МУБИС-ийн лицей сургууль ирэх жилээс нэгдүгээр ангид элсэлт авна

2014 оны 09 сарын 26

МУБИС энэ хичээлийн жилээс лицей сургуультай болжээ. Тус ахлах сургууль нь математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд энэ жил X, XII ангидаа элсэлт авч байна. Ирэх хичээлийн жилээс I ангидаа элсэлт авах гэнэ. МУБИС-ийн Сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамираас энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдүүдээс ямар шалгалт авч, элсүүлж байна вэ?

-Түвшин тогтоох шалгалт авч байгаа. Нийт дөрвөн анги бэлтгэсэн. Одоогийн байдлаар нэг ангийн хүүхдийн тоо бүрдээд байна.

-Төлбөр нь хэд байх вэ?

-Төлбөрийн хэмжээг маргааш (өнөөдөр) Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж батална.

-Төгсөгчид МУБИС-д шалгалтгүй элсэх үү?

-Төгсөгчид маань аль ч түвшний их, дээд сургуульд элсэх чадвартай болж гарна. Кредит системээр хичээллэх учраас Монголын түүх, мэдээллийн технологи, ерөнхий эрдмийн хичээлээ I курстээ үзэхгүйгээр, тооцуулах боломжтой. Ингэснээр нэгдүгээр курстээ хоёрдугаар курсийнхээ хичээлийг үзэж, цаг хугацаа хэмнэнэ. Мөн англи хэлний сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Dynеd интерактив программын дагуу онлайн системээр явагдана. Байгалийн ухааны лаборатори, танхимаар бүрэн хангагдсан.

-Ямар багш нар хичээл заах вэ?

-Багшлах ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн, шавь нар нь болон өөрөө улсын, олон улсын олимпиадад түрүүлж байсан багш нар хичээл заана. Мөн манай МУБИС-ийн профессор, докторуудын удирдлага дор багш нар тухайн хүүхдийг ямар чиглэлээр мэргэшвэл зүгээр вэ гэдгийг “оношилно”.

-Бүртгэл хэзээ дуусах вэ. Бүртгүүлэхэд ямар материал шаардлагатай вэ?

-Аравдугаар сарын 1 хүртэл бүртгэнэ. МУБИС-ийн хичээлийн III байранд бүртгэж байгаа. Бүртгүүлэхэд суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх хэрэгтэй.

-Танай сургууль цэцэрлэгтэй болох гэж байгаа гэл үү?

-Тийм. Төлөвлөгөө хөтөлбөр боловсруулж, судалгаа хийн цэцэрлэг байгуулах Ажлын хэсэг гаргасан байгаа. Ирэх жилээс юм уу энэ өвлөөс үйл ажиллагаагаа явуулна.

 

Э.ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД