“Үхэгсдийг амьдруулагч” П.Н.Шастин Д.СҮХБААТАР ЖАНЖНЫГ ЭМЧИЛЖ БАЙЖЭЭ

2014 оны 09 сарын 29

 Өнгөрсөн баасан гаригт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг байгуулагдсаны 60 жилийн ой тохиолоо. Тус эмнэлгийнхэн ойгоо өргөн тэмдэглэж, нэр хүндтэй олон зочин баярынх нь арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Тэдний нэг нь П.Н.Шастины гэр бүлийнхэн байв. Тодруулбал, түүний дөрөв дэх үе болох гуч хүү Николай Павлович Шастин Монголд анх удаа ирж буй гэнэ. Түүнтэй уулзаад ярилцлага авах зорилгоо хэлэхэд огтхон ч цааргалалгүй, сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Улсын гуравдугаар төв эмнэлэг 1954 онд Төв больницаас салбарлаж бие даасан эмнэлэг болсон. 1960 онд тус эмнэлгийг П.Н.Шастины нэрэмжит болгон алдарт эмчийн хөдөлмөр гавьяаг мөнхжүүлсэн түүхтэй.

Бид өнгөрснөө мэдэж, өнөөдрөө бүтээж, маргаашаа урьдчилан хардаг мэргэн ард түмний үр сад гэгддэг. Гуравдугаар эмнэлгээр үйлчлүүлэгчид, залуу эмч, сувилагч, ажилтнууд төдийгүй Монголын ард түмэн, ирээдүй хойч үе П.Н.Шастин эмчийн талаар хараахан ойлголтгүй, энэ эмчийн хувь заяатай Гуравдугаар эмнэлэг ямар холбоотойг сайн мэдэхгүй. Тус эмнэлгийг яагаад түүний нэрэмжит болгосон, тэрбээр Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хэрхэн хүч хөдөлмөрөө гарган ажиллаж байсан чинхүү үнэн түүхийг гуч хүүгийнх нь ярианаас уншигч та мэдэх болно. Шастин докторыг монголчууд “Үхэгсдийг амьдруулагч эмч” хэмээн нэрлэж байсан гэнэ. Түүнээс гадна Шастиныхан манай улсад дөрвөн үеэрээ ирж ажилласан, монголжсон эмч нар байж. Гэр бүлээрээ монгол судлал, монголчуудын эрүүл энхийн төлөө, эрүүл мэндийн үйлсэд зүтгэсэн тухайгаа Николай Павлович Шастин ийн ярьж байна.

-Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Элэнц өвөөгийн тань нэрэмжит эмнэлгийн 60 жилийн ой тохиож байна шүү дээ. Түүний талаар ярихаасаа урьтаж уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Би ОХУ-ын Пироговийн нэрэмжит Москвагийн Анагаах ухааны II их сургуулийг 1976 онд хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. Одоо Москвагийн Филатовын нэрэмжит Хүүхдийн клиникийн эмнэлэгт гэмтлийн мэс засалч хийхийн зэрэгцээ “Медквадрат” хувийн эмнэлэгт ажилладаг. Анх сувилагчаар ажлын гаргаагаа эхэлж, өдгөө эрүүл мэндийн салбарт 40 дэх жилдээ ажиллаж байна. 1996 онд “Амбулаторийн нөхцөлд хүүхдийн дээд мөчний гэмтэлд дамжуулагч холбоосны арга нэвтрүүлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Хүүхдийн гэмтэл согог мэс заслын талаар нэг сэдэвт гурван бүтээл, эрдэм шинжилгээний 40 гаруй өгүүлэл бичсэн. Гурван хүүхэдтэй. Эхнэртэйгээ 32 жил ханилж байна. Орост гурван хүүхэдтэй айл олон хүүхэдтэйд тооцогддог. Том хүү маань менежер. Охин одоохондоо хүүхдээ хараад гэртээ байгаа. Харин бага хүү миний мэргэжлийг өвлөж, хүүхдийн мэс засалч болох гээд суралцаж явна.

-Шастин доктор яаж яваад Монголд ирж ажиллах болсон юм бол. Танай гэр бүлийнхэн яагаад монголчуудад ийм элэгтэй байдаг юм бэ?

-Элэнц өвөөгөө нас барснаас нь хойш яг нэг жилийн дараа би төрсөн л дөө. Тиймээс аав, эмээгийнхээ дурсамжаас л түүнийг эчнээ таньж, мэддэг болсон. Миний элэнц өвөө Эрхүү мужийн Куйтун гэдэг газарт санваартан гэр бүлд 1872 оны хоёрдугаар сарын 10-нд төрж, өссөн. Тэр Казанийн Анагаах ухааны их сургуульд чөлөөт сонсогч байгаад дараа нь Томскийн их сургууль төгсөж, мэс заслын их эмч болсон. Өвөө маань их мундаг хүн байсан. Тэр яагаад Монголд ирж ажиллах болсныг эмээ минь надад ярьж өгсөн л дөө. Ном товхимолд ч байдаг юм билээ. 1921 онд Д.Сүхбаатар жанжин Москва орох замдаа их хүнд өвдсөн гэсэн. Эрхүү хотод элэг, цөс, бэртэл гэмтлийн томоохон хагалгаануудыг анх хийсэн хүн нь манай элэнц өвөө байсан юм. Тухайн үед Д.Сүхбаатар жанжныг манай өвөө эмчилж, эдгээсэн юм билээ. Тиймээс танай Засгийн газраас тус онд байгуулагдсан Цэргийн яамны Эмнэлгийн хороо буюу Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороонд өвөөг маань ирж ажиллахыг урьсан байгаа юм. Ингэж л Монголын ард түмэнтэй манай гэр бүлийнхэн дөрвөн үеэрээ холбогдсон юм. Түүний аав нь ч бас 1864 онд Монголд ирж, Оросын консулын Үнэн алдартны сүмийн мессионер байсан гэсэн.

Шастин доктор танай улсад 14 жил ажиллахдаа Цэргийн эмнэлгийн ор, дэр, ширээ, сандлаа хэрхэн байрлуулах, тооцоо, санхүүгээс эхлэн төвд, Монгол эмнэлгийн лам нарыг хүртэл европ эмнэлэгт сурган, 150 мянган лангийн цалинтай ажиллаж байсан гэсэн. Эрүүлийг хамгаалах яам байгуулагдахаас өмнө түүнийг Дотоод яамны Эрүүлийг хамгаалах газарт томилж, нэг ёсондоо иргэний эмнэлэгт ажиллуулах болж. Эмээгийн хамгийн их ярьдаг дурсамж нь танай улсад гарсан тарваган тахлын үеэр өвөө маш хүнд нөхцөлд ажиллаж байсан гэнэ. 1926-1928 он хавьцаа байх. Эргэн тойронд нь хүн өвчилж, зарим нь үхэж байсан нь сэтгэлээс нь огт гардаггүй байсан бололтой. Тэрбээр Улаанбаатарт гарсан энэ өвчинтэй тэмцэх, одоогийнхоор бол Онцгой комиссын долоон гишүүний нэг байж л дээ. Тахлаас эхлэн бөөсний хижиг, улаан суулгатай тэмцэх комиссын гишүүнээр ажиллахын сацуу тарваган тахлын дуудлагаар аймаг, сумд руу олонтаа явж, голомтод нь ажиллаж байжээ. Мөн эмнэлэг, ариун цэврийн отряд урьж ирүүлэх шаардлагатайг анх хөндсөн. Элэнц өвөө минь Монгол Улсад анагаах ухаан, мал эмнэлгийн шинжлэх ухааны академийн анхны шавыг тавьж, хүн, малын эмч нарын “Эрдмийн эвлэл” хэмээх байгууллагын анхны тэргүүн нь хүртэл байв.

