МАЛЧИН СҮМО НАМРЫН ТЭМЦЭЭНИЙГ БУЖИГНУУЛЖ БАЙНА

2014 оны 09 сарын 22

 Дэвжээний нэр: Ичиножёо Такаши

Жинхэнэ нэр: Алтанхуягийн Ичинноров

Төрсөн нутаг: Архангай аймаг, Батцэнгэл сум

Төрсөн өдөр: 1993 он 4 сар 7 өдөр

Дэвжээ: Минато дэвжээ

Амжилт: Мэргэжлийн сүмод 4 тэмцээнд оролцохдоо 36 ялж, 8 ялагдсан. Жюүрёод 1 удаа түрүүлсэн.

Мэргэжлийн сүмод ороод жил болоогүй байгаа ч гэлээ аль хэдийн “Монгол Барүто”, “Монголын үлэмж биет”, “Малчин сүмо” зэрэг олон нэртэй болоод амжсан Ичиножёо хэмээх А.Ичинноров одоо мэргэжлийн сүмогийн хамгийн анхаарал татсан бөхийн нэг болоод байна. Их аварга Хакүхо хүртэл түүнийг хараад “Ийм том биетэй монгол хүн анх удаа үзэж байна” гэж хэлсэн гэх бөгөөд Миягино оякатад “Монголын А.Ичинноров гээд залуу үнэхээр юм дуулгах бөх болно. Тийм болохоор дэвжээндээ авах гэж үзвэл яасан юм бэ” хэмээн хэлж байсан гэдэг. Тиймээ, 192 см өндөр, 199 кг жинтэй гэхээр Ичиножёо монгол бөхчүүд гэхээс илүү өмнө нь барилдаж байсан Хавайн арлын аварга биетнүүд буюу Конишики, Акэбоно, Мүсашимарү нартай ижил. Харин Хавайн арлынхны бие хаан дээр монгол бөхийн мэх, ухаан, тэсвэр хатуужил нэмэгдэнэ гэхээр энэ залууд мэргэжлийн сүмогийн оргилд гарах бүх юм байна гэсэн үг.

Японы хэвлэл мэдээлэл түүнийг “Мэргэжлийн сүмогийн хамгийн анхны малчин сүмо бөх” гэж нэрлэдэг. Учир нь Ичиножёо Монголд байхдаа Улаанбаатараас 400 км зайтай хээр талд хонь, ямаа хариулан өссөн гэдэг. Тэр ч байтугай Японы нэгэн сонинд “Хонь малаа хариулж яваад чонотой таарч л явлаа. Морь унаж давхиад л хөдөө амьдрах сайхан шүү” гэж ярилцлага өгч байсан удаатай. Хөдөө өссөн багачуудын нэгэн адил багаасаа үндэсний бөх барилдаж, 14 настайдаа Архангай аймгийн хүүхдийн барилдаанд түрүүлж байжээ. Япон явахаасаа өмнөхөн жүдо бөхөөр бага зэрэг хичээллэж байсан ч Японы Тоттори дунд сургуулийн багш шавь хайж, Монголд ирэхдээ сүмо бөх бол хэмээн ятгасаар 2010 онд Японд авчран, сургуулийнхаа сүмо бөхийн секцэнд оруулсан байна. Дунд сургуульд байхдаа Японд улсын хэмжээний таван тэмцээнд түрүүлснээр сонирхогчдын сүмогийнхон түүнийг сонирхон харж эхэлсэн юм. Тэр үеэс л “Минато” дэвжээнд орох талаар яриа гарч байсан ч А.Ичинноров мэргэжилд орохоо хойшлуулахаар шийдлээ. Энэ нь ч зөв байсан юм. Сургуулиа төгсөөд Тоттори сургуульдаа үлдэн, сүмогийн дасгалжуулагчийн ажил хийхийн зэрэгцээ Тоттори мужийн Спортын хороонд ажиллаж эхлэв.

2013 оны Бүх Японы аварга шалгаруулах сонирхогчдын сүмогийн тэмцээнд Тоттори мужийн нэрийн өмнөөс барилдан түрүүлж, Сонирхогчдийн сүмогийн ёкозүна цол хүртлээ. Сонирхогчдийн сүмогийн ёкозүна болно гэдэг хэрэв мэргэжлийн сүмод орвол макүшитагийн 15-аас эхлэн барилдах эрх авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл жонокүчи зиндаа буюу хамгийн доороос нь эхэлж цаг алдахгүй болж байгаа юм. Ингээд л А.Ичинноров мэргэжлийн сүмод орохоор шийдэж, “Минато” дэвжээнд ирсэн түүхтэй. 2014 оны Нэгдүгээр сараас эхлэн мэргэжлийн тэмцээнд барилдсан тэрбээр мэргэжилд дөнгөж орохдоо л хэд хэдэн сонирхолтой амжилт тогтоосон байдаг. Юуны өмнө А.Ичинноров макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх боллоо. Дараа нь мэргэжилд ороод шууд дэвжээнийхээ хамгийн том цолтон нь болсон явдал.

Макүшитагийн 15-д бичигдсэн шинэ цэрэг “Минато” дэвжээнд ирэхэд тус дэвжээнд макүшитагаас том цолтой бөх байсангүй. Ингээд л шууд дэвжээнийхээ толгой бөх болон хувирлаа. Анхны тэмцээнд орохоосоо өмнө цолтой бөхчүүдтэй том дэвжээнүүдээр очин, бэлтгэл хийж, жюүрёо цолтнуудыг өвдөг шороодуулан, мэргэжлийн сүмод шинэ од гарч ирэх гэж байна гэдгээ харуулсан. Хэдийгээр сүмод ороод удаагүй байсан ч өрсөлдөгчөөрөө Японы шинэ од Эндог нэрлэн, хурдхан Эндог гүйцэж түрүүлэх зорилготой хэмээн байнга ярьж ирсэн түүний хүсэл ирэх сард биелэх нь гарцаагүй болоод байна. Намрын тэмцээний өмнө хэвлэлийн бага хурал дээр “Дээд зиндаанд анх барилдаж байгаа тул 50 хувийн амжилт л үзүүлэх зорилготой” гэж даруухан загнасан ч үнэндээ түүний хувьд дээд зиндаанд найм ялах бол асуудал огт биш нь Намрын тэмцээний явцаас ажиглагдаж байна. Минато ояката шавиа “Ирээдүйн ёкозүна. Тийм болохоор би түүнийг их аварга Таканохана шиг бөх болгохыг хүсдэг” гэж ярьж байна. Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми “Удахгүй Ичиножёог ялах бөх байхгүй болох байх шүү” гэж хэлэнчлэн түүнд аварга болох бүх юм байна. Харин одоо өөрөө хичээж зүтгэх л үлдлээ.

М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД