М.ЗОРИГТ: УЛАМЖЛАЛТ ХАРВААНЫ ТУХАЙ ҮНЭН ТҮҮХИЙГ ҮР ХОЙЧДОО МЭДҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ

2014 оны 09 сарын 29

 Монголчууд бид дэлхийн хаана ч толгой өөдрөг, нүүр бардам алхах өв соёл, зан заншилын эзэд билээ. Улс орны оршин тогтнох түүхийн нугачаанд зарим өв соёл улам хүчээ аван дэлгэрч, зарим өв соёл бүдгэрэн алга болдог нь гашуун боловч түүхийн үнэн. Ийм л түүхийн гашуун нугачааг тойрч бус дайрч гарсан өв соёлуудын маань нэг бол яахын аргагүй монголын уламжлалт сурын харваа . Хэдийгээр эзэн Чингис хааны байлдан дагууллын үед монголчуудын дунд хамгийн их хэрэглэгдэж, хүндлэн дээдлэгддэг зэвсэг нь зэвт харваа байсан ч гэлээ нэг л мэдэхэд мартагдах аюулд өртөөд байсан нь саяхан мэт. Энэ л цаг үед Монголын уламжлалт харваачдын холбоог байгуулж, уламжлалт харвааны өв соёл, зан заншлыг эх орондоо сэргээсэн хүн бол тус холбооны тэргүүн, ОУХМ М.Зоригт юм. Түүнтэй уулзаж ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Юуны түрүүнд уламжлалт харвааны үүх түүхийн талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цаг үеэсээ эхлэн хөгжлийн бүхий л түвшинд төрөл бүрийн зэр зэвсэг хэрэглэсээр ирсэн түүхтэй. Чулуун зэвсэг хэрэглэж байснаа түүнийгээ улам боловсронгуй болгон жадыг зохиож улмаар хол явуулахын тулд нум сумыг бүтээсэн гэдэг. Үүнээс харахад хамгийн эртний түүхтэй харваа бол зэвтэй харваа буюу уламжлалт сурын харваа юм. Хасаа, Урианхай зэрэг булцуут сумаар зогсоо байдлаас харвадаг харвааны төрлүүд бүр сүүлд үүссэн. Дэлхий дээр нум сум хэрэглэдэггүй байсан ард түмэн гэж бараг байхгүй. Тэр тусмаа монголын ард түмэн нум сум хэрэглэх өв соёл, хийх технологиороо дэлхийд гайхагдаж байсан. Бусад оронд хулс мод элбэг ургадаг учраас шууд хийх боломжтой. Харин монголчууд талын ард түмэн учраас манай оронд ургаж буй хуш, нарс зэрэг моддоор нум сум хийх боломжгүй. Тийм учраас эрт дээр үеэс малын гаралтай түүхий эдээр нум сумаа хийдэг байжээ. Жишээлбэл эвэр нумыг хийхийн тулд том эвэртэй үхрийг тусгайлан тэжээдэг байсан юм. Харин ийм гайхамшигтай өв соёл манжийн дарлалын үед бүдгэрэн алга болох аюулд ороод байсан ч гэлээ эдүгээ сэргэж, буцаад өдий зэрэгтэй хөгжүүлж байгаа холбооныхоо нийт харваачид болон өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг монголын ард түмнээрээ бахархаж байна. Монголчуудын байлдан дагууллыг зогсоон морин дээрээс нь буулгах гэж сумны урд талын зэвийг нь аван булцуу болгож тодорхой хэмжээг заан ийм байдалтай харвавал харва, зөвшөөрөхгүй бол харвуулахгүй гэсэн шаардлагыг тавьж байсан тухай түүхийн олон сурвалж бичигт тэмдэглээстэй байдаг. Үндэсний түүхийн архивт эх хувиараа хадгалагдаж буй 1876 он буюу Манжийн бадаргуулт төрийн хоёрдугаар онд гарсан “Монголчуудыг нум сумаар харвуулах журам”- д тодорхой дурьджээ. Тэр үед 45 нумын зайнаас зургаан метрийн урт, нэг метр 50 см-ийн өргөнтөй маш том байг харвуулж наадуулж байсан байдаг. Одоогийнхоор бол хоёр том жип машин тавьж байгаад харвуулж байсан гэсэн үг. Ямар ч хүн тийм том байг ононо шүү дээ. Энэ нь монголчуудыг доромжилж байсан хэрэг болов уу хэмээн би дотроо бодож явдаг. Мөн монголчуудын зэвт сумаар хэрхэн харвадаг байсан тухай эртний судар бичгүүдэд зугтаж яваа үнэгний сүүлний үеийг тоолон тэддүгээр үеэр нь би харвья гэж хэлж байгаад, нисэж яваа шувууг эр эмээр нь ялгаж байгаад харвадаг байсан зэрэг түүх домгууд олон бий.

-Танай холбоо анх хэдэн онд байгуулагдсан бэ?

-Манай холбоо 2009 оны сүүлч 2010 оны эхээр анх байгуулагдаж байсан. Албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлж тус оны цагаан сарын шинийн наймны билигт сайн өдөр анхны тэмцээн болох Өвлийн харвааг зохиож байлаа. Харвааны өмнө галын тахилга хийдэг . Өвөг дээдсээ хүндэтгэж галдаа өргөл барьц өргөн харваачдынхаа хийморийг сэргээн тэмцээнээ эхлүүлдэг уламжлалыг бий болгоод байна.

-Уламжлалт харваачдын холбоо байгуулах санал санаачлага, үйл хэрэг анх хэрхэн эхэлсэн бэ?

-Би энэ холбоог байгуулахаасаа өмнө үндэсний сурын холбооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан юм. Ингэж ажиллаж байхдаа уламжлалт харваагаар ОУ-ын томоохон тэмцээн уралдаанууд олон зохиогддог. Тус тэмцээнүүдэд оролцож буй зарим улсууд өөрсдийг өө монголчуудаас гаралтай, биднийг оролцдоггүй ч гэлээ уламжлалт сурын харваагаар сайн харвадаг байх гэсэн хүлээлттэй байдгийг мэдэж авсан юм. Гэтэл манайхан харвахг үй олон жил болоод хөндийрчихсөн байсан учраас энэ уламжлалыг сэргээе, ОУ-ын тэмцээн наадмуудад оролцож байя гэж бодсоны үндсэн дээр хоёр харваач дүүтэйгээ хамтран байгуулж байлаа. Өнгөрөгч онд дэлхийн уламжлалт харваачдын холбоонд албан ёсоор элсэн орсон.

-ОУ-ын уламжлалт харваачдын наадамд анх оролцож байхад бусад орны харваачид хэрхэн хүлээж авсан бэ?

-Хамгийн анх оролцох гээд очиж байхад Чингисийн монголчууд ирлээ гээд л бид бүхнийг үнэхээр сайхан хүндэтгэж, хүлээн авч байсан. Бид бүхэн тэмцээнд анх оролцохдоо уламжлалт харваагаар бүрэн мэргэшиж сураагүй байснаас болж тэдний сэтгэлд бүрэн нийцтэл харваж чадахгүй байсан үе бий. Тэд зэвтэй сумаар зоогдож харвадаг бай руу үнэхээр дадамгай харвадаг. Харин манайхан хасаа харваагаар газар харвасаар байгаад ялангуяа хөдөлгөөнт байг тун муу харвадаг болчихсон байсан юм. Одоо ч гэсэн бидэнд нум сум хийх арга, харвах техник тал дээр суралцах зүйл их байна.Өвөг дээдсийнхээ гайхамшигтай харвадаг байсан уламжлалыг бүдэгрүүлж, түрүүгээ алдчих вий гэж санаа зовьнилгүйгээр түрүүлдэг болох л хэрэгтэй байна.

-Үндэсний спортын V наадамд анх удаа оролцон шилдэг холбоо болсон шүү дээ. Ямар шалгуурыг хангаснаар энэ шагналыг авсан бэ?

-Энэ жилийн үндэсний спортын тавдугаар наадамд анх удаа оролцон шилдэг холбоогоор шалгарсандаа баяртай байна. Хамгийн сайн зохион байгуулалттай, тэмцээн уралдаанаа идэвхи санаачлагатай сайн явуулсан учраас л бидэнд энэ шагналыг өгсөн байх. Манай холбоо ОУ-ын тэмцээнд амжилт гаргасан харваачдаа ОУХМ цол олгодог. Энэ уламжлалын дагуу тус тэмцээний үеэр Монгол улсын мэргэн П.Гарамдорж ОУХМ цол гардан авлаа. Одоогийн байдлаар манай найман харваач ОУХМ цол аваад байна. Мөн их наадмын үеэр явуулсан холын харвааны тэмцээнд А.Александр 370 м дэх байг амжилттай онолоо. Ер нь 500 м-т хүргэх боломж бидэнд ойрхон байна.

-Ямар болзлыг хангасан харваачид ОУХМ цол олгодог вэ?

-12-оос дээш улс оролцсон тэмцээний эхний гурван байрт шалгарсан харваачид энэ шагналыг олгож байгаа. Ийм том тэмцээн дэлхий дээр цөөхөн болдог.

-Их наадмын үеэр харж байхад багийн харваа илүү сонирхолтой болж байх шиг санагдсан.

-Чи зөв анзаарсан байна. Надад ч бас тэгэж санагдаж байгаа. Яагаад вэ гэхлээр цуваа харваанд оролцож буй харваачаар долоон бай тавин, нэг байнд таван сум харвууллаа гэж бодоход 35 сум харваад тэмцээнээ өндөрлүүлдэг. Гэтэл саяны тэмцээний багийн төр өлд нийт найман баг оролцоход нэг харваач 170 сум харвалаа. Ингэснээр тэмцээн илүү сонирхолтой болохоос гадна оролцогчдоос асар их хүч чадал, тэсвэр тэвчээрийг шаардаж байна гэсэн үг л дээ.