-Танай аав мөн Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвд (хуучнаар) олон жил ажиллаж байсан гэж дуулсан. Бусад нь манай улсад ямар ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Манай өвөө Николай Павлович Шастин 1926 онд Монголд ирээд есөн жил ажилласан гэсэн. Түүний эхнэр Тамара Николаевна Ященко Сонгино дахь Тахлын лабораторид нян судлаачаар ажилладаг байсан. Танай улсад анхны лаборатори байгуулсан гэх гуншин түүнд бас бий. Тэдний охин Нина Павловна 1924 онд энд ирж, 13 жил амьдарсан монголч эрдэмтэн. Та бүгд таних биз ээ. Зүүн Хүрээний шашны бүжиг “Цам” нэртэй анхны өгүүллээ бичиж, Монголын уран зохиолын оргилуудын нэг “Алтан товч”, “Шар тууж”-ийг төрөлх хэлнээ орчуулсан. Харин миний аав Павел Николаевич Шастин Монголд төрс өн юм билээ. Эцэг өвгийнхөө уламжлалыг залгамжлан 1965 оноос хойш зургаан жил Улаанбаатар хотын Хүүхдийн эмнэлгийн Мэс заслын тасагт их эмчээр ажиллаж байлаа. Түүний энэ хөдөлмөрийг нь үнэлж, танай улс “Найрамдал” медалиар шагнасан юм.

-Танайхан яагаад бүгд адилхан нэртэй юм бэ? Үгийн байрлалууд нь л өөрчлөгдөхөөс нэрнүүд нь яг адилхан. Ямар нэгэн учир утгатай юу?

-(Инээв) Манайхан бүгд бичиг, соёлын мөр хөөсөн улс. Хэрэндээ сэхээтнүүд. Айл бүр тодорхой уламжлал, дэгтэй байдаг шүү дээ. Шастин гэдэг нь ургийн овог юм. Бид овог удмаа авч үлдэхийн тулд нэршлээ сольдоггүй юм л даа. Ойлгомжтой тайлбарлавал, Шастин докторын аавыг Шастин Николай Петрович гэдэг. Тэрбээр хүүгээ Павел Николай Шастин гэж нэрлэсэн. Тэгэхээр түүний хүү нь Николай Павлович Шастин болно. Танайхаар бол Батын Дорж байлаа гэж бодоход Доржоос гарсан хүүг Бат, Харин Бат хүүгээ Дорж гэж нэрлэж байгаатай адилхан юм. Толгой эргэмээр байгаа биз.

-Элэнц өвөөгийнхөө талаар эргээд дурсах уу. Хувьсгал дөнгөж ялсны дараа манай улсад эмнэлэг гэх юмгүй, багаж, техник хэрэгсэл дутагдалтай үед ирж ажиллахад П.Н.Шастин гуайд хэцүүхэн байсан байх. Энэ талаар ямар нэгэн юм сонсож байв уу?

