АВАРГЫН ЗАНГАРАГТАЙ 31 ДЭХ ТҮРҮҮ

2014 оны 09 сарын 29

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн Токио хотноо өндөрлөлөө. Их аварга Хакүхо 31 дэх түрүүгээ авч, их аварга Чиёонофүжитэй зэрэгцэн, мэргэжлийн сүмогийн түүхэнд хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Одоо түүний өмнө Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилт л үлдээд байна. Эн Эйч Кэй телевизийн түрүү бөхийн ярилцлаганд сурвалжлагч энэ талаар асуухад “Би сүмод анх орж байхдаа жижигхэн биетэй байлаа. Тийм болохоор Чиёонофүжи аваргын том биетэй бөхчүүдийг хэрхэн ялж байгаа барилдааныг видеогоор үзэн судалдаг байсан. Арван жилийн өмнө Хятадын Шанхайд болсон тойргийн барилдаанд ёкозүна Асашёорюүг ялан түрүүлэхэд Чиёонофүжи аваргад сайн байна гэж магтуулаад их баярлаж байснаа санаж байна” гэж хариуллаа.

Мөн “Энэ тэмцээнд Монголын шинэ бөх Ичиножёо тантай түрүүлэхийн төлөө өрсөлдлөө. Ямар бодолтой байна вэ” гэсэн асуултанд “Сайн барилдсан болохоор Ичиножёог магтмаар байна. Залуу бөхчүүдийн өмнө тэр хана болон зогсох болно” гэв. Харин сэтгүүлчийн дахиад нэг түрүүлэхэд Тайхо аваргыг гүйцэх болно гэсэн үгэнд юм хэлсэнгүй. Учир нь Хакүхо Тайхо аваргыг ихэд хүндэлдэг, амьд сэрүүнд нь байнга уулзаж, зөвлөгөө авдаг байсан билээ. Тийм болохоор Тайхо аваргыг гүйцнэ гэж ярьж хэлээд хэрэггүй гэж үзсэн байлгүй. Хэдийгээр Хакүхо түүхэн амжилт тогтоосон ч тэмцээний гол анхаарал дээд зиндааны шинэ бөх Ичиножёод төвлөрсөөр дууссан. Кисэносато, Гоэйдо арслан, ёкозүна Какүрюүг өвдөг шороодуулсан тэрбээр үнэхээр энэ тэмцээний гол баатар байж, мэргэжлийн сүмод шинэ үе гарч ирж байгааг зарлан тунхагласан.

Шинэ маэгашира озэкиг ялсан нь 14 жилийн дараа тохиож байгаа бол шинэ маэгашира ёкозүнаг унагааж байгаа нь сүмогийн түүхэнд 41 жилийн дараа болсон хэрэг боллоо. Намрын тэмцээний тэргүүн бөхийг шалгаруулах барилдаан тэмцээний 14 дэх өдөр энэ хоёр бөхийн хооронд болсон. Аварга, арслангуудыг дараалан унагаад байгаа шинэ бөхтэй 30 түрүүлсэн хашир аварга үзэлцэв. Мэргэжилтнүүд Ичиножёод боломж байгаа гэж үзэж байсан ч Хакүхо ямар ч боломж олгосонгүй, барьц ч өгсөнгүй. Тэмцээний сүүлчийн өдөр Ичиножёо Аминишикиг өвдөг шороодуулж, хэрэв Хакүхо Какүрюүд унавал хоёр бөх нэмэлт барилдаан хийхээр болоод байв. Хоёр ёкозүна хав золгон барилдсан ч Хакүхо ялснаар нэмэлт барилдаан хийх шаардлага гарсангүй. Гэхдээ олныг шуугиулсан Ичиножёо Намрын тэмцээнд Гарамгай барилдаан болон Дайчин барилдааны тусгай шагнал авлаа. Башёод түрүүлэхийн төлөө их аварга Хакүхотой өрсөлдөж, нэг ёкозүна, хоёр арсланг унагаасан нь ийнхүү үнэлэгдсэн. Дээд зиндааны шинэ цэрэг хоёр тусгай шагнал авч байгаа нь 2000 оны зуны тэмцээнд Точиновакагаас хойш тохиолдож байгаа хэрэг юм.

Мэргэжлийн сүмод ороод тав дахь тэмцээндээ тусгай шагнал авч байгаа нь сүмогийн түүхэнд нэгт бичигдэх амжилт болжээ. Мөн дээд зиндааны анхны тэмцээндээ 13 ялсан нь одоо сүмо бөх тайлбарлаж буй ёкозүна Китанофүжитэй зэрэгцсэн бас л нэгт орсон амжилт юм. Ичиножёог их аварга Асашёорюү ихэд үнэлж, “Энэ хүүхэд аварга болох нь” гэж жиргэсэн байна. Тусгай шагнал авсан Ичиножёогоос сэтгүүлчид “Өнөөдөр Хакүхо аварга унасан бол нэмэлт барилдаан хийх байлаа. Бэлтгэж байсан уу. Энэ тэмцээнд аварга, арслантай барилдаад өөртөө юу дутагдаж байгааг мэдэж авав уу” гэсэн асуултанд А.Ичинноров “Барилдахаар бэлтгэж байлаа. Харамсалтай нь нэмэлт барилдаан болсонгүй. Энэ тэмцээнд амжилттай сайхан барилдлаа. Тачиай золголтоо сайжруулах шаардлагатай байгаагаа мэдлээ. Бас хурд дутаж байсан. Ирэх тэмцээнд Хакүхо аваргатай барилдах байх. Аль болох удаан барилдах сан гэж л бодож байна” гэж хариулав. Сүмогийн дүрмэнд сүүлчийн гурван тэмцээнд 33 ялсан, эсвэл хоёр дараалан түрүүлсэн бөхөд озэки цол олгоно гэж заасан байдаг. Ирэх хоёр тэмцээнд зэгсэн сайн барилдахад арслан цол түүнд ойрхон байна даа. Бас нэгэн онцлох бөх бол Кёкүтэнхо Н.Цэвэгням. Кёкүтэнхо 50 хувийн амжилтаа үзүүлсэн нь мэргэжлийн сүмод 70 жилийн дараа дээд зиндаанд 40 настай бөх найм ялсан түүхэн амжилт боллоо.

Тэмцээний дараа сүмо тайлбарлагч, ёкозүна асан Китанофүжи “Хэрэв Ичиножёо байгаагүй бол энэ тэмцээн ёстой утгагүй тэмцээн болох байлаа. Хакүхогоос бусад ёкозүна, озэки нар үнэхээр муу барилдлаа. Харүмафүжи ч гэмтлээ. Ичиножёо үнэхээр сайн барилдсан ч бас л монгол хүн. Шинэ япон бөх гарч ирэхийг хүлээсээр байтал дахиад нэг Монгол гараад ирлээ. Япон бөхчүүд хичээж зүтгэх хэрэгтэй байна” гэж Намрын тэмцээнийг дүгнэж байна.

Намрын тэмцээний түрүү бөхчүүд


Макүүчи- Ёкозүна Хакүхо Миягино дэвжээ

Жюүрёо- Точиношин Касүгано дэвжээ

Макүшита- Абико Ойтэказэ дэвжээ

Санданмэ- Такаги Кисэ дэвжээ

Жонидан- Хамагүчи Кисэ дэвжээ

Жонокүчи- Рюүдэн Такадагава дэвжээ

Намрын тэмцээний тусгай шагнал

Кантошёо дайчин барилдааны шагнал- Ичиножёо Минато дэвжээ

Шүкүншёо гарамгай барилдааны шагнал- Ичиножёо Минато дэвжээ

Гиношёо уран барилдааны шагнал- Аминишики Исэгахама дэвжээ



М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД