“БИД ДЭЛХИЙГ ГЭРЭЭ ГЭЖ ҮЗВЭЛ ОРОХ ОРНОО ШАТААЖ БАЙГАА ХҮМҮҮС”

2014 оны 09 сарын 26

 Гал голомтоо барьцаанд тавьж, хөл залгуулдаг унаагаа худалдан байж хөрөнгө босгоод 30 хэмийн халуун, хүйтний хооронд гадаа гандан, хөдөө хөхөрч 30 мянган км туулна гэдэг өгснийг нь идчихээд гэдсээ илээд хэвтэж байдаг зарим нэгний хувьд амьдралаасаа уйдсан гэмээр галзуу солиотой үйлдэл. “Зүгээр л амьтанд донтчихсон юм аа” гэсэн даруухан тайлбараар хэр баргийн хүнээс гарамгүй зоригт үйлдэлдээ халхавч хийсэн найман баатар бол “Хүрээлэн” төслийнхөн. “National geographic”, BBC сувгийн амьтны ертөнцөөр л байгаль дэлхийг төсөөлж, Африкт, гадаадад л сүрлэг, ховор сайхан амьтад байдаг мэтээр ойлгон, гадагшаа тэмүүлдэг хүмүүст Монгол орны үзэсгэлэнг, хөдөө нутгийн минь амьтдын сонин хачныг мэдрүүлсэн цуврал баримтат кино хийж, гайхалтай агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгасан эл ачтанууд бүтээлээрээ сэтгүүл зүйн дээд шагнал, “Балдорж” сангийн нэрэмжит уралдааны тэргүүн байрт шалгарч, 5000 ам.долларын эзэд болсон юм. Уг уралдааныг Улаанбаатар хотын банк дөрөв дэх жилдээ ивээн тэтгэжээ. “Хүрээлэн” төслийн санаачлагч У.Ганбаяр, ерөнхий продюсер М.Буянбадрах нартай ярилцсанаа хүргэе.

-В.А.Жанибеков сансарт нисэж ирээд миний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн гэж хэлсэн юм билээ. Зэрлэг байгалиар аялж, олон сар амьтадтай ойр амьдарснаар та нарын үзэл бодолд ямар өөрчлөлт орсон бэ?

У.Ганбаяр: -Хүн бол биологийн нэг төрөл зүйл юм билээ.

М.Буянбадрах: -Ганбаяр олон жил байгалийн зураг авсан, намайг бодоход орон нутгаар их аялсан туршлагатай. Харин би зурам, тарвага, цонхон дээр суусан болжмор, шаазгайнаас цаашихыг нь мэддэггүй явлаа. Харин энэ төсөлд оролцсоноор би ийм дүгнэлтэд хүрлээ. Намайг Буянбадрах, түүнийг Дондог, тэрийг Дулмаа гэдэг хэмээн хүмүүс бид хоорондоо л хүрээлэл үүсгэчихэж. Хүн төрөлхтөн оюун ухаантай, хорвоогийн эзэд, сансарт нисдэг, хот суурин сүндэрлүүлдэг, цахилгаан гаргадаг гээд л өөрсдийгөө дээгүүрт тавьчихаж. Гэтэл амьтны нийгэм гэдэг биднээс илүү ч гарахгүй, дутуу ч юмгүй зэрэгцээ ертөнц юм байна. Тэнд дарга цэрэг байна, эхнэр, нөхөр, үр зулзага хийдэг ажил, тэмцэл, шалгарал нь байна. Бид тэднийг өөрсдөөсөө дор гэж ойлгоод устгаж, хавчиж, сөнөөж байгаа нь харамсалтай.

-Балдорж сангийн уралдаанд оролцохдоо түрүүлнэ гэсэн итгэл байв уу?

У.Г: -Бид шагнал гардуулах ёслолын өмнөх шөнө нь хөдөөнөөс ирж хирнээсээ салаад маргааш нь ажил хөөцөлдөж яваад, 18.00 цагтай уралдаад л очсон.Танхим дүүрэн аваргууд сууж байхад мань хэд эхний 30-д шалгарсан байх, хаваасаг гэж бодоод сэтгэл өндөр байсан. Наадмын уламжлалаас харахад улс төр, нийгмийн асуудал хөндсөн, эрэн сурвалжлах нийтлэлүүд, ярилцлага шалгарч байсан учир мань мэт шиг ирвэс, мазаалай хөөцөлдсөн хүмүүс түрүүлнэ гэж бодоогүй.

-Танай төслийг 100 тэрбумаар санхүүжүүлсэн гэж дуулсан.

М.Б: -Улсаас, гаднын том байгууллагаас 100 тэрбумаар дэмжсэн гэх цуу байсан. 100 тэрбум аваагүй гэж 100 хувь баталгаатай хэлье. Гэхдээ тусалж дэмждэг байгууллагууд бий. Энэ онд “Оюутолгой”, “Моннис”, “Төрийн банк”, “Хүннү эйр” зэрэг байууллага зургаа сайн аваарай гэж санхүүгийн дэмжлэг үзүүлж, нэвтрүүлэг дундуур сурталчилгаагаа цацуулсан. Хүмүүс танай нэвтрүүлгээр ямар их сурталчилгаа гардаг юм бэ гэдэг. Дээрх нэр дурдсан байгууллагуудад ач буян санаж сурталчилгааг нь цацахын хажуугаар телевизүүд бидэнд цаг өгсний хариуд рекламаа гаргадаг юм шүү. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам биднийг ойлгож, сэтгэл зүрхээрээ дэмжин, томилолтын мөнгө зэргээр тусалсан. Төслөө анх гурван жил үргэлжилнэ гэж бодоод морь, машин, техникийн хэрэгсэлд нэг тэрбум орчим төгрөг тооцоолсон. Бидэнд нэг тэрбум байтугай, нэг зуун сая төгрөг өгсөн хүн байхгүй шүү. Хувийн унаа машинаа зарж, өр шир тавиад бор зүрхээрээ л явж байна.

-Одоогоор хэд орчим төгрөг зарцуулсан бэ?

У.Г: -Өрөөний түрээс, хоёр машин, түлш, аппарат хэрэгсэлд жилийн хугацаанд 300 сая төгрөг үрсэн. Манай багийн гишүүд энэ төслөөс нэг ч төгрөг гэртээ аваачиж үзээгүй. “Гамма” агентлагийн С.Цацрал ах бид хоёр гэрэл зурагнуудаа зарж, Буянаа цахим хуудсандаа сурталчилгаа тавиулах зэргээр бид ар гэрээ чадан ядан тэжээж байна. Энэ онд өрнөөсөө гарах зорилготой. Харин ирэх жилд хийсэн бүтээлээрээ зурагт хуудас, хуанли, ном, ил захидал хэвлүүлье, бэлэг дурсгалын зүйлс, тэмдэг хийлгэе гэж төлөвлөж байна.

-Олон хоног хээр явж, мөнгө олохгүй ажил хийхээр гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?

М.Б: -Эхнэрүүд биднийг ойлгодог учраас л ийш, тийш явж байна. Түүнээс биш, есдүгээр сарын 1-нд ааваараа хөтлүүлж хичээлдээ очихыг хүсдэггүй хүүхэд, төрсөн өдрөөр нь өрхийн тэргүүн хойморт суугаад бялуу хуваахыг хүсэхгүй эхнэр гэж байхгүй шүү дээ. Мэдээж, яваад өгөөч, бушуу тэр амьтны зураг дараад ир гэхгүй. Биднийг тэсэж, хүлцэж, хүлээж байдаг эхнэрүүддээ баярлалаа гэхээс өөрийг хэлж чадахгүй юм даа.

-Ийм нүсэр, хүнд хүчир хөдөлмөртэй төсөл эхлүүлэхэд санал нэгдэн баг бүрдүүлэх хэцүү байх. Урьд нь бие биенээ таньдаг байсан уу?

М.Б: -Тийм ээ. Ганбаяр санаачилсан. Өөрсдийгөө байгаль хамгаалагч гэж томоор нэрлээд байгаа. Гэхдээ хамгаалагч гэхээр ногоор эрээн хувцас өмсөөд, “Ямаха”-гийн мотоцикль унан, Богд уул тойроод, майхан барьсан хүмүүсийг хөөж туун, уул уурхайн компаниудыг шантаажилж, хэдэн төгрөг салгадаг хүмүүс гэсэн үг биш шүү. Байгаль орчин доройтож, бохирдсоноос болж, амьтад хорогдож байна. Зүгээр суулаа гээд 10 жилийн дараа гэнэт сэргээд сайхан болчихгүй. Энэ бүгдэд хүн буруутай хойно хүүхдүүдэд хаана, ямар зэрлэг амьтад байдгийг таниулах хэрэгтэй. Мэдсэний үндсэн дээр хайрлана. Тэгээд хамгаална гэж бодсон. Зүгээр л чаддаг юмаа хийнгээ таниулъя, мэдүүлье, хуваалцъя гэж шийдсэн.

-Анчидтай таарч байв уу?

М.Б: -Анчдыг загнадаг хүн нь тэр сууж байна. (Зургийн дарга Л.Батааг заав) Зун Хөвсгөлд хориглосон ан хийж яваа хүмүүстэй таарсан. Бид ямар засаг төрөөс яваа биш, арга хэмжээ авч торгох боломжгүй тул ухуулж сэнхрүүлээд өнгөрөхөөс өөр аргагүй. Айх нэг нь айна, айхгүй нь та нар хэн юм бэ л гэнэ. Нөгөө “Үзэгнээс өөр зэвсэггүй айлыг Үнэндээ тэд мэдсэн бололтой” гэж дуунд гардаг шиг зургийн аппаратаас өөр зэвсэггүй хүмүүсийн үгийг тоохгүй шүү дээ.

-Амьтны амь хороохыг юу гэж боддог вэ?

У.Г: -Анчид бидэнд буугаа бэлэглэж байгаа. Танай нэвтрүүлгийн “Ангийн буугаа аппаратаар сольё” уриа таалагдлаа. Ан хийхээ болилоо, зураг авдаг болно. Миний бууг зарж, дараагийн аяллын зардлаа олоорой” гэсэн хүмүүс бий.

М.Б: -Агнуурын зориулалтаар популяцид нь аюул учруулахааргүй, агнаж болох тоотой, хуулиар зөвшөөрөгдсөн ан хийж болно гэж боддог. Дэлхийн улс бүрт ангийн дэлгүүртэй, манайд ч гаднын жуулчдыг ан хийлгэж, улсын төсөвт орлого оруулдаг.

-Та нарыг амьтдад “хайр зарлаад”, хорхойд ч хоргүй болсон гэж бодож байлаа.

М.Б: -Байгальд хүчтэй нь хүчгүйгээ барьдаг шалгарлын хатуу хууль үйлчилдэг. Хүчтэй нь сул доройгоо барьж идэж байж л амьд үлдэнэ. Махчид цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Байгаль бидэнтэй бидэнгүй авдгаа авч, амьдруулдгаа үлдээн аливааг зохистой хэмжээнд барьдаг. Хүн ч гэсэн нэг төрлийн махчин. Бид ямар ганданд шавилдаг биш. Зараа өвөртөлж унтах хэмжээнд амьтадтай нөхөрлөөгүй ээ.

У.Г: -Манайхан амьтан харахаар хийморь сэргэдэг гэж ойлгодог юм уу, хөөж туудаг. Үргээх тусам улам л холдоно. Бид говьд хулангийн зураг авч байхад пургонтой нөхдүүд гарч ирээд өнөө хулангуудыг хоёр тийш хөөсөн. Бид амьтдыг үргээж, амгалан тайван байдлыг нь алдагдуулан, амьдрах орчныг нь үймүүлдгээ болих хэрэгтэй болов уу.

-Хоёр гол баатартай гэрэл зураг харж байна гэж төсөөлье. Нэг дүр нь гараа өргөн өвдөг сөгдөөд өршөөл эрж байгаа бол нөгөө нь түүнд буу тулган зогсож байна. Та хоёр хүний амь хороох гэж буй нэгнийх нь оронд байхыг илүүд үзэх үү, эсвэл амиа алдсан нь дээр үү?

М.Б: -Тэдний гэрэл зургийг дарж байгаа зурагчин байхыг л хүснэ. Тийм агшныг хальснаа буулгаж байгаа зурагчин л арай азтай юм даа.

-Тэгвэл аялах хугацаанд сэтгэл эмзэглэмээр зүйлтэй таарч байв уу?

-Бид ихэнхдээ хүнгүй зэрлэг байгалиар явдаг. Тэнд байгаль онгон дагшин хэвээрээ хэрнээ хүн их явдаг замын дагуу хог, лааз хөглөрөөстэй. Амьдарч байгаа дэлхийгээ, Монголоо гэрээ гэж үзвэл бид орох орноо шатааж байгаа хүмүүс.

-Манай малчдыг зочломтгой гэдэг. Хүн чанар нь хэвээрээ байна уу, эсвэл орчин үежчихэж үү?

У.Г: -Халуун дулаан улс шүү дээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг дарга Н.Мягмаржав тэргүүтэй зочломтгой удирдлагууд, хилийн цэргүүд, байгаль хамгаалагч, малчинтай олон уулзсан. Биднээс хэдэн төгрөг холгочих юмсан гэх хүнтэй таараагүй. “Та нарыг өнөө шар толгойтнууд, япон солонгос гэж бодсон чинь манайхан байна” гээд нутаг орны сонин сайхан яриад, хаана ямар зэрлэг амьтад байгааг зааж өгнө. Бидний нэвтрүүлгийг алдаг оног үздэг болохоор таниад, материаллаг зүйлээр туслахгүй ч, манайд цай уугаад яв, өлсөж цангаж байна уу, “Та нар шүү” гэж урам хайрладаг.

-Хөл гараа хөлдөөх, могойд хатгуулах нь энүүхэнд биз?

М.Б: -Машинаар явахад ажрахгүй л дээ. Саяын аялалд долоо хоног, 200 км зайд тайга, хад асга, шавар, намагтай газраар морьтой явсан. Морь унасаар зарим нэгний эмзэг хэсэг хэцүүдсэн тохиолдол бий. Багийн гишүүдэд халуурах, гэдэс, хоолой өвдөх, нохойд хазуулах, хөл холгох зэрэг бэрхшээл тулгарч байсан ч илүү эрсдэлтэй, ачааны тэргээр машинаа хот руу ачуулах хэмжээний ноцтой зүйлтэй таараагүй. Манай зураглаач, зурагчид өөрийгөө бөөцийлөхөөс илүүтэй өнөө камераа дулаалж, анхаардаг.

У.Г:-30 хэмийн хүйтэнд зураг авахад хуруу тасарчих гээд, уйлах шахан майханд хонох үе байлгүй яах вэ. Нэг удаа Өмнөговийн Гурван тэсэд онхолдохоо шахсан. Говийн зам харахад хайргатай хэрнээ дунд нь сул элс ихтэй байдаг. Хоёр машинтай тулдаа нэгнээ татаж байж гарсан. Ганц тэрэгтэй явсан бол ойрын 300 км айл амьтангүй, унд усгүй, алдуул малгүй тул хүнд байдалд орох байсан.

-Монголчууд уул ус бүхэн лус савдагтай гэдэг. Тайлагдашгүй хачирхалтай зүйлстэй таарсан уу?

М.Б: -Ингэж асуухад чинь зургаан хөлтэй хонины зураг авах гээд мартсанаа саналаа. Шинжлэх ухаан өдгөө юу байдаг, байдаггүйг батлаад, амьтдыг ангилсан. Бид шинжлэх ухаанч хүмүүс. Ганданд очдоггүй. Байгалийн хачин, сонин үзэгдэлтэй таарч байсангүй.

-Төдөн зүйлийн хөхтөн, хэвлээр явагч Монголд байдаг гэж албан ёсны тоо бий. Та нар хэд орчмынх нь дүрсийг баримтжуулсан бэ?

У.Г: -Манай аялал эхлээд 10 сар болох хугацаанд барагцаалбал нийт амьтдын гуравны нэгийнх нь дүрс бичлэгийг хийжээ. 138 зүйлийн хөхтөн амьтдаас 50 гаруйг нь, 487 төрлийн шувуунаас 100 орчмыг, зургаан зүйлийн хоёр нутагтнаас гурвынх нь зургийг авсан. Ажил төлөвлөсний дагуу л явна.

-Бүртгэлд ороогүй шинэ содон төрөл Монголд байгаа болов уу?

У.Г: -Монголын өргөн уудам нутгаас юу ч гарч ирж магадгүй. Бид нэг амьтны зураг дараад биологичдод үзүүлэхэд шинжлэх ухаанд бүртгэгдээгүй амьтан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бидэнтэй таарсангүй.

-Ном сэтгүүл, цэнхэр дэлгэцээр үзсэн амьтдаа дэргэдээс нь тусгайлан ажиглахад хамгийн их сэтгэл татсан нь юу байв?

У.Г: -Шувуудаас цэн тогоруу, цагаан тогоруу, цагаан шонхор хачин үзэсгэлэнтэй юм билээ. Дэлхийд 5000 байдаг цэн тогорууны 40 орчим хувь нь Монголд зусдаг. 3000 тоо толгойтой цагаан тогорууны есийг нь харлаа.

М.Б: -Харин би дэргэдэх амьтдаа яримаар байна. Биднийг багад зуны гэрийн даалгаварт 10 зурамны арьс авч ир гэдэг байсан учир тэднийг багагүй шоглож явлаа. Хөдөөгүүр явахад машин замын хажуугаар дүүрэн зурам байдаг ч нарийн анзаардаггүй байж. Бид өнгөрсөн хавар зурамны нүхний аман дээр жижиг дуран байрлуулсан юм. Ойрхноос харахад нүд ам нь ямар хөөрхөн амьтан бэ, шөмбөлзөөд, сүүлээ гозгонуулж гүйгээд л... Бас тарвага хөөрхөн. Хустайн байгалийн цогцолбор газарт тарвага ичээнээс гарахын өмнө нүдэнд нь дасгах зорилгоор майхнаа бариад үлдээсэн. Майхнаасаа зургийг нь авч амьдралын явцыг нь ажиглахад нүхнээсээ гарч ирээд нүүрээ угаачихаад, хоорондоо ноцолдоод л хачин хөөрхөн.

-Камер гацах зэргээр тухайн агшныг харамсалтайгаар алдсан тохиолдол олон уу?

У.Г: -Дурангийн фокус таарахгүй, техникийн хүчин чадлаас шалтгаалах, нар үүлний цаагуур орох, өөрийн ур чадвараас болж гайхамшигтай агшнууд алдах үе бий. Тухайлбал, морьтой олон км ядарч яваад арай гэж хоёр хандгайтай таарсан хэрнээ алдаа гаргасан. Морио жалганд, модны араар нууж уясан байсан юм. Гэтэл хандгай бидний морьдыг хараад сэжиг авч, буцаад мод руу орчихсон. Хандгай уулын оройгоос уруудаж байсан учир өнөө жалга нь алганы хонхорхой шиг ил тод харагдана гэдгийг тооцоолоогүй хэдхэн зураг дараад алдсан. Амьтад гэдэг аргамжаатай морь мал биш, муу санаатай, соргог учир тэдэнд ойртоход ур чадвар их шаарддаг. Салхи хаанаас салхилахыг, нарны байдлыг, газар аль талдаа илүү өгсүүр байгааг, зугтвал хаашаа явахыг нь хүртэл нарийн тооцоолно.

-Та нарт хүссэн хэмжээний мөнгө байсан бол юу хийх вэ?

М.Б: -Бид мундаг техник хэрэгсэлтэйдээ санасандаа хүрсэн зураг авчихаад байгаа юм биш. Тарваганы нүхний ойролцоо майхан барьж дасгаж зураг авах биш, нүхэнд нь орж, нуруунд нь камер суулган яаж ичдэг, хэрхэн үржилд ордог, төллөдгийг нь баримтжуулмаар байна. Хөндийд бэлчиж буй 20 мянган зээрийн сүргийн дүрсийг нисдэг тэргээр дээрээс нь бичмээр байна. Усанд жижиг камер оруулж дүрс авалгүй, өөрсдөө шумбамаар байна.

У.Г: -Зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг авдаг мэргэжлийн техникчийн үе тасраад хэдэн жил болжээ. Хамгийн сүүлд 1980-аад онд Үндэсний телевизийнхэн улсын бодлогоор л нэвтрүүлэг, кино хийж байж. Кино урлагийн түүхэнд ганц л хүн бичлэг хийдэг байсан нь Уртнасан гуай. Гэрэл зургийн түүхэнд Самдан гэж хүн байдаг. Байгаль, амьтдын зургийг зүгээр нэг чанартай камертай хүн дарчихдаг эд биш. Арга, технологи хэрэгтэй, олон төрлийн мэргэжлийн ур чадвар шаарддаг. Хаданд авирч, усанд шумбадаг болж, нисэхээс бусдыг л хийх шаардлагатай.

-Урт аяны дараа гэртээ ирэх ямар байдаг бол?

М.Б: -Дулаан хөнжилд унтах, халуун усанд орох, зурагт үзээд хэвтэх хэсэгтээ сайхан. Гэхдээ бүгчимдээд хэцүү. Хотод ирэхээр бөөн бухимдсан хүмүүс, утаа униар, машины бөглөрөл, алхах бүрт мөнгө, байн байн утас дуугараад л...

-Ганбаяр ахыг Ерөнхий сайдын албан ёсны зурагчин байсан гэж дуулсан. Өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Хоёр жил хагас Ерөнхий сайдын зурагчин хийсэн. МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газарт лаборант хийж, ажлын гараагаа эхэлсэн. Гэрэл зурагчин болоод 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд ажиллахдаа манай зурагчид нэг төрлөөрөө мэргэшиж ажилладаггүй юм байна гэдгийг анзаарсан. Гадаадад бол байгалийн, ан амьтны, урлагийн, загварын гээд л төрөл бүрээр дагнасан зурагчин бий. Би аялах дуртай. Аялахаараа амьтны зураг дарах дуртай. Тиймээс энэ чиглэлээр дагнадаг болсон.

-Гэрэл зураг дэлхийн хэл учир сэтгүүлчдээс илүү зурагчид Пулитцерийн шагнал авахад илүү ойр гэдэг. Гаднын гэрэл зургийн уралдаануудад бүтээлээ сойдог уу?

-Гаднын уралдаануудад зургаа илгээх талаар бодож амжаагүй л явна. Эхлээд монгол оюуны өмчийн сангаа бүрдүүлж, хийсэн юмтай болох хэрэгтэй. Дараа нь болох байлгүй дээ. Эхний ээлжинд ямар ч байсан төслөө эхлүүлье, хэвшүүлье. Цаашдаа гайхуулах, өрсөлдүүлэх амбийц өчнөөн олдоно.

-Буянбадрах ахыг хэдэн жилийн өмнө “Монголоо хайсан монгол” нэртэй угсаа нэгтнүүдийнхээ тухай сурвалжилсан нэвтрүүлэг хийж байсныг мэднэ. Хэдийгээр ахуй амьдрал, хэл нь өөрчлөгдсөн ч монгол угсаатнуудын нийтлэг зүйл юу байв?

-Азийн бусад оронтой харьцуулахад эмэгтэйчүүдийн эрх мэдэл эрчүүдийнхээс их байдгаараа ижил. Монгол эмэгтэйчүүд шиг өрхийн төсвөө барьдаг, хүүхдээ аль сургуульд оруулахаа шийддэг, нөхрөө загнадаг эхнэрүүдтэй улс ховор. Бусдыг бодвол нэрэлхүү, омогшуу, онгироо зэрэг нийтлэг шинж байна шүү.

-Ямар үед монгол гэдгээрээ хамгийн их бахархсан бэ?

-Онгоцны буудал, хил дээр соёмботой улаан паспорт үзүүлэх сайхан шүү дээ. Тусгаар улсын иргэн байна гэдэг тэс ондоо юм билээ. Би тэнэгтэнэ үү, балайрна уу, хэнээс ч асуухгүй, миний дур учир сайхан шүү дээ. Биднээс хэчнээн баян, олон давхар хаус, үнэтэй машинуудтай байлаа гээд шинэ жилээр төрөлх хэлээрээ ерөнхийлөгчийн мэндчилгээ сонсож чадахгүй байна гэдэг эмгэнэл. Хэдэн зуун сая хүний дунд хэдхэн мянгуулаа, угсаагаа алдахгүй амьдарна гэдэг хэцүү. Харахад материаллаг талаасаа жаргаад байх шиг хэрнээ оюун санаагаараа, өөрийгөө тодорхойлох зүйлээрээ үндэсний цөөнх байна гэдэг ямар олиг байх вэ дээ. Баахан шар толгойтой хүүхдийн дунд хар үс, онигор нүдтэй, хэлийг нь мэдэхгүй, хамгийн арын ширээнд суухын зовлонг бид мэдэхгүй өссөн. 76 гишүүнээ харааж, ерөнхийлөгчөө муулаад, амьдрал хэцүү байна гэж бухимдаж суух нь хажууд нь жаргал байхгүй юу. Тусгаар улсын иргэн учир зовсон ч, жаргасан ч миний сонголт. Харин тэдэнд сонголт байхгүй.

-Балбын шоронд таван жил хоригдсон монгол ламыг суллагдахад тусалж байсан тухайгаа ярихгүй юу. Одоо тэр хүнтэй холбоотой байдаг уу?

-Энэтхэгт сурч байсан лам бичиг баримтын зөрчлөөс болж учраа олохгүй торгуульд унаад, мөнгө олох гэж нутаг руугаа явах замдаа хилийн дэглэм зөрчин Балбад саатуулагдаад, барьцааны мөнгөгүйн улмаас хоригдсон. Монгол хүнд мөнгөө залилуулснаас болж шоронд орсон. Балбад таарсан лам энэ тухай хэлж, бид цагаачлалын албаныхнаар дамжуулан хүүтэй уулзаж учрыг мэдээд нутгийнханд хэл дуулгасан. ГХЯ-ынхан оролцож, нутгийн иргэд мөнгөөр тусалж, хүү удалгүй нутагтаа ирсэн. Өнгөрсөн жил Дорнодод явж байхад намайг нутагт нь очсоныг дуулаад ирж уулзаад хонь бэлэглэсэн.

-Таныг “Мэдээллийн сайтуудын ассоциаци”-ийн удирдах зөвлөлийн гишүүн гэж дуулсан. Цахим хэвлэлүүд олон нийтэд их нөлөөтэй болсон ч нэгнээсээ хуулдаг, найруулга, дүрмийн алдаатай бичдэг зэрэг олон дутагдалтай. Цахим сэтгүүл зүйг мэргэжлийн болгохын тулд яах ёстой вэ?

-Монголд цаасан хэвлэл хөгжөөд 100, радио үүсээд 90 жил болж байна. Интернэт хэдхэн жилийн өмнө үүссэнийг бодохоор цахим сэтгүүл зүй харьцангуй залуу салбар. Хүнтэй зүйрлэвэл дөнгөж хөлд орсон, удахгүй хэлд орох гэж байгаа хүүхэд. Тэгээд хөтөвчөө хайдаг болно, сургуульд орж, эр өсөж, эсгий сунана. Технологийн дэвшил, хувьслаас болж харин ч хурдан том болж байна. Хүүхдүүд улаан бурхан тусдаг, тархи нь хөдөлдөг, хөл гараа шалбалдаг, гүйлгэдэг. Үүнтэй адил өсөлтийн үед тохиолддог зүйлсийг туулж яваа. Алдаа дутагдал, буруу зөрүү, хариуцлагагүй юм их бий. Тэгэхдээ шар хэвлэлийн эрин үе, манай телевизүүдийн анхны нэвтрүүлгүүдийг үзвэл инээдтэй юм их бий. Энэ өсөлтийн шаттай л холбоотой.

-Төслөө дуусгаад юу хийх бол?

-Сэтгүүлтэй болно, чадвал Монголын газар зүй, амьтны ертөнцийн сувагтай болмоор байна. Төрийн ордонд болсон үйл явдлыг арван талаас нь дүрс аваад орой адилхан мэдээ цацдаг, тэгснээ зохиолын дуучдын клип явуулаад, араас нь солонгос кино гаргадаг нэг янзын телевизүүдтэй байснаас нэг нь спортын төрлөөр дагнаад, нөгөө нь бурхан шашны нэвтрүүлэг явуулж, эсвэл зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан мэдээллүүд хүргэдэг байя л даа. Тэр дунд нь Монголын амьтдын тухай суваг яагаад байж болохгүй гэж. Монголчууд бид санаачлаад хийе гэвэл өчнөөн ажил бий. Ганцхан манай төслийнхөн хийх үүрэгтэй, өртэй улс биш шүү. Дуртайдаа л ингэж яваа. Зөвхөн бид дангаараа хийнэ гэвэл бүтэхгүй. Монголчууд хамтрах хэрэгтэй.

 

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.115 Ok
150.129.143.90 Amjilt sanaa zuv bol zaya zuv uils tani urgelj butej yavah boltugai
103.229.120.67 sain zuiliin toloo ikh zuil hiisen ta nartaa bayarlalaa. tsaashdiin ajild tani amjilt husii