АМЬСГАЛБАЛ “ЯРИНА”

2014 оны 09 сарын 24

 Хүний амьсгал мэдэрч, түүнийг нь хэл ярианд “хөрвүүлдэг” нэгэн содон бүтээл “Google” компаниас явуулсан Олон улсын залуу зохион бүтээгчдийн уралдааны сүүлчийн шатанд шалгарлаа. ТALK нэртэй уг төхөөрөмжийг Арш Шах Дилбаги хэмээх 16 настай энэтхэг хүү зохион бүтээжээ. Хэрэв бүтээл нь шалгарч, цаашид үйлдвэрлэгдэн, нийтийн хэрэглээнд нэвтэрвэл дэлхийн өнцөг булан бүрт буй, дуу хоолойгоо сонсгож чадахгүй байгаа сая сая хүнийг “хэлд оруулна” гэж тэрбээр найдаж байна. ТALK нь Морзын код ашигладаг, MEMS загварын бичил микрофон, микро чиптэй, хамар юм уу, амандаа байрлуулж болох, долгион мэдрэгч утсан дамжуулагчтай аж.

Морзын хөдөлгүүр хэмээн Дилбаги хүүгийн нэрлэсэн микро процессор нь хүний амьсгалыг урт, богино хэмээн ангилж, уртыг нь Морзын зураас, богиныг нь цэг болгон таних гэнэ. Харин микро чип нь “мэдээлэл”- ийг боловсруулж нас, хүйсээр ангилсан есөн янзын хоолойгоор үг яриа болгон хөндлөнгийн этгээдэд дуулгадаг байна. Хэл, ярианы чадваргүй хүмүүст тусалдаг AAC хэмээх төхөөрөмжүүд маш үнэтэй байдаг бол Дилбагигийн ТALK ердөө 80 ам.доллар байх аж. Тэгвэл энэ төрлийн хамгийн хямд бүтээгдэхүүн болох юм. Дилбаги хүү “Google”-ийн уралдааны эцсийн шатанд шалгарсан цорын ганц ази оролцогч гэнэ. Уралдааны ялагч өнөөдөр тодорно.

 

Г.ЛХАГВА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД