Т.ЧИМЭГСАНАА: ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛСНААР ХОЛБОГДОХ 17 ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

2014 оны 09 сарын 25

 Чөлөөт бүс тойрсон асуудлаар Эдийн засгийн хөгжлийн яамны Чөлөөт бүсийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаатай ярилцлаа.

-Чөлөөт бүсийн тухай үзэл баримтлал батлагдсанаас хойш бараг 20 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монголын чөлөөт бүс олигтой ажиллаж чадсангүй. Ямар хүндрэл, бэрхшээл тулгараад байна вэ?

-Чөлөөт бүс байгуулж хөгжүүлнэ гэдэг бол цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө их шаардсан ажил. Чөлөөт бүсийн тухай хууль батлагдсанаас хойш зарим чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэн ч олон улсын жишигт хүрсэн чөлөөт бүс бий болж чадаагүй байна.

Чөлөөт бүс байгуулж, хөгжүүлэхэд гарч буй гол хүндрэл бол хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, удирдлага менежментийн тогтолцоо зэрэгтэй холбоотой. Тухайлбал, Чөлөөт бүсийн тухай хууль бусад хуультай уялдаа муутай, холбогдох 17 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Эрх зүйн байдлын тухай хуулиудад чөлөөт бүсийн хэлбэрийг хатуу тогтоосон, чөлөөт бүсийн үйл ажиллагааны тусгай дэглэмийн зохицуулалт бүрхэг, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зөвхөн улсын төсөвт найдаж ирсэн. 2008 он хүртэл улсын төсвөөс дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй. Түүнээс хойш улсын төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл орж ирсэн. Хувийн хэвшлийг татан оролцуулах зорилгоор 2006 оноос "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд хэсэгчилсэн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдын тушаал гарч, хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулж байсан ч хэрэгжээгүй. “Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг иж бүрнээр нь байгуулж хөгжүүлэх, үйл ажиллагааг нь менежментийг гэрээгээр хэрэгжүүлэх стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2004 онд эхлүүлэхээр Засгийн газраас тогтоол шийдвэр гарч байсан ч энэ ажил биеллээ олоогүй.

Гэхдээ энэ арав гаруй жилийн хугацаанд зүгээр суугаагүй. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэхэд улсын төсвөөс 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү хөрөнгөөр цахилгаан хангамж, цэвэр усан хангамжийн эх үүсвэрийг бий болгох, үерийн хамгаалалтын далан суваг, гааль, худалдааны зам талбай барьж байгуулах зэрэг ажлууд бүрэн хийсэн. Одоогоор аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг Алтанбулаг сум болон чөлөөт бүстэй холбосон бохирын шугам хоолойн ажлыг гүйцэтгэж байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд дэд бүтцийг барьж байгуулж байна. Үүнд дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга болон авто зам холбооны байгууламж барих дөрвөн багц ажил багтаж байгаа. Энэ оны эцэст дуусна. Чөлөөт бүсийн нийт газрын гуравны нэг хэсэг бүрэн дэд бүтэцтэй болно. Одоогоор дулааны цахилгаан станц барих ажил 90 хувийн гүйцэтгэлтэй. Цахилгаан хангамжийн өргөтгөл, ус цэвэршүүлэх үйлдвэр, бохирын цэвэрлэх байгууламж барьж байгуулах ажлууд дуусч байгаа. Ирэх сарын 10-нд хүлээлгэж өгнө. Мөн бүсийн доторх 13.5 км зам барьж хүлээлгэж өгөх ёстой. Одоогийн байдлаар 5.5 км буюу гол замын ажил үндсэндээ дуусаад хүлээлгэж өгөхөд бэлэн болсон. Арваннэгдүгээр сарын 20 гэхэд дээрх замыг бүрэн ашиглалтад оруулна.

-“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг өнгөрсөн зун нээсэн. Цаашид хөгжүүлэх ямар бодлого баримталж байна вэ. “Замын-Үүд”, “Цагааннуур”-ын чөлөөт бүсийг хэзээ нээх вэ?

-"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар тогтоол гарч тус бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам баталсан. Түүний дагуу хоёр сарын хугацаанд "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг туршилтын журмаар эхлүүлсэн. Хөрөнгө оруулалт өсөж байгаа. Өмнө нь ердөө гурван аж ахуйн нэгж хөрөнгө оруулсан байсан бол одоогийн байдлаар долоон аж ахуйн нэгж 4.24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, найман аж ахуйн нэгж чингэлгийн худалдаа эрхэлж байна. Ерөнхийдөө “Алтанбулаг”-т худалдааны урсгал бий болчихсон. Цаашдаа энэ чөлөөт бүсийн үйл ажиллагаа манай хөрш ОХУ-ын талаас их хамааралтай. Оросын бизнес эрхлэгчид, худалдаачдыг нааш нь татах арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ ажлын хүрээнд "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийг харилцан ашигтайгаар хөгжүүлэх асуудлыг судлах шинжээчдийн баг байгуулж ажиллах талаар ОХУаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ОХУ-ын ЭЗХЯ-нд санал тавиад байна.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч айлчилснаар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих асуудал яригдаж, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжих гэж байна. Тэгэхээр Оросын талын худалдааны урсгал эрчимжинэ. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн тухайд үндсэн дэд бүтцийн гуравны нэг нь дуусч байгаа гэж өмнө нь хэлсэн. Одоо бид хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Үүний тулд хууль эрх зүйн орчноо сайжруулж, хөрөнгө оруулагчдад аль болох таатай орчин бүрдүүлэх шаардлага бий. Иймд манай яам санаачилж Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэ намрын чуулганаар батлагдана гэж найдаж байгаа. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг ямар менежментээр хэрхэн хөгжүүлэх, газрыг яаж эргэлтэд оруулах асуудлыг судалж саналаа боловсруулаад байна. БНХАУ-ын даргын айлчлалын үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлахаар Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийг хэрэгж үүлэх хүрээнд ӨМӨЗО-ы холбогдох байгууллага, хүмүүстэй хамтран ажиллаж байна.

-“Замын-Үүд” тэгэхээр хэзээ нээгдэх вэ?

-Бид удахгүй Засгийн газарт асуудал оруулна.

-“Алтанбулаг” чөлөөт бүсийг нээснээс хойш хэчнээн худалдан авагч ирсэн бэ?

-Эхний хоёр сарын туршилтын хугацаанд чөлөөт бүсэд нийт 851 сая төгрөгийн бараа орсноос 253 сая төгрөгийн үнийн дүн бүхий бараа зарсан байдаг. Мөн энэ хугацаанд 7100 гаруй зорчигч, 2300 гаруй автомашин чөлөөт бүсэд нэвтэрсэн. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд худалдааны байнгын урсгал бий болсон, хөрөнгө оруулалт нэмэгдсэн, Хиагт боомт 24 цагийн ажиллагаанд шилжсэн зэргийг үндэслэн Засгийн газрын 253 дугаар тогтоолоор түр журмыг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан. Гэхдээ энэ бол түр хугацаа биш байх. Энэ хугацаанд хуулиа батлуулчихвал “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байнгын ажиллагаанд шилжинэ гэж ойлгож болно.

-Монгол, Оросын хөрөнгө оруулагчдаас гадна гуравдагч улсын хөрөнгө оруулагч “Алтанбулаг”-ийн үйл ажиллагаанд оролцож байгаа юу?

-Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах үед гуравдагч орнуудаас 20 гаруй бизнесмен ирсэн. Ер нь хөрөнгө оруулах сонирхолтой бизнесменүүд бий. Тухайлбал, дэд бүтэц, зочид буудлын чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой БНХАУ-ын Тяньжиний томоохон хөрөнгө оруулагч байна. Мөн төмөр замд хөрөнгө оруулах хүсэлтэй Польшийн бизнесмен ирж чөлөөт бүстэй танилцаад явсан.

-Чөлөөт бүсүүдэд зам, ус, цахилгаан гээд дэд бүтцийн асуудал хүндрэл үүсгэж байгаа. Энэ салбарт дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхол хэр байна вэ?

-Дэд бүтцэд хөрөнгө оруулах сонирхолтой монгол компаниуд бий. Тухайлбал, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн доторх замыг концессийн гэрээгээр байгуулах, "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн тээвэр ложистикийн терминалыг байгуулах санал ирдэг. Цаашдаа хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс биш, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар түлхүү хийхээр зорьж байгаа.

-Чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Монгол Улсын хувьд ямар давуу тал байна вэ?

-Одоогийн үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хуульд хөрөнгө оруулалтыг татах зохицуулалт бий. Тухайлбал, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхэд аж ахуйн нэгжийн орлогын татварын хөнгөлөлт үзүүлэх, газрын төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлөх болон экспорт, импортын татвараас бүрэн чөлөөлдөг. УИХ-д өргөн барьсан Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дээрхээс гадна илүү уян хатан зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын хөрөнгө оруулагчтай адил нөхцөлөөр бүртгэх, бүртгэлийг түргэн шуурхай хийх, хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэх, чөлөөт бүсэд зорчигчийн худалдан авсан гурав хүртэл сая төгрөгийн үнийн дүнтэй барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхэд татвараас чөлөөлөх зэрэг болно.

-“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд хэд хэдэн аж ахуйн нэгж, иргэн газар аваад орхичихсон гэсэн асуудал бий. Тэд эргэж хандсан уу?

-“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд хэсэгчилсэн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд гаргасан байдаг. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн нээлтийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө бүсийн Захирагчийн ажлын алба 85 аж ахуйн нэгжтэй газар эзэмшүүлж, ашиглуулах гэрээ байгуулж нийт 168 га газар олгосон. Одоо чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлсэн учир газартаа хөрөнгөө оруул гэсэн мэдэгдлийг хөрөнгө оруулагчдад өгсөн. Ер нь газар эзэмшиж буй аж ахуйн нэгж, иргэд газраа “дараад” суугаад байх боломжгүй. Чөлөөт бүсийн тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд нь нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй буюу хөрөнгөө оруулаагүй бол гэрээг цуцлах заалт бий.

-“Цагааннуур” чөлөөт бүсийг хэзээ нээх вэ?

Эхний ээлжинд “Алтанбулаг” болон “Замын-Үүд” чөлөөт бүсийг байгуулж үйл ажиллагаа нь жигдэрсний дараа “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийг байгуулж, хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Чөлөөт бүсийг худалдааны, эдийн засгийн гэх мэт хатуу ангилал тогтоохгүйгээр байгуулдаг жишиг олон улсад бий. Монголд ийм боломж бий юү?

-Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэлбэрээр ангилахгүйгээр "чөлөөт бүс" гэсэн нэг нэрээр байгуулж, хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох заалт оруулсан байгаа. Үйлдвэрлэл, аялал жуулчлал үйлчилгээ, худалдаа, олон улсын банк санхүү, төлбөрт таавар, бооцоот тоглоом, нийгэм, зах зээл, дэд бүтэц гэх мэт үйл ажиллагаа эрхэлж болно гэсэн үг.

 

 Б.ЦЭЦЭГСҮРЭН