Аймгийн арслан Б.Гончигтавхай: Г.Эрхэмбаяр аваргыг их биширдэг

2014 оны 09 сарын 25

Бөхийн хүрээнийхэн уран гараа дэвээтэй, угсраа даацтай мэхтэй Бат-Очирын Гончигтавхай хэмээх залууг андахгүй мэдэх болжээ. Тэрбээр “Аварга” дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийг өнөө жил төгсөнө. Түүнийг улсын цолд ойрхон бөх буландаа урилаа.

-Бөхийн спортод хөтөлсөн анхны багш тань хэн байв?

-Миний анхны багш аймгийн заан Ш.Наранбаяр. Анх 2009 онд бөхийн спортыг сонирхон хичээллэж эхэлсэн. Одоо ч багшаараа бөхийн эрдэм заалгасаар л явна.

-Бөхийн удамтай юу?

-Манай дээд удамд “ураа” Шар гэж бөх байсан гэдэг юм. Тухайн үедээ хошуу нутагтаа их сайн барилддаг байсан юм гэнэ лээ. Одоогийнхоор бол аймгийн заан ч юм уу арслан цолтой бөх байсан юм уу даа.

-Цол гэснээс анх хаана ямар цол авч байв?

-Анх 2010 онд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үзүүрлэж 18 насандаа сумын начин болж байсан.

-Өсвөр, залуучуудад хэр амжилттай барилдаж байсан бэ?

-Өсвөрийн улсын аварга Хэнтийд болоход нэг удаа оролцсон. Эхний өдөр уналгүй 15 давж байлаа. Дараа өдөр нь тийм ч сайн барилдаагүй болохоор дээгүүр байр эзэлж чадаагүй. Харин залуучуудын улсын аваргад хувийн дүнгээр XI байрт ороод, манай “Аварга” дээд сургуулийн баг түрүүлж байлаа.

-Өөрийн чинь хувьд анх сайн барилдсан барилдаануудын нэгийг би хувьдаа Гиннесийн 6000 бөхийн барилдаан гэж боддог. Тэр барилдаанд дөрөв давсан цөөн заануудын нэг байсан даа?

-Би тэр барилдааны гуравын даваанд Ч.Батзориг зааны дүү а.н Ганболд, дөрөвт у.н Р.Цоггэрэл ахыг даваад тавын давааны нугалаанд а.а А.Сүмбээд унаж байсан.

-Барилдааныхаа онцлогийн талаар яриач?

-Би ер нь их хурдан шуурхай барилдахыг хичээдэг. Тийм болохоор баруун зүүн хөл авах, хутгах, хонгодох, давхар хамах зэрэг мэхийг хийж барилддаг.

-Саяхан болсон аймаг цэргийн цолтны барилдаанд Дорнод аймгийн арслан П.Мөнхбатыг золгооноос гар ачиж давсан. Энэ төлөвлөсөн мэх байв уу?

-Би ер нь тийм мэх хийнэ, тэгж барилдана гэж боддоггүй. Ерөнхийдөө барилдааны явц дунд л таарсан мэхийг хийж барилдахыг хичээдэг. Сая Мөнхбат ахад тумбарайдуулаад, ардаа алдаад тогтсон. Тэгээд золгонгуут гар ачиж давсан. Өнгөрсөн жил Архангайн Бадарч арсланг бас гар ачиж давж байсан.

-Мэхийг ер нь төлөвлөдөггүй гэлээ. Тэгвэл энэ хүнийг ингэж хаяна гэсэн бодлоор барилдаад давж байсан тохиолдол бий юу?

-Мэхийг бол яг тэгнэ ингэнэ гэж төлөвлөхгүй л дээ. Ерөнхийдөө цаад хүнийхээ онцлогт тааруулж тиймэрхүү маягаар барилдана даа гэж бодно. Өнгөрсөн жил одоо начин болсон Ч.Батчулуун ахтай таарч барилдаад давхар хамаад давсан. Өмнө нь би хоёр удаа унаж байсан юм. Сүүлд таарахдаа “Давхар хамаад үзье” гэж бодоод шийдэмгий барилдсан учраас давсан байх.

