МАНАЙ ШИРЭН БЭЭЛИЙТНҮҮДИЙН СУГАЛАА ЧАНГА ТААРЧЭЭ

2014 оны 09 сарын 25

 “Инчён-2014” азийн наадамд оролцож байгаа манай ширэн бээлийтн үүд өнөөдрөөс рингэнд гарах юм. Ингээд боксчдын сугалаа хэрхэн гарсныг сонирхуулья. Эрэгтэй 49 кг: Энэ жинд 22 боксчин хүч сорих бөгөөд ОУХМ Г.ГанЭрдэнэ нэгийн даваанд гоц мөргөсөн байна. Улмаар хоёрын даваанд Тайландын тамирчинтай өрсөлдөх сугалаа татаж. Түүний хэсэгт Казахстан, Кыргызстан, Пакистаны боксчид багтсан юм. Хэрвээ боломжоо ашиглаад медаль дээр буучихвал хагас шигшээд түүнийг 2013 оны дэлхийн аварга Казахстаны Б.Жакипов хүлээж байх магадлалтай. 52 кг: Универсиад наадмын аварга Х.Энхдэлгэрийн жингийн сугалаа хараахан гараагүй байна. 56 к: Гавьяат тамирчин Н.Төгсцогт гоц мөргөж 16-д үлдээд Туркменистаны Мередовтой тулалдахаар болжээ. Түүнийг хожвол медалийн төлөө хоёр Солонгосын аль нэгтэй таарах болно.

60 кг: ОУХМ Д.Отгондалай нэгийн даваанд хийлэн шөвгийн 16-д шалгараад буй. Харин дараагийн даваанд Туркменистаны С.Дурдиевтай тоглох оноолт таарлаа. Хожвол Палестин, Кыргызстаны аль нэгтэй медалийн төлөө нударга зөрүүлэх аж. Түүний хэсэгт өнгөрсөн жилийн Азийн аварга Тажикистаны А.Юнусов багтсан байна. Отгондалай ноднин түүнтэй финалдаад мөнгөн медаль авч байв. Хэрвээ хоёр боксчин ялаад байвал мөнгөн медалийн төлөө хоорондоо тулах болно.

64 кг: Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэгшитгэлд орж, нэгийн даваанд Филиппиний Д.Галвантай тоглох сугалаа татав. Түүний хэсэгт Энэтхэг, Япон, БНСУ, Казахстан, Хятад зэрэг боксын спортоор тивдээ дээгүүр бичигддэг орны тамирчид байна. Хэцүүхэн сугалаа гэсэн үг.

69 кг: ОУХМ Б.Түвшинбат эхэлж гоц мөргөөд шөвгийн 16-д Катарын тамирчинтай тоглохоор боллоо. Түүнийг хожвол (хожих нь тодорхой) медалийн төлөө Казахстаны боксчин, 2013 оны дэлхийн аварга Д.Елеусиновтой нударга зөрүүлэх аж.

75 кг: Н.Шинэбаяр эхэлж гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Кувейтийн тамирчинтай тоглохоор болов. Түүнийг аргалбал Туркмен, Филиппин, Ирак, БНСУ-ын нэгтэй нь медалийн төлөө тулалдах юм.

81 кг: С.Эрдэнэбаярын жинд 13 боксчин хүрэлцэн иржээ. Манай хүн тэгшитгэлд орж, шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Узбекистаны О.Мамазулуновтой тоглохоор болов.

91 кг: Д.Отгонбаяр гоц мөргөн наймд үлдээд хүрэл медалийн төлөө Ираны А.Мазахеритай өрсөлдөх аж.

+91 кг: Б.Эрдэнэбаяр мөн л шөвгийн наймд шалгараад буй бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх тулааныг Казахстаны боксчны эсрэг хийх болов.

Б.ЭНХЖИН