ОЙРЫН 3-4 ЖИЛДЭЭ ЛАА, ШҮДЭНЗ НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ ГЭНЭ

2014 оны 09 сарын 25

 “Лаа, шүдэнзээ нөөцлөөрэй. Монголын эрчим хүчний салбар мөхөж байна” гэж анхааруулж буй. Үнэхээр ч өдөр ирэх тусам нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээ шаардлага, үүнийг нь үл гүйцэх нөөц, эх үүсвэрээр амь зогоож байгаа хойно ингэж халаглахаас ч яах вэ. Дулаан, цахилгааны нэмэлт, шинэ эх үүсвэрийг санааны зоргоор бий болгочихдогг үй учраас наанадаж 30 гаруй, цаанадаж 50 гаруй жилийн настай станцуудынхаа хүчин чадлыг бага сагаар нэмэгдүүлэх бодлогыг төр, засгаас барьж, хэрэгжүүлж байгаа билээ. Эл бодлогын хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажил болох Амгалангийн дулааны станц, ДЦС-IIIын IX зуухны өргөтгөл, ДЦС-IV-ын 123 МВт-ын өргөтгөлийн ажлын явцтай УИХ-ын дарга З.Энхболд танилцлаа. Эдгээр бүтээн байгуулалтын дүнд эрчим хүч, дулааны одоогийн хүчин чадал даруй 30 хувиар нэмэгдэж байгаа юм. Ингэснээр ойрын 3-4 жил айлтг үй гэдгийг Эрчим хүчний сайд М.Сономпил мэдэгдлээ. Нийслэлийн зүүн бүс буюу Баянзүрх дүүргийн 50 мянга орчим айл өрхийг дулаанаар хангах хүчин чадал бүхийн Амгалангийн дулааны станцын төслийн гүйцэтгэл 73 хувьтай байна. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл одоо тус бүсэд ажиллаж буй 80 гаруй уурын зуухыг хаах боломж бүрдэж байгаа юм. Гэрээний дагуу дулааны станцыг энэ оны арванхоёрдугаар сарын 15- нд эхний зуухыг ашиглалтад оруулах ёстой ч ирэх сарын 15-нд I зуухыг турших зорилт тавьсан аж.

Төслийн  гүйцэтгэгч БНХАУ-ын CMEC компанийнхан ирэх сарын сүүлч гэхэд хүлээлгэн өгөх боломжтой гэж байгаа ч манайхан бага зэрэг болгоомжилж буй бололтой. Энэ талаар “Болгоомжилж байна” гэж итгэлгүйхэн хэлсэн мэргэжилтний үгний хариуд салбарын сайд нь “Хугацаанаасаа өмнө ашиглалтад өгнө гэж байгаа бол харин ч сайн юм биш шүү. Та нар хэзээ ийм станц барьж байсан юм. Энэ чинь сүүлийн үеийн технологи” гэж хэлээд халгаах шинжгүй. Харахад хэрзийж, сарайх угсармал төмөр мэт боловч сэндвичэн хавтангаар бүрж, томоохон байгууламж шиг болоход долоо хоног хангалттай гэж салбарын сайд нь хэлнэ лээ. Юутай ч I станцын яндан болон I, II зуухны угсралтын ажил бүрэн дуусаж, шугам хоолойн дулаалга, төмөрлөгөөний ажил хийж байгаа бөгөөд нүүрсээ татаад эхэлжээ. Эхний зуух ашиглалтад орчихвол 16 дугаар хорооллын айл өрхүүдийг дулаанаар хангана. Ингэхдээ төвийн шугамаас гадна “Цайз”, Шар хадны чиглэлд шугам тавьж магадг үй гэв. ДЦС-III дээр очиход өвөлжилтийн бэлтгэл 83 хувьтай байгааг танилцуулсан. Ажил нь эхлээд нэг жилийн нүүр үзэж буй IX зуухны шинэчлэлийн ажлын хүрээнд зуухны тоног төхөөрөмжийн суурилуулалт, барилга угсралтын ажил бүрэн дуусаж, нийт гүйцэтгэл 92 хувьтай байгаа юм байна. Одоо туршилт, тохируулгыг гүйцэтгэж буй гэнэ. Харин энэ оны долдугаар сараас ажиллаж эхэлсэн 50 МВт-ын өргөтгөл 94.9 сая кВт цахилгаан, эрчим хүч үйлдвэрлээд байгаа аж. Үүний борлуулалтын нийт өртөг нь 9.5 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд 100 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласнаа станцын удирдлагууд танилцуулсан. Ийм ашигтайгаар ажиллаад байвал 6-7 жилийн дотор зээлээ төлөх бололцоотой гэсэн юм. Манайдаа хамгийн залуу ч 30 гаруй жилийн настай ДЦС-IV хүчин чадлаасаа хэтэрсэн ачаалал үүрэх болсноор хэдэн оныг үдэж буй. УИХын дарга тус станцыг 123 МВт-аар өргөтгөх төслийн явцтай хамгийн сүүлд танилцав.

2012 оны сүүлчээс эхлүүлсэн эл төслийн гүйцэтгэл 84 хувьтай байгаа бөг өөд ирэх сараас туршилт, тохируулгыг хийж эхлэх аж. Ингэснээр ирэх өвлийн их ачааллыг ажрахгүй давна гэдгээ салбарын сайд нь мэргэжилтнүүдийнхээ хамт З.Энхболд даргад хэлнэ лээ. Энэ үеэр УИХ-ын дарга “Эдийн засаг хөгжихийн хэрээр жилдээ эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж байна. Тиймээс хуучин станцуудаа шинэчлэх зорилго тавин ажиллаж байгаа юм. ДЦС-III болон Чойбалсан, Дархан, Эрдэнэтийн станцуудад шинэчлэлийн ажил хийгдэнэ. Шинэ станц баривал ихээхэн цаг хугацаа шаардлагатай учраас жил тутам нэмэгдэж буй хэрэгцээг хуучин станцуудаа өргөтгөх замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой стратеги юм. Энэ стратеги зөв алхам болсон гэдэг нь ДЦС-III-ийн өргөтгөл өнгөрөгч зургадугаар сараас ажиллаж эхэлснээр харагдаж байгаа. Ирэх сард БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр цахилгаан эрчим хүчний ерөнхий гэрээ байгуулан, үйлдвэрлэсэн эрчим хүчээ борлуулах талаар хоёр тал хэлэлцээр хийнэ” гэсэн юм.

 

 Б.НОМИН