-Нэгэнт мэх ярьсных өнөө жилийн Говьсүмбэр аймгийн наадмын тавын давааны талаар асуулгүй бол болохгүй нь. Тэр наадмыг үзсэн хүмүүс тавын даваанд Архангайн Э.Ванданцэрэн арслан та хоёр ч тунаад их сайхан барилдаан болсон гэж байсан?

-Бөхийн өргөөнд түрүүлж, үзүүрлэж байсан мундаг арслантай тунаад сайхан барилдаж давсан шүү. Би барилдаж эхлэхдээ “Энэ хүнтэй золгож барилдаж болохгүй, золгох л юм бол унана” гэж бодсон. Тийм болохоор ажиллаж барилдах нь зүйтэй гэж санаад өмссөн, хутгасан, зүүн хөлийг авсан. Ванданцэрэн арслан их сайн хамгаалсан. Ер нь мэх хийгээд унахгүй байгаа юм чинь өөрөөр нь мэх хийлгэж дагуулж мэх хийгээд ч юм уу, хуурч хаях юм байна гэж бодоод зүүн хөлийг нь авах дүр үзүүлээд буцааж татаад давсан.

-Тав дээр тунаад давжээ. Дараа дараагийн даваанд ямар барилдаан хийж арслан болов оо?

-Зургаа дээр бөхийн тайлбарлагч Ц.Батнасан ахын дүү, Энхболдтой тунаж барилдаад давсан. Долоо дээр Азаа ах маань амласан. Үзүүр түрүүнд улсын харцага Оюунболдтой барилдаад давж түрүүлсэн дээ.

-Э.Оюунболд харцага та хоёр нэг сургуульд сурдаг найзууд. Үзүүр түрүүнд гуйлт буулт ч гэдэг юм уу ямар нэг яриа байв уу?

-Бид үе тэнгийн сайхан найзууд. Том наадмын үзүүр түрүүнд шалгараад шударгаар сайхан барилдаад л давсан.

-Арслан болоод улсад барилдсан. Гурвын даваанд улсын цолтнууд амлалгүй үлдээж үе тэнгийн залуу арслантай барилдсан шүү дээ. Тунана гэдэг тун сайжирсны шинж гэдэг?

-Цол авчихаад улсад барилдсан, сайхан байсан. Хоёрын даваанд хурц арслан Ш.Шинэбаярыг даваад гурав дээр Баянхонгорын Н.Золбоо арслантай тунаж барилдан өвд өг шороодсон. Уг нь дээшээ барилдана гэж бодож байсан юм.

-Хүндэлж явдаг бөхчүүдээс нэрлэвэл?

-Улсын арслан Д.Азжаргал ахыгаа их хүндэлдэг. Мөн Г.Эрхэмбаяр аваргыг их биширдэг шүү. Аваргын хүнтэй харьцаж байгаа байдал, барилдаан, өмсгөл хувцсаа сайхан өмсөж байгаа зэргийг нь бүгдийг харж үлгэр авдаг . Би өөрөө өмсгөл хувцсаа ном дүрмээр нь өмсөж, ёс жудгаа дээдлэхийг хичээдэг.

-Өөрийн чинь дэвээ шавааг үзэгчид их үнэлдэг. Хэрхэн сурав?

-Анх хэрхэн гарах, хэрхэн дэвж шавах талаар бүгдийг Наранбаяр багш маань зааж “Бөх хүний барилдааны онцлог дэвээ шаваанаас эхэлдэг юм шүү” гэж сургасан. “Аварга”-д орсон хойно Адьяахүү багш ч мөн “Сайхан дэвж шавбал өрсөлдөгч бөх чинь сүрдэж эмээнэ, сайхан дэвэх хэрэгтэй” гэж сургасан. Тийм болохоор зөв сайхан дэвж шавахыг хичээдэг юм.

-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

-Улсын цолд хүрэх юмсан л гэж хүсдэг . Гэхдээ зүгээр нэг цол аваад зогсохгүй тэр цолоо батлаж, цолондоо эзэн болох юмсан л гэж боддог.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье?

-Баярлалаа. Танай сониноор дамжуулаад намайг дэмжидэг Говьсүмбэр аймгийн ард иргэддээ, багш нартаа, Лантуугийн Алтанхуяг захиралтай “Шинэ дэлхий холдинг” компаний хамт олондоо сайн сайхан бүхнийг хүсээд та бүхнийхээ итгэлийг алдахгүй сайн барилдах болно оо гэж хэлье.

Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД