ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭХ ХАМГИЙН ЭРХЭМ ӨВ БОЛ МОД ТАРИХ

2014 оны 09 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарлаж, мод тарих болсон билээ. Түүнээс хойш даруй дөрвөн жилийг үджээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт зургаан сая мод тарьсан байна. Тэгэхээр бид дөрвөн жилийн хугацаанд хүн амынхаа тооноос ч илүү модтой болсон гэсэн үг. Харин нийслэлд 2011 онд 50.000, 2012 онд 750.000, 2013 онд 295.104 мод тарьсан байна. Хэдийгээр баярламаар сонсогдож байгаа ч одоо хүртэл хөрс, агаарын бохирдлоосоо салах хангалттай тоо биш юм. Гэвч нэг үеийг бодвол нийслэлийн өнгө төрх өдрөөс өдөрт өөрчлөгдөж буйг та харж байгаа биз ээ.

Ц.БАНЗРАГЧ: СҮҮЛИЙН 2-3 ЖИЛД НОГООН БАЙГУУЛАМЖ, МОД НЭМЭГДЭЖ БАЙНА

Ирэх сарын 11-нд үндэсний мод тарих өдөр тохионо. Уг өдөртэй холбоотойгоор БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагчаас зарим зүйлийг тодрууллаа.

-Удахгүй үндэсний мод тарих өдөр болно. Тэр үеэр мод тарихаас гадна ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Бид жилээс жилд хүрээгээ тэлэх зорилт тавин ажилладаг. Тиймээс социализмын үеийнх шиг 1000 шоо метр мод бэлтгэнэ гэдэгтэй ижил 1000 мод тарина гэхгүй. Ерөнхийлөгчийн зарлигийн агуулга ч тийм байгаа. Харин сурталчилж, мэдээлэх арга барилыг баримтална. Ялангуяа Улаанбаатарт мод тарих зайлшгүй шаардлагатай. Учир нь нийслэлд машинаас гаралтай хүнд металлын нэгдэлтэй бохирдол 20 гаруй хувийг эзэлдэг. Үүнийг эмчилж, эдгээх зүйл нь мод. Өөр ямар ч арга зам байхгүй.

-Сүүлийн жилүүдэд иргэд мод, цэцэг тарих нь харьцангуй ихэссэн. Тэд тарьсан мод, бут, сөөг, цэцгээ зөв тарьж, арчилж, хамгаалж чадаж байна уу?

-Үнэхээр сүүлийн 2-3 жилд ногоон байгууламж, мод нэмэгдэж байна. Гэвч мод тарьдаг хүн нэмэгдэхээсээ илүү суулгасан модоо арчилж, ургуулж чаддаг болоосой л гэж хэлэх гээд байгаа юм. Мод тарихад хоёр зүйл чухал гэж боддог. Нэгдүгээрт, чин сэтгэл, хоёрдугаарт, арчлах.

-Тарьсан моддыг хэн арчилж, хамгаалдаг юм бэ?

-БОНХЯ-наас гадна нийслэлийн Байгаль орчны газар, ойн хэлтэс, аймаг орон нутагт бол сум дундын ойн ангиуд хяналт тавьдаг.

ТАРЬСАН МОДОО АРЧИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭВ

Бид мод тарих болон тарьсан модоо арчилж чаддаг эсэх талаар зарим иргэний санал бодлыг сонссон юм. Нийт 10 хүнээс асуухад долоо нь энэ талаарх мэдээлэл, сурталчилгаа муу, тарьсан модоо эргэн арчлахдаа болхи хэмээн хариуллаа.

Г.Бадамаа (Хан-Уул дүүргийн V хорооны иргэн): -Мод тарьж байгаа нь сайн хэрэг. Гэвч тарьсан модоо арчилдаг хүн байдаг юм уу. Албан байгууллагууд жилд бараг хоёр ч удаа мод тарьдаг биз дээ. Хэрэв түүнийгээ арчилж, торддог байсан бол зарим нь тэгж тоос шороондоо хутгалдахгүй байлгүй дээ.

А.Ёндон (Сүхбаатар дүүргийн I хорооны иргэн): -Хот маань сүүлийн жилүүдэд их өнгөлөг болж байгаа шүү дээ. Өнгөрсөн зун гэхэд модны унгиралгүй зуслаа. Сайхан байсан. Унгирал нь хүмүүсийн харшил хөдлөн, хүний нүд, ам, хамар луу ороод их хэцүү байдаг байсан. Тарьсан модоо арчлах нь хувь хүний ухамсрын л асуудал. “Чи тарьсан модоо очиж услаач, мод чинь хатаад үхэж байна” гэвэл утгагүй шүү дээ.

Д.Алтанбагана (Чингэлтэй дүүргийн иргэн): -Манайхан юм хийвэл хийсэн шиг л хийх хэрэгтэй. Чи хар л даа, зарим газарт тарьсан бут, сөөгийг нь. Мод, бут, сөөг гэж хэлэхэд ч ичмээр байгаа биз дээ. Ийм юм хийчихээд хийсэн гэдэг хүмүүс дээ, манайхан.

ҮР ХОЙЧИЙНХОО ИРЭЭДҮЙД ХӨРӨНГӨ ОРУУЛЦГААЯ

Уг нь бид заавал хэн нэгний үг, тушаалаар мод тарих албагүй. Түүнчлэн өөрийн бий болгосон ногоон байгууламж, тарьсан модныхоо төлөө төрөөс урамшуулал хүлээн суух нь утгаг үй хэрэг. Мод тарих нь бидний үр хойч, эх дэлхийдээ үлдээж буй хамгийн эрхэм өв. Энэ бол та үр хүүхдийнхээ эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг. Тиймээс хэн нэгний үг, ашиг хонжооны төлөө бус үр хойчийнхоо ирээдүйн төлөө мод тарьцгаая.

 Д.БАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД