ИЧИНОЖЁО УРАГШАА !

2014 оны 09 сарын 25

 Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний эхний 11 өдрийн барилдаан өндөрлөлөө. Тэмцээний эхнээс л Намрын тэмцээн шинэ залуусын тодрох башёо болно гэж ярьж бичиж, байсан ч энэ тэмцээн үнэндээ Монголын шинэ од Ичиножёо А.Ичинноровын ганцаарчилсан тоглолт болон хувираад байна. Их аварга Хакүхо яаж ялсан, япон арслангууд хэрхэн барилдсан, Эндо яах бол зэргийг харахаар биш “Монголын үлэмж биет”- ийг хэн унагаах бол, хэн тогтоох бол гэдгийг харахаар Сүмогийн Ордонг зоридог болжээ. Тийм болохоор Ичиножёог унагаасан Икиой бараг үндэсний баатрын хэмжээнд хүндлэгдсэн. Маэгаширагийн 10-т бичигдсэн Ичиножёо уг нь бол арслангуудтай таарах ёс байхгүй ч ганцхан унаатай дээд зиндааны шинэ цэрэг Макүүчид түрүүлэх магадлал өндөр болоод ирсэн тул Сүмогийн холбооноос түүнийг хоёр өдөр дараалан озэкитэй барилдуулахаар хуваарилалаа. Хамгийн сүүлд долоон жилийн өмнө Гоэйдо дээд зиндаанд анх гарч ирж байхдаа озэкитэй барилдаж байжээ.

Ичиножёо тэмцээний 10 дахь өдөр Ёшиказэг ялж, нутгийн хоёр аваргынхаа хариуг авлаа. Харүмаф үжиг хүнд бэртээж, Какүрюүг унагаагаад байсан Ёшиказэг ялснаар Сүмогийн холбоо түүнийг бараг түрүүлэх шинжтэй боллоо хэмээн ийнхүү арслангуудтай таарууллаа. Хэрэв арслангуудыг ялбал ёкозүнатай таарч барилдах магадлал ч их байна. Мэргэжлийн сүмод ороод тав дахь тэмцээндээ озэкитэй таарч байгаа нь сүмогийн түүхэнд нэгт бичигдсэн амжилт болж байна. Ичиножёо 11 дэх өдөр Кисэносатотой, 12 дахь өдөр озэки Гоэйдотой барилдах бөгөөд шинэ маэгашира хоёр өдөр дараалан озэкитэй барилдаж байгаа нь түүхэнд анх удаа тохиож байгаа хэрэг юм. Сэтгүүлчид Ичиножёогоос түрүүлэх талаар бодож байна уу, тусгай шагнал авах нь бараг тодорхой болж байна шүү гэж асуухад тэрбээр “Түрүүлнэ гэж огт бодохгүй байна. Тусгай шагнал авахад хэд ялах хэрэгтэй вэ, мэдэхгүй юм” гэж хариулсан байна. Хэрэв Ичиножёо түрүүлбэл 100 жилийн өмнөх амжилтыг давтах болно.

Алс тэртээ 1914 оны Тавдугаар сарын тэмцээнд дээд зиндааны шинэ бөх Рёогокү түрүүлж байжээ. Тэмцээний 11 дэх өдрийн хамгийн гол барилдаан болох озэки Кисэносато шинэ маэгашира Ичиножёо нарын барилдаан эхэллээ. Хоёр бөхийн тачиай тааралгүй хоёр ч удаа манай бөх түрүүлж бослоо. Хашир арслан албаар хүлээж, шинэ бөхтэй сэтгэл зүйн дайн хийж байна уу гэж бодож байтал, харин Ичиножёо мөргөлдөн золголгүй, зайлан арсланг өнхрүүлж орхилоо. Зайлна гэдгээ эртнээс бэлтгэсэн байж ч болох, эсвэл тачиай таарахгүй байхдаа сэтгэсэн байж болох. Ямар ч гэсэн Ичиножёо озэкиг ялж, 2000 оны Зуны тэмцээнд шинэ маэгашира Точиновака озэки Чиёотайкай, Таканонами нарыг ялж байсан амжилтыг давтлаа. Мөн мэргэжлийн сүмод ороод тав дахь тэмцээндээ арсланг унагаасан нь түүхэн амжилт болон бичигдлээ. Ичиножёогийн сүүдэрт дарагдаад байгаа ч манай бусад бөхчүүд бас л рекорд амжилт тогтоосоор байна. Их аварга Хакүхо 46 тэмцээн дараалан 10-аас дээш ялж байгаа нь сүмогийн түүхэнд дээд амжилт болж байна. Кёкүтэнхо Н.Цэвэгням одоогийн байдлаар долоо ялаад байгаа нь 50 хувийн амжилт үзүүлэхгүй байлаа ч жюүрёод унах аюулгүй боллоо гэсэн үг. Тийм болохоор ирэх тэмцээнд дээд зиндаанд барилдсан ахмад бөхийн амжилтаа шинэчлээд яваад байх болно. Хэрэв 50 хувийн амжилтаа хийвэл мэргэжлийн сүмод 70 жилийн дараа дээд зиндаанд 40 настай бөх найм ялсан түүхэн амжилт болох юм. Намрын тэмцээнийг их аварга Хакүхо 11 ялалттай тэргүүлж, ёкозүна Какүрюү, маэгашира Ичиножёо нар нэг унаатай нэхэж явна.

 

М.Сугар-Эрдэнэ