Польшийн волейболчид 40 жилийн дараа ДАШТ-д дахин түрүүлэв

2014 оны 09 сарын 25

Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ өнгөрсөн наймдугаар сарын 30-наас энэ сарын 21-ны хооронд Польш улсад боллоо. Дэлхийн аваргад 24 улсын шигшээ өрсөлдсөн бөгөөд эхний тойргоос 16 баг шалгарч хоёр хэсэгт хуваагдсан. Улмаар эхний гурван баг нь шилдэг зургаад шалгарсан юм. Ингээд хагас шигшээд өрсөлдөх багууд нэрс бэлэн боллоо. Воллейболын спортын энэ дүрэм зарим хүмүүст уйтгартай санагддаг нь нууц биш. Эхний тойргоос шалгарсан 16 багыг хасагдах журамаар тоглуулж болох байтал заавал дахин дахин хэсэгт хуваарилж олныг залхаах хэрэг юун. За тэр дүрэм журам ч яахав. Их шөвөгт Польш, Бразил, Франц, Герман нар шалгарч үлдэв. Зохион байгуулагч Польш хагас шигшээд Германыг 3:1- ээр хөнгөхөн хожиж, финалд шалгарсан. Харин нөгөө талд Бразил Францын тулаан олныг “хөгжөөж” чадлаа. Эхний сетэд бразилчууд төдийлөн хүч гаргалгүй 25:18-аар өрсөлдөгчөө буулган авсан. Гэхдээ хоёрдугаар үед Франц олон довтолгоогоо “чулуу” болгож, 25:23-аар ялалтыг өөрийн болголоо. Ингээд гуравдугаар сетэд хоёр баг тэнцүүхэн тоглож явсаар эцсийн мөчид Бразилын шигшээ оноог салгаж 25:23-аар хожив. Дөрөвдүгээр үед франц залуус тун хариуцлагатай тоглож 25:22- оор сетийн ерөнхий харьцааг тэнцүүллээ.

Шийдвэрлэх үед бразилчууд 15:12-оор учраагаа буулган авч сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан шигшээд өсрөлдөх эрхтэй боллоо. Хүрэл медалийн төлөө францчууд Германд “юм болсонгүй” 3:0-ээр ялагдал хүлээв. Германы шигшээ 1970 онд дэлхийн аваргад түрүүлснээс өөр медальгүй байсан юм. Харин Франц 2002 онд хүрэл авсан бөгөөд энэ нь тэдний воллейболын ДАШТ-ий цор ганц медаль юм. Сүүлийн жилүүдэд волейбол өнд өр түвшинд хөгжсөн орон Бразил. Харин Польш тэртээх 1970-1980 онд хүчирхэг байсан. Хамгийн ойрын жишээ 2006 онд ганцхан удаа “цойлж” шигшээд үлдэж мөнгөн медаль зүүж байлаа. Тэр ДАШТ-ээс хойш тэд том тэмцээнд “одгүй” Бразилтай тоглосоор ирсэн. Тоглолтын өмнө воллейболын дэлхийн аваргын түүхэнд дөрөв дараалан түрүүлсэн анхны багаар Бразил нэрлэгдэнэ хэмээх хүн олон байлаа. Гэхдээ тэд энэ ДАШТ-ий шилдэг зургаад зохион байгуулагч оронтой нэг хэсэгт орж, тулахад Польш 3:2-оор хожиж байсныг мартах учиргүй. Ингээд тоглолт эхлэхэд бразилчууд илүүрхсээр 25:18- аар эхний сетийг өөрсдийн болгов. Харин хоёрдугаар үеэс талбайн эзэд илт сэргэж, сүүлийн гурван сетэд 22:25, 23:25, 22:25-аар ялалт байгуулж дэлхийн хошой аварга боллоо. Тэд өмнө 1974 онд алтан медаль энгэртээ гялалзуулж байсан түүхтэй.

Б.ЦОГТ-ОЧИР