Шалгалтад хамрагдсан хоолны газрын 49.3 хувь нь нянтай байжээ

2014 оны 09 сарын 25

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын байцаагчид өнгөрсөн гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг шалгажээ. Нийслэлд хоолны 3000 гаруй газар бүртгэлтэй. Үүнээс 2014 онд шалгалт хийхээр хоолны 304 газрыг сонгон НМХГ-ын цахим хуудсанд нэрийг нь байршуулж, 290-ийг нь шалгалтад хамруулснаас 49.3 хувь нь нянгийн бохирдолтой байсан аж. Шалгалтад солонгос хоолны 73 газар хамрагдсан бөгөөд амтлагч их хэмжээгээр хэрэглэдэг, амтлагч нь хаана үйлдвэрлэсэн, орц, найрлага, хэрэглэх заавар нь тодорхойгүй зэрэг зөрчил илэрчээ. Энэ талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч О.Нямдаваагаас тодрууллаа.

-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?

-Ажиллагсад ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал эзэмшээгүй, үйл ажиллагаандаа хэвшүүлээгүй, ажлын байрны цэвэрлэгээг сайн хийдэггүй зэрэг нийтлэг зөрчил ихэнх хувийг эзэлж байна. Мөн зориулалтын бус байранд, орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг зөрчил олон илэрсэн. Уг нь мэргэжлийн байгууллагаар зураг төслийг нь гаргуулсан зориулалтын байранд хоолны газар ажиллуулах ёстой. Түүнчлэн удирдлагаар нь мэргэжлийн бус хүн ажилладаг, эрх зүйн орчин, тавигдах шаардлагуудыг мэддэгг үй, зөвхөн ашгаа урьтал болгодог, хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар доод хүмүүстээ шаардлага тавьдаггүй, өдөр тутмын хяналт хийдэггүй нь зөрчил гарахад нөлөөлж байна. Мөн олон үндэстний хоолны газрууд чанарын баталгаагүй, бүртгэлгүй төрөл бүрийн амтлагч хэрэглэдэг.

-Зөрчилтэй газруудад ямар арга хэмжээ авсан бэ?

-Нийт 2142 зөрчил илрүүлсэн. Үүний 1816-г шалгалтын явцад арилгууллаа. Аж ахуйн нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөн. Албан шаардлагын гүйцэтгэлийг хянахад үүрэг даалгаврын биелэлт 89 хувьтай байна. Зориулалтын бус байртай, талбайн хэмжээ хүрэлцээгүй, хүнсний аюулг үй байдлын шаардлага хангаагүй газруудын үйл ажиллагааг түр зогсоосон.

-290 аж ахуйн нэгжийн хэд нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байсан бэ?

-Зориулалтын биш, ажлын байрны стандартын шаардлага хангаагүй зэрэг барилга байгууламжтай холбоотой зөрчил 41 хувийг эзэлж байна.

-Шалгах газруудын нэрсийг цахим хуудсаараа зарладаг нь зөрчил, дутагдлаа нуух боломж олгоод байгаа юм биш үү?

-2010 оноос эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоонд шилжсэн. Энэ үеэс тухайн онд хяналт шалгалтад хамруулах байгууллагын нэрийг цахим хуудсаар зарлаж, шалгалт хийхээсээ өмнө мэдэгддэг болсон. Байгууллагууд шалгалтаас өмнө засвар, тохижилтоо хийдэг. Алдаа дутагдалгүй байлгах гэж л шалгадаг. Өмнө нь бол хэлэхгүй гэнэт очдог байсан.

-Төвлөрсөн усан хангамжид холбогдоогүй хоолны газрууд байгаа гэсэн.

-Гэр хорооллын захад үйл ажиллагаа явуулдаг ихэнх хоолны газар төвлөрсөн усан хангамжинд холбогдоогүй байна.

-Хоолны газруудын ихэнх нь шингэрүүлсэн хий ашигладаг. Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа газрууд үүнийг хэрхэн хэрэглэх ёстой вэ?

-Эрчим хүчний тухай хуульд хоёроос дээш давхар барилгад шингэрүүлсэн хий, гаазын зуух ашиглахыг хориглодог.

 

Э. ЭРДЭНЭЦЭЦЭГ