сэрэмжлэхдээ вакцин бий болгох ажилд мөнгө зарцуулж байна. Үүний ачаар зарим нэг вакцин бий болгож амьтан дээр амжилттай туршаад байна. Хүн дээр туршиж үзэхээр “Sarepta”, “Tekmira” гэдэг хоёр компани ажилдаа оржээ. Одоогийнх шиг түвшний санхүүжилттэй байвал 5-7 жилийн дараа вакцинтай болно гэж үзэж байв. Гэтэл санхүүгийн бэрхшээлээс болоод энэ үйл хэрэгт хөрөнгө хуваарилахаа түр зогсоолоо гэж Америкийн Батлан хамгаалах яам 2012 оны наймдугаар сард мэдэгдсэн байна. Ийм тохиолдолд эболагийн эсрэг үйлчилгээтэй тариа гаргаж авч хэзээ ч чадахгүй болж мэднэ гэж эрдэмтэд үзэж байна. Одоо Африкт эбола вирус тархаж буй байдал тус бүс нутгийг сүйрэлд хүргэж болзошгүй хэмжээнд байна гэж хэвлэлүүлд мэдээлэх болов.

Уг өвчний дэгдэлтийг тогтоох нь энэ онд хийх гол ажил гэж Еврокомиссын хүмүүнлэгийн тусламжийн асуудал эрхэлсэн захирал Филип Моган үзэж байна. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд юуны урьд уг өвчин газар аваад буй Гвиней, Либери, Сьерра-Леон болон тэдгээртэй хил залгаа улсуудын удирдлага эболагийн халдвар тархалтын эсрэг үр ашигтай арга хэмжээ авах нь чухал. Африкийн эдгээр орон олон улсаас дорвитой тусламж авах ёстой. Эцэст нь эдгээр орны иргэд сэжиг илэрсэн бол эмнэлгийн тусламж яаралтай авч, халдвар авсан хүнийг бусдаас нь тусгаарлах зэрэг сэргийлэх арга хэмжээ авч байх ёстойг хүн амдаа ухуулж ойлгуулах ёстой аж. Энэ өвчинтэй тэмцэх үйлсэд Европын холбоо оны эхнээс төсвөөсөө 150 сая евро зарцуулжээ. Мөн тус холбооны гишүүн орнууд хоёр талын түвшинд Африкийн орнуудад 78 сая евро өгсөн байна. Энэ оны хоёрдугаар сараас хойш эбола вирусийн халдварыг 5.8 мянган хүн авч 2.8 мянгаас илүү нь амьсгал хураагаад байгаа юм. Халдвар цаашид тархах хэд хэдэн магадлал байна гэж шинжээчид үзэж буй юм байна. Нэгд үгээрт, дэгдэлтийг хяналтандаа шуурхай авч чадахгүй байгаагаас халдвар түргэн тархаж, өвчл өгчдийн тоо эрс хурдан нэмэгдэж байна. Гвинейд ажиллаж байгаад саяхан буцаж ирсэн Оросын академич Виктор Малеевийн ярьснаас үзвэл Гвиней улс гэхэд эрүүлийг хамгаалахын тогтсон систем бараг байхгүй, эмч нар хүрэлцээгүй, өвчтөнүүдээ майханд хэвт үүлж байгаа гэнэ. Түүнээс гадна халдвар гол тээгч гэгдэж буй сармагчин, гөрөөс, сарьсан багваахайг эндхийн хүмүүс агнаж хүнсэндээ хэрэглэдэг аж. Хоёрдугаарт, хэдий үр дүнтэй хариу арга хэмжээ авлаа ч эбола вирус байгалийн голомтдоо хадгалагдсаар, түүнийг тээгч амьтад нь халдвар тараасаар байх боломжтой. Өөрөөр хэлбэл, түүний байгалийн голомтыг нь устгахад түвэгтэй.

 

 Р.ЖАРГАЛАНТ