-Ямар зэв ашигладаг вэ. Зэв хийх тусгай технологи, загвар гэж бий юу?

-Эртний зэв модны урд талаас гол руугаа ордог сүвэгчтэй. Түүнийг шөрмөсөөр боогоод ороочихоор хэзээ ч сугардаггүй байсан юм байна лээ. Тийм зэвийг монголчууд байтугай дэлхийн аль ч улсад хийж чадахгүй байна. Түүний оронд модныхоо урдаас нь угладаг зэв хэрэглэж байгаа. Байнд туссаных нь дараа сугалж авахад муу хийсэн зэв мултарч үлдчихээд байдаг. Эртний зэв шиг ямар ч үед сугардаггүй тйим зэв бэлдэх, гарамгай харвадаг болох гээд бид бүхэнд хийх ажил, сурч мэдэх зүйл асар их байна.

-Тэмцээн уралдааныг ямар дүрмээр зохион явуулдаг вэ?

-Уламжлалт харваанд Хасаа харваа шиг эрэгтэйчүүд 75 метр, эмэгтэйчүүд 65 метр зайнд харвана гээд тусгайлан зайчихсан хэмжээ байхгүй. Хэдэн метрийн зайнд ч харвах боломжтой. Тэмцээн болж байх үед сонирхолтой болгох үүднээс газар зүйн онцлогийг харгалзан үзэж хоорондоо зөвшилцөж байгаад шинэ төрлүүдийг нэмдэг. Жишээлбэл Морин дээрээс давхиж харвах, нисдэг тусгай төхөөрөмжөөр шидсэн байг харвах зэрэг төрлүүдийг нэмж оруулахад тэмцээн илүү сонирхолтой болдог.

-Эдгээрээс гадна харвааны хэдэн төрөл байдаг вэ?

-Хэд ч байж болно. Зэвтэй сумаар онох байгаа хаана тавихаас л шалтгаална. Уулын энгэрт тавиад ч харвана. Жалганд тавиад ч харвана. Доороос дээш , дээрээс доош гэх мэт маш олон төрлөөр харвадаг. Харин байг эртний ан гөрөө хийх уламжлалтай холбон хол ойроос нь шалтгаалж төрөл бүрийн амьтны дүрсээр хийдэг. Баавгай зэрэг том биетэй амьтдыг холын зайнд, туулай үнэг зэрэг жижиг биетэй амьтдыг ойрын зайн дахь харваанд тавьдаг. Байгаль дээрх амьтад зугтаж яваад, зогсож байгаад, цаашаа наашаа харж байгаад гэх зэрэг ямар ч нөхцөл байдалтай тааралддаг шүү дээ. Тиймээс тусгай шидэгч ашиглан хөдөлгөөнт байг онох төрлийг ч бас шинээр сэдэж оруулсан. Учир нь байгаль дээрх зэрлэг амьтад, шувуудыг харваж болохгүй учраас харваачдын хөдөлгөөнт бай онох арга техникээ сайжруулахад энэ арга илүү тохиромжтой, үр өгөөжөө өгч байгаа.

-Танай холбоонд бүртгэлтэй хичнээн харваач байдаг вэ?

-Харвааны бүхий л төрлүүдэд харваачид жигд хичээллэн оролцдог учраас манай холбоонд гэлтгүй бусад холбоодод тусгайлан харьяалагдаад, нэг төрлөөр дагнан хичээллэдэг харваач бараг байдагг үй. Миний хувьд халх үндэстэн. Гэхдээ бүхий л тэмцээнд оролцдог. Яг үүнтэй адил буриад харваач байлаа гэж бодоход урайнхай, уламжлалт, халх зэрэг өөрийн хичээллэхийг хүссэн харвааны бүхий л төрл өөр хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож байгаа. Аль ч харвааны төрөл тухайн үндэстн үүдийн өөрсдийнх нь бахархал учраас үндэстэн үндэстнээрээ өөрсдийн зохиож буй тэмцээнд арай түлхүү оролцдог.

-Ямар зорилго, зорилтыг өмнөө тавин ажиллаж байна вэ?

-Сайн харваачид бэлдэн гаргаж уламжлалт харвааг улам илүү хөгжүүлэхийг зорьж байна. Нэг үеэ бодоход төр засаг, спортын холбоод биднийг мэддэг, дэмждэг болсон нь сайшаалтай хэрэг. Ингэснээр ард түмэн уламжлалт харвааг танин мэдэж, хичээллэх боломж төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Манай холбооны хамгийн том зорилго бол өвөг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн уламжлалт харвааны энэ гайхамшигт өв соёлыг огтхон ч алдагдуулалг үйгээр үр хойчдоо өвлүүлэх, дээр дурьдсан түүхийн гашуун үнэнийг бодитоор нь мэд үүлэхийг л хүсэж явдаг.

Б.БУЯНДАЛАЙ