Ч.Болдбаатар: Монгол хүний сэтгэлгээ дэлхийн урлагийн тавцанд өөрийн орон зайг эзлэх цаг болсон

2014 оны 09 сарын 25

Дэлхийн урлагийн олимп хэмээгдэх Венецийн Биеналлийн 56 дахь удаагийн үзэсгэлэнд Монгол Улс анх удаа оролцох гэж байна. Монголоос уран бүтээлч Т.Энхболд, Х.Үнэн-Энх нар Венецид өөрсдийн уран бүтээрээ өрсөлдөх юм. Контемпорари чиглэлийн уран бүтээлүүдийн уралдааны тэргүүн шагналыг өмнө нь Жорж Брак, Хэнри Матисс, Макс Эрнст, Энтони Тапиез, Цай Гуо Чианг, Йоко Оно зэрэг уран бүтээлчид оролцож, дэлхийд нэрээ цуурайтуулж байжээ.

Энэхүү үзэсгэлэн 2015 оны тавдугаар сард болох бөгөөд долоон сарын турш үргэлжлэх юм. Монгол Улс өөрийн гэсэн павильонтойгоор оролцож буйгаар онцлогтой. Энэхүү төслийн албан ёсны түнш, дэмжигчээр Италийн Ром хот дахь Монголын Элчин сайдын яам, Элчин сайд Ш.Одонбаатар ажиллаж байгаа аж.

Монголын павильоны ерөнхий зохион байгуулагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо ажиллаж буй бөгөөд тус холбооны үүсгэн байгуулагч Б.Гантуяа, Соёл урлаг хэвлэл мэдээллийн салбарын удирдлага зүйч О.Оюунтуяа нар бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах аж.

Энэхүү үзэсгэлэнд Монголоос оролцож байгаа хоёр уран бүтээлчийг Монголын Урлагын зөвлөлийн захирал, Ц.Ариунаа, профессор, шүүмжлэгч Ч.Болдбаатар, “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн тэргүүн Ё.Далх-Очир, холбооны тэргүүн Б.Гантуяа, АНУ-аас Олон улсын уран бүтээлчдийн тэтгэлэгийн сангийн (APT) ерөнхийлөгч Дэвид А.Рос, Швейцарын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Др Ролф Лаутер, Хонконгоос Хан Арт галерейн захирал Жонсон Чанг зэрэг 11 хүний бүрэлдэхүүн шүүн хэлэлцснээр сонгон шалгаруулжээ.

Соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарын удирлага зүйч О.Оюунтуяа

-Дэлхийн урлагын Олимп хэмээгдэх энэ үзэсгэлэнгийн талаар ярихгүй юу. Ямар орнууд оролцдог вэ?

-Энэ бол маш том үзэсгэлэн. Өнгөрсөн жилийн хувьд 80 гаруй орны уран бүтээлч өөрсдийн павилонтойгоор уран бүтээлүүдээ дэлгэн тавсан. Энэ жил манай улс анх удаа оролцож байгаа нь Монголын урлаг, уран бүтээлчдээ дэлхийд таниулах том боломж гарч ирж байна. Их хөрөнгө шаардсан төсөл учраас улс орон бүр  оролцож чаддаггүй. Монголоос оролцож байгаа хоёр уран бүтээлч маань үзэсгэлэнд зориулж бүтээлээ туурвиад эхэлсэн. Контемпорари урлаг өөрөө маш том хэмжээний бүтээлийг шаарддаг. Энэ уран бүтээлүүдийг зөөж аваачаад, тэндээ долоон сарын турш байлгах, павильон түрээслэх зэрэг хөрөнгө мөнгө их ордог, өндөр түвшинд ажиллахыг шаарддаг төсөл юм.

Контемпорари урлаг гэдэг нь нэн орчин үеийн үйлдлийн урлаг. Классик, реалист бүтээлүүдтэй харьцуулбал энэ урлаг хүний сэтгэлгээ, бодол, хувь хүний илэрхийлэх гэсэн өөрийн онцлог занг тусгадгаараа онцлог. Бодит зүйлийг зурах биш, өөрийн төсөөллөөр гаргаж ирдэг. Урсгалууд нь их өөр өөр байдаг. Үйлдлийн урлаг перформерс, инстоляци өрөг урлаг, видео арт, мульмимедиа, саунд арт зэрэг олон урсгалтай.

-Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн жил Венесуэл, Казакастан, Болив зэрэг олон орон оролцсон. Эдгээр улсууд олон жил дараалж оролцож байна. Венесуэл өөрийн павильоноо барьчихсан байх жишээтэй. Жилээс жилд оролцож байгаа улсуудын тоо нэмэгдэж байна..

-Венецийн Биеналлийн шүүгчдийн бүрэлдэхүүний талаар танилцуулахгүй юу?

Жил болгон шүүгчдийн бүрэлдэхүүнийг орон орноос томилдог. Өнгөрсөн жил таван хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Алтан барын шагнал, Мөнгөн барын шагналыг хамгийн шилдэг уран бүтээлчдэд өгдөг. Мөн хамгийн шилдэг павилеоыг шалгаруулдаг. Насан туршдаа гаргасан амжилт гэсэн шалгуураар хоёр уран бүтээлчийг шалгаруулж “Алтан барын шагнал” өгдөг юм.

Манай улсаас оролцох гэж буй Х.Үнэн-Энх өрөг урлагаар бүтээлээ туурвидаг. Т.Энхболд үйл хөдлөлийн урлаг, болоод өрөг урлаг, уран зургаар түлхүү ажилладаг уран бүтээлч юм. Уран бүтээлчдийг эхний ээлжинд 11 хүн шүүж, дараа нь гадны шүүгчидтэй нийлсэн зургаан хүний бүрэлдэхүүн хоёр сарын турш мэргэжлийн өндөр түвшинд шүүж, уржигдар шалгаруулалтыг явуулснаар энэхүү хоёр уран бүтээлчийг сонгосон

Монголын урчуудын Эвлэлийн уран бүтээлийн хэлтсийн дарга, профессор, шүүмжлэгч Ч.Болдбаатар

-Контемпорари урлагийн талаар ярихгүй юу. Монголд энэ чиглэлээр ажилладаг хэр олон уран бүтээлч байдаг вэ?

-Контемпорари урлаг нь өнгөрсөн зууны 60-аад оноос бие даасан чиглэл болж хөгжсөн. Үүнд маш олон төрөл зүйлүүд байна. Үүнийг Монголоор хөрвүүлбэл, үйлдлийн урлаг гэж тайлбарлаж болох юм. Нөгөө талаар орон зайн урлаг гэж хэлж болно. Мөн олон тенхикийн сүлэлдээн гэж орчуулж ч болох юм.

Өнөөдөр Монгол хүний сэтгэлгээ дэлхийн урлагийн тавцанд өөрийн гэсэн орон зайг эзлэх цаг нэгэнт болсон. Энэ бол хамгийн чухал зүйл. Дэлхийн бусад үндэстэнд манай улс ямар хөгжилтэй орон бэ гэдгийг тодорхойлох нэгээхэн том цэг нь энэхүү үзэсгэлэн. Венецийн биенналлд оролцож буй нь анхдагч гэдэг утгаараа биш, тэр том урлагийн орон зайд эн зэрэгцэх түвшинд манай уран бүтээлчид гарсан гэдгээ харуулж буй нь амжилт юм.

- Венецийн Биенналлд энэ жил хэр олон орон оролцож байна?

-Энэхүү үзэсгэлэн хоёр жилд нэг удаа болдог дэлхийн хэмжээний үзэсгэлэн юм. Энэ жил 90 гаруй орон оролцож өөрийн павильоноо гаргаж, бүтээлүүдээ дэлгэн тавина. Манайх тусдаа павильон гаргаж байгаараа их онцлог. Энэхүү наадам уран бүтээлчид юуг дэлхийн түвшинд үзүүлж чадах вэ гэсэн гурван “A” түвшний шалгууртай.

-Манай улсаас оролцож буй хоёр уран бүтээлчийн хувьд?

-Тэд бол маш гайхалтай уран бүтээлчид. Дэлхийн түвшинд эн зэрэгцэхдээ өөрийн гэсэн ертөнцийг бүтээж буйгаараа их давуу талтай. Монгол сэтгэлгээ, монгол ахуйг урлаг болгон харуулж байгаа.Тухайлбал, эсгийг хэрхэн урлагийн элемент болгосоныг тэнд үзүүлэх гэж байна.

-Энэ чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Монголын уран бүтээлч хэд байдаг вэ? 

-Энэ чиглэл 1990 оноос хойш нээлттэй болсон. Энэ үеэс хойш залуучууд хүчээ сориод зогсохгүй, өөрийн ертөнцөө гаргах талаар өндөр түвшинд хүрсэн гэдгийг энд дахин онцолмоор байна. Үзэсгэлэнд дараа дараагийн удаа  ч орох хүчтэй баг байгаа юм.

Сурвалжилсан: М.Болорцэцэг .