Чингис хааны нутаг өөр болжээ

2014 оны 09 сарын 24

 “The New York Times” сонины өчигдрийн дугаарт ийм нэртэй нийтлэл хэвлэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал манай орны байгалийн өнгө төрх, иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлж буй тухай сэтгүүлч Рэйчел Нювер уг сурвалжлагадаа хөнджээ. Түүний өгүүлсэн бүхэн бидэнд хэдийгээр шинэ зүйл биш ч байгаль орчин, эко систем маань гаднынхан хүртэл санаа зовохоор болтол доройтсоныг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

  Дэлхийн хуурай газрын талаас илүүг бүрнээ эрхшээсэн их эзэнт гүрэн байгуулснаа Чингис хаан “Мөнх хөх тэнгэрийн таалал” хэмээдэг байв. Орчин цагийн шинжлэх ухаан ч түүний зөв байсныг баталсан. Олон зуун жилийн настай хөгшин моддын цагариг, хүрээ тэрг үүтнийг судалсан олон улсын эрдэмтэд Монголын эзэнт гүрэн бүрэлдэн тогтсон үе нь их зуд, ган гачиг нүүрлэсний дараах 15 жил үргэлжилсэн, хур бороо элбэгтэй, таатай уур амьсгалтай нэгэн онцгой мөчлөгтэй давхацсаныг тогтоожээ. Ийм үеийг байгаль шинжээчид нөмрөг үе гэдэг. АНУ-ын Массачусетс мужийн Харвардын ой судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, экологич Нил Педерсоны хэлснээр нөмрөг үе 10-аас олон жил үргэлжилсэн явдал өнгөрсөн 1000-аад жилийн түүхэнд ердөө ганц тохиосон нь Монголын эзэнт гүрэн байгуулагдсан үе юм. Цочир хүйтэрч, хэт халаагүй, үер ус буугаагүй, нэгэн хэвийн тааламжтай уур амьсгалтай байсан, тэр хэрээр өвс ногооны гарц сайжирч, адуу мал тарга тэвээрэг сайн авсан нь морьтон монголчуудад ихээхэн завшаантай хэрэг байж.

Харин өнөөгийн Монгол нутаг хэзээний эрс тэс уур амьсгалтай дээрээсээ улам л хахир хатуу цаг ууртай болж байна. 2000-2010 оны хооронд хэдэнтээ давтагдсан гэнэтийн их халуун улирагч 1000 жилийн хугацаанд тус улсын нутагт тохиосон агаарын дулааны хамгийн огцом шилжилт байв. “Ийм үзэгдлийг өнөө цагт уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбон тайлбарлахаас өөр аргагүй” гэж АНУ-ын Баруун Виржиниагийн их сургуулийн газарзүйч Эми Хэссль ярилаа. Байгалийн хүчин зүйлсээс гадна хүний үйл ажиллагаа үүнд ихээхэн нөлөөлснийг тэрбээр мөн дурдсан юм.

Монгол одоо дайчдын биш, малчдын нутаг болжээ. Орос, Хятадын дунд оршдог, гурван сая хүнтэй, зах хязгааргүй говь цөл, өргөн уудам талтай энэ оронд тэнгэр хангайн ааль аягаас их зүйл шалтгаалдаг хэвээр байна. Чингис хааны үр садын гуравны нэг хувь нь одоо ч хагас нүүдлийн амьдралтай байгаа тул энэ нь ч аргагүй. Зурагт, нарны эрчим хүч хураагч гээд орчин цагийн эд зүйлс нүүдэлчдийн гэрт харагдах ч ахуйн аар саархан, хар бор ажлаас эхлээд мал адгуулах, өл залгах, үр удмаа үлдээх гээд амьдралын бүхий л чухал явц энд гагцхүү байгалийн хуульд захирагдсан хэвээр. Гэтэл бүхнийг ивээж нигүүлсдэг, эсвээс энэрэлгүй ниргэдэг мөнөөх байгаль нь өөрөө өөрчлөгдөж байгаа нь монголчуудын аж амьдралыг ч орвонгоор нь эргүүлэх шинжтэй.

Говь нутагт аж төрдөг 47 настай, Ургамалцэцэг гэдэг эмэгтэйн ярьснаар байгаль дэлхий сүүлийн үед нэг л хэвийн бус болжээ. Зуны улирал жилээс жилд халуун, хуурай болж, элсэн шуурга дэгдэх нь ч нэмэгдэж. Харин өвөл нэг бол цас их унаж, үгүй бол бараг юу ч орохоо байсан гэнэ. 2010 оны гэнэтийн хүчтэй цасан шуурганаар тэрбээр 1000 орчим малаа алджээ. Түүний хэлснээр Монголын өвөл өвөл шиг байхаа болиод удаж байна. Дэлхийн хаа сайгүй ажиглагдах болсон энэ үзэгдэл мэдээж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Монголын жилийн дундаж температур 1940 оноос хойш фарангейтийн 3.8 буюу цельсийн 10-аад градусаар дулаарч, олон зуун гол горхи ширгэн, ойт хээрийн бүсийн сая сая га нутаг түймэрт сүйджээ. Харин өвлийн сарууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд өмнөхөөсөө илүү хүйтэн болсон гэнэ. МУИС-ийн багш Б.Оюунсанаагийн хэлснээр тал нутгийн эко систем ийнхүү бүхэлдээ алдагдаж байхад Монголд энэ талын нарийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч дутагдаж байна.

Хэт хуурайшилт, ойн түймрээс гадна зуд гэж нэг аюул бий. Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар зудын давтамж улам ойртож, үргэлжлэх хугацаа нь ч уртасчээ. 1999-2002 оны хооронд болсон хэд хэдэн ган, зуднаас болж Монголын таван хошуу малын 30-аад хувь нь үрэгдсэн бол 2010 оны зуднаар ойролцоогоор 8.8 сая мал хорогдож, тус улс үйлдвэрлэлийнхээ 4.4 хувьтай тэнцэх хохирол амсчээ. Уламжлалт мал ахуйдаа бүхнээ даатгаж ирсэн монголчуудын хувьд малаа алдаж, хашаа хороогоо харлуулна гэдэг юу ч үгүй болно гэсэн үг юм. 69 настай, Ишийн Аюуш говьд насаараа амьдарсан хүн. И.Аюуш, түүний нөхөр хоёр 2002 оны ган, зуднаар хонь, ямаан сүргээ бараг тэр чигээр нь алдсан ч тусламж болгон засгаас өгсөн 50 хониор амьдралаа залгуулж байж. Гэтэл 2010 оны зуднаас болж 20-иодхон хоньтой үлдсэн байна. Тэр үеэр нөхөр нь нас барж, И.Аюушийн амьдрал бүр ч дорджээ. Хөдөөгийн олонх монголчуудын адил тэрбээр нутгийн өмнөд хэсэгт ид өрнөж байгаа уул уурхайн хайгуул, олборлолтоос болж байгаль эх догшин ширүүн болсон гэж боддог. Тэнгэр шүтлэгтэй монголчууд хөрс шороо сэндийчихийг эртнээс цээрлэсээр ирж. Чухам үүнээс болж хангай дэлхий хилэгнэж байгаа, үгүйг хэн ч мэдэхгүй. Гэхдээ уул уурхайн хөгжлөөс болж Монголын хээр тал хурдтай цөлжиж буй нь маргаангүй үнэн. Тус улсын бэлчээр нутгийн 70-аад хувь нь цөлжсөн юм уу, талхлагдсан гэдэг мэдээ хүртэл бий. Бүр 2009 онд Монголын болон олон улсын шинжээчдийн баг энэ тухай ярьж, байдал энэ хэвээр үргэлжилбэл уламжлалт монгол ахуй, ерөөс хүн төрөлхтний нүүдлийн соёл үгүй болж, мартагдах нь хэмээн анхааруулж байв.

Монгол малчдын зарим нь тэсгэл алдаж, амьдрахын эрхээр төрсөн нутаг орноо орхиж байна. 1999-2002 оны зуднаар гэхэд л 180 мянга гаруй хүн Улаанбаатар хот руу нүүжээ. АНУ-ын Колорадогийн их сургуулийн экологич Мария Фернандез-Гименезийн хэлснээр иймэрхүү шилжилт хөдөлгөөн муу зүйл биш ч нийгмийн үйлчилгээ сайн хөгжөөгүй тохиолдолд сөрөг үр дагавар ихтэй юм. Хот суурин газар бараадсан олны дийлэнх нь гэр хороололд, амаргүй орчинд аж төрдөг. Эндхийн нөхцөл байдал боломжийн, хүн амьдарч болохоор харагдах ч үнэн хэрэгтээ наад захын үйлчилгээнд хамрагдана гэдэг бараг л тансаглал гэсэн үг. Гэр хорооллын иргэдийн зарим нь бүр км орчмын цаанаас ундны усаа зөөх бол дийлэнх нь нүүрс түлж дулаацдаг. Ийм байхад Улаанбаатарыг байгальд ээлтэй хот болно гэж саналтгүй. Гэсэн ч утаа угаартаа баригдсан ийм газар шигдэх шалтгаан хөдөөгийнхөнд өч төчнөөн бий. Нэгэнт мал хуйгаа алдсан тэдэнд амьжиргааны эх үүсвэр байхгүй, буцлаа гээд орон нутагт нь ажил олдохгүй. Ялангуяа залуус тэнцвэрт байдал нь алдагдсан байгалийн олон аашийг урьдаас тааварлах аргагүй болсон тухай ярьж, дахин нүүдэлчин болохыг хүсэхгүй байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ийм хүчтэй байхад тэднийг хэн буруутгах билээ.

 

Г.ЛХАГВА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
82.240.211.45 ene unen bi mash olon jiliin umnu uvur mongoliin tv garch bsan uvgun emgen 2 iig sanaj bna hytad humuus bsan buhel nasaaraa mod tarj mash olon km gazariig modjuulsan bsan uls n demjeed tedniig tsalin hulsiig n hangaltai ugdug yum blee.
72.161.106.200 Mongol nutgiinhaa baigaliig suidleed baigaag tor zasag Baigal hgamgaalah yostoi yam gazruud harj l suugaa sh dee. Ted tom zalin avaad suuj l baigaa biz dee. Baigal hamgaalah ajil hiih yostoi baiguullaguud yam ajlaa hiihgui olon jil yavj irlee Ganz Mongold todiigui Delhiid gai chirch baigaagaa ene darga mongolchuud hezee medej hariuzlaga huleedeg boloh ve gej ard tumen buhimdaj yavdag sh dee