-Орон байрны хүрэлцээ, мэргэжлийн эмч, сувилагч байхгүй, эм хэрэгсэл бол юу ч үгүй. Ялангуяа, анхны жил бол маш хэцүү байсан гэж эмээгээсээ сонсож байсан юм байна. Тийм хүнд нөхцөлд өвчтөн хүлээж авч байсан гэдэг. Тухайн үед Өргөө (Улаанбаатарын өөр нэр) хотод эмчилгээний ажил лам нарын гарт байсан гэсэн. Цэргүүдэд зориулсан эмнэлэг гэхэд тун тохиромжгүй, хоёр жижигхэн модон байшин байж л дээ. Хамгийн тод санаж байгаагаар 1923 онд цэргүүдийн дунд гэдэсний халдварт өвчин гарч, тэр үед нэг цэргийн цус алдалтыг тогтоох гэж байгаад өвөө өөрөө халдвар авч, маш хүнд өвдсөн гэсэн. Өөрийгөө ч эмчилж чадаагүй, өөр нэг орос эмч өвчнийг нь илааршуулж өгсөн гэж дуулсан. Тэрбээр “Улаан цэргийн лазерат” гэдэг эмнэлэг байгуулж, 36 ортой, дотор, мэс засал, яр хүйтний зэрэг тасгууд ажиллуулж, Монголд эмнэлгийн салбар цэцэглүүлэхэд том алхам хийсэн. Элэнц өвөөг маань танайхан
“Үхэгсдийг амьдруулагч” гэж авгайлдаг байсан нь учиртай. Нэгэн удаа төвд эмнэлэгт залуу эмэгтэй нас эцэслэж, түүнийг цогцос хадгалах байр луу хүргэсэн юм билээ. Задлан шинжилгээ хийхээр Шастин докторыг очтол тэр бүсгүй хагас амьсгаатай байсан тул түүнийг аварч, эдгээжээ. Гэтэл тэр үед “Үхсэн хүн сэрж, шулмас болж гэнэ” гэж хүмүүс цуурч байсан гэдэг. Өөр
нэгэн явдал нь Хог дээрээс эсгийнд боолттой амьд хүн олсныг Шастин докторт хүргэж ирснээр тэрбээр мөн эмчилжээ. Лам нар түүнийг “Үхэх тавилантай хүн” гэсэнд гэр бүлийнхэн нь итгэж, эсгийнд ороон, хог дээр хаясан нь тэр байж л дээ. Тэр бүсгүй эдгэрээд, гэр бүлдээ эргэж очилгүй сувилагч болсон түүх ч бий. Бас өвөөд өвчтөнүүд нь бэлэглэсэн хоёр морь байсан гэдэг. Нэг мориороо ажилдаа, нөгөөгөөр нь анд явдаг. Бас ч үгүй анд хорхойтой хүн байжээ. Тэрбээр Монголд Задлан шинжилгээний дүрэм боловсруулаад, 1937 онд нутаг буцсан. Эмнэлгийн салбар олноор байгуулах, боловсон хүчин бэлтгэх, халдварт өвчний дэгдэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах, рашаан сувилал байгуулах зэрэг бүхий л асуудалд анхаарч, хувь нэмрээ оруулсан. Түүний гавьяаг танайхан хэзээ ч мартдаггүй. Тиймдээ ч Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнасан байх.


-Та эрүүл мэндийн салбартажиллахдаа мэдээж хэрэг тоймгүй олон хүүхдэд хагалгаа хийсэн байх. Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн хамтран ажиллах санал тавибал зөвшөөрөх үү. Хэрвээ тийм бол аль чиглэлээр хамтрах бодолтой байна вэ?

-20 жилийн өмнө гэхэд 20000 гаруй хүүхдийн гэмтэл, согогийг зассан байсан. Түүнээс хойш тоолж үзээгүй юм байна. Одоогоор бид Гуравдугаар эмнэлгийнхэнтэй ямар нэгэн байдлаар холбоогүй байгаа. Сая эмнэлгээр ороод гарлаа. Засвар хийж байна. Хэвийн үйл ажиллагаатай эмнэлэг тогтмол засвар хийж байх ёстой. Тэгвэл хөгжиж байна гэж үздэг. Яагаад гэвэл тоног төхөөрөмж, техник хэрэгсэл жил бүр шинэчлэгддэг. Эмнэлгийн удирдлагууд зангидсан гар шиг нэг баг болж ажилладаг нь надад маш их таалагддаг. Тиймээс хамтын ажиллагааны талаар ч ярьсан. Би элэнц өвөөгийнхөө хойчийг залгаж, энэ эмнэлэгтэй хамтран ажилламаар байна. Би тэр бүр Монголд  ирж чадахгүй. Намайг хүлээх олон зуун хүүхэд байна. Оюутнууддаа хичээл заана. Ажил ихтэй. Гэхдээ хамтын ажиллагааны чиглэлээ тогтчихвол мэдээж цаг зав гаргаж ажиллах болно. Би хүүхдийн мэс засалч болохоор энэ чиглэлээр ажиллах байх. Танай зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд тусалмаар байна. Тиймээс Зүрхний  мэс заслын тасагт ажиллах санаатай. Харж л байя, болох байлгүй дээ гэж хүмүүс ярьдаг даа (инээв).

 О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.92.27 3-р эмнэлгийнхэн үнэхээр сайхан ажил санаачлан хийжээ. Одоо энэ хүнтэй харилцаагаа улам өргөтгөж хамтран ажиллах хэрэгтэй