Монголын туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна гэв

2014 оны 09 сарын 23

 “Монгол Улс биднээс өмнө цахим сонгууль зохион байгуулсныг хүлээн зөвшөөрөхийн сацуу энэхүү туршлагыг нь нэвтрүүлэхийг зорьж байна” хэмээн Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацын тэргүүн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Ли Ин Бүк Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзахдаа онцлов. Түүнчлэн тэд Монгол, БНСУ хоёр улсын сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Өнгөрсөн хугацаанд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс нь манай улсын сонгуулийн үйл явцыг ажиглах, СЕХ-ны ажилтнуудыг сургах, туршлага судлуулах, техник хэрэгслээр туслах зэргээр хамтран ажиллаж ирсэн. Энэ удаа ч СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Ли Ин Бүк нар хоёр улсын сонгуулийн байгууллагуудын хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд хоёр улсын байгууллага сонгуулийн тогтолцоо, автоматжуулсан систем, сонгогчдын боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, талууд шинжээч, ажилтнуудаа харилцан солилцож, туршлага судлуулах, судалгаа хийх, сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм байна. Мөн энэ үеэр ноён Ли Ин Бүкийн олон улс болон хоёр улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагааг хөгж үүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж СЕХ-ны Хүндэт медалиар шагнав. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацын төлөөлөгчдийг УИХ-ын дарга З.Энхболд мөн хүлээн авч уулзлаа.

 

 Б.УРАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД