ЖИГУЛЁВЫН “ДАЙН”

2014 оны 09 сарын 22

Хэдхэн хоногийн өмнө Москвад Оросын нэр хүндтэй өмгөөлөгчдийн нэг Татьяна Акимцева бусдын гарт амиа алдлаа. Тэрбээр Москвагийн хамгийн харгис зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн (ЗБГБ) нэг Ореховын бүлгийн эсрэг зарга мэдүүлсэн хүний өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Оросууд 1990-ээд оныг “Эршүүд” гэж тодорхойлдог юм. Тэгвэл яг хүнд хэцүү эршүүд ерээд оны үед гэмт бүлэглэл олноор бий болжээ. Өдийд тэдгээр хүнд гарууд хатуу, чанга бодлоготой Ерөнхийлөгчийн “гараар орж”, үгүй болсон байх гэж бодож байсан минь эндүүрэл байсныг дээрх явдал гэрчлэх мэт. ЗБГБ-ийн үйл ажиллагааны эх үндэс нь рэкет буюу хууль бус албан татвар. Энэ нь бизнес эрхлэгч иргэд болон байгууллагыг айлган сүрдүүлэх замаар мөнгө салгахыг хэлнэ. Ерээд онд ганзагын наймаа хийж байсан монголчууд үүнийг мэднэ дээ.

Тухайн үеийн рэкетүүд буюу гэмт бүлэглэлүүд хэрхэн хэрцгий авирлаж, мөнгөний төлөө яаж цус урсгаж байсныг гэрчлэх нэгэн явдлын талаар доор өгүүлнэ. Тэр бол Тольятти хотод болсон гэмт бүлэглэлүүдийн хоорондох тулаан байсан. Арваас илүү жил үргэлжилж, 500 гаруй хүний амь авч одсон эл явдал Орос улсын эрүүгийн хэргийн шинэ түүхэнд “Жигулёвын тулаан” гэж тэмдэглэгдсэн юм.

1960-аад онд тухайн үеийн ЗХУ-ын Ставрополь хотод ВАЗ автомашины үйлдвэрийг барьж эхэлжээ. Хэдхэн жилийн дотор эл хот өргөжин тэлж, 700 мянган хүн амтай болж, Тольятти гэж нэрлэгдэх болсон. 1970 онд ВАЗ анхны бүтээгдэхүүн болох “Жигули” маркийн автомашиныг худалдаанд гаргаж, 1973 он гэхэд сая дахь машиныхаа баярыг тэмдэглэсэн байна. Хаана их мөнгө эргэлдэнэ, тэнд гэмт хэрэг цэцэглэдэг гэсэн үг бий. Жилдээ хэдэн зуун мянган машин үйлдвэрлэдэг ВАЗ үйлдвэр ч гэмт этгээдүүдийн нүдэнд өртсөн нь мэдээж. 1980-аад онд хуулийн байгууллагынхан тус үйлдвэрийн Сэлбэгийн цехийн мастер Филатовын хулгайн хэргийг илрүүлж байжээ. Чанга сахилга бат, хараа хяналт сайтай байсан тэр үед гэхэд л энэ нөхөр сэлбэгийг хулгайгаар хэдэн арван “Камаз”-аар гаргаж чаддаг байсан гэдэг. Түүний учруулсан хохирол тухайн үеийн ханшаар гурван сая рубль болжээ. Энэ хэргийнхээ төлөө Филатов 12 жилийн хорих ял авсан байдаг.

1990-ээд онд ЗХУ задарч, зах зээлийн нийгэмд шилжих үед Оросод гэмт бүлэглэлүүд ёстой л борооны дараах мөөг шиг гарч ирэв. Хэцүү цагийн аясаар ажилгүй болсон тамирчид, Афганы дайнд оролцож явсан цэргүүд, өчигдөрхөн байрны атаман явсан нусгай “бацаанууд” гээд шинэ нийгэмд хөлөө олж чадахгүй хэсгийнхэн тэдгээр бүлэглэлийн үндсэн бүрэлдэхүүн байлаа. Дээр дурдсан Ореховын бүлгийг Москва хотын Орехово дүүргийн нэг байрны дөрвөн “бацаан” байгуулсан түүхтэй аж.

1992 он гэхэд Тольятти хотыг хэд хэдэн бүлэглэл хяналтдаа хуваан авчээ. Хамгийн хүчирхэг хоёр бүлгийн нэг “Волга”-г А.Маслов гэгч удирддаг байв. Бүлэглэлийнхэн цуглардаг гол газар болох “Волга” зочид буудлын нэрээр ийн нэрлэсэн хэрэг. Маслов ихэвчлэн боксын тамирчдыг бүлэгтээ элс үүлсэн байв. Хоёр дахь хүчтэй бүлгийг “Хамтрагч” хочтой В.Вдовин удирдана.

Бүлэглэлүүдийн мэдэлд хотын худалдаа, үйлчилгээний бүх байгууллага багтана. Автомашины бизнестэй холбоотой нь илүү их орлоготой байсан нь ойлгомжтой. Эхэндээ гэмт этгээдүүд тэдгээр бизнес эрхлэгчдийг дарамтлан, татвар авдаг байсан бол сүүлдээ ВАЗ үйлдвэрээс хулгайгаар гарч байгаа үйл ажиллагааг хянан, улмаар тэр урсгалыг мэдэлдээ авахаар худалдааны цэгүүдийг бий болгожээ. Тэр болтол бүлгүүд хоорондоо ямар ч зөрчил, тэмцэлгүй оршиж байлаа. Гэхдээ л хууль бус орлого нь ВАЗ хэмээх том үйлдвэр дотор эргэлдэх мөнгөтэй харьцуулахад тун өчүүхэн болохыг тэд мэдэж, шүлсээ савируулж л байв. Гэсэн ч ВАЗ руу нэвтрэх боломж тэдэнд хараахан гарч ирэхгүй л байсаар. Гэтэл өст хүн өлийн даваан дээр гэгчээр гэмт этгээдүүдийн анхаарлыг үйлдвэрийн удирдлага татжээ. Энэ бол тэр том газар руу хамраа шургуулах том боломж билээ. Яасан гэхээр, үйлдвэрийн дарга нар өөрсдийн хувийн зуучлалын компани байгуулан, түүгээрээ дамжуулан хөнгөлөлттэй үйлдвэрлэсэн машинуудыг ердийн үнээр борлуулдаг байж. Тиймээс гэмт бүлэглэлүүд тэдэнд “Хулгай хийсэн бол, бидэнтэй хуваалц” гэсэн хуулиа тулгах нь тэр. Энэ хулгайн дамжлагаас ЗБГБ-д жилдээ 30 мянган машин ногддог байсан гэхээр овоо мөнгө шүү. Мөнгө олдох тусам бүлгүүд хоорондоо зөрчилдөж эхлэв. Эцэстээ ямар нэгэн юм болох нь гарцаагүй болов.

Том, хүчирхэг бүлгүүд жижгүүдээ шахан зайлуулж, орлогын эх үүсвэр болох цэгүүдийг нь хяналтдаа авч эхэллээ. Жижиг гарууд юу гэж зүгээр суух билээ, мэдээж хариу барина. Агий, Воронецк болон А.Хорошевийн бүлэглэл нэгдэн, том бүлгийн толгойлогчдыг устгахаар шийдэв. Үүний тулд тэд буудлагын спортын мастерыг эгнээндээ элсүүлэн, гурван гишүүнээ түүнийг дагалдуулан сургажээ. Ингээд хоёр сарын дараа хамгийн хүчирхэг бүлгийн толгойлогч В.Вдовин буюу “Хамтрагч” хочитыг эхний золиосоор онилов. Гэвч хашир бурхи Вдовины дээд зэргийн хамгаалалтыг тэд нэвтэлж чадсангүй. Түүний гэр болон оффисийн дээвэр дээр үргэлж мэргэн буучид хамгаалах аж. Тиймээс алуурчид өөр нэг бүлгийн толгойлогч “Хохол” хочтой В.Биличенко руу чиглэв. 1992 оны есдүгээр сарын 16-нд Биличенко болон түүний бүлгийн дөрвөн гишүүн бусдад буудуулан нас баржээ.Энэ аллага Тольятти хотын гэмт хэргийн ертөнцийг цочирдууллаа. Том толгойлогчид өөрсдийг нь ангуучилж эхэлснийг ойлгожээ. Тун удалгүй аравдугаар сарын 7-нд “Волга”-гийнхан цуглардаг зочид буудлын ойролцоо дэлбэрэлт болох нь тэр. Азаар хүн өртсөнгүй. Сарын дараа Сергей Купеев буюу “Купеевийнхэн” бүлгийн ахлагч гэрийнхээ үүдэнд буудуулсан бол арваннэгдүгээр сарын 13-нд “Волга”-гийн босс Маслов мөн л гэрийнхээ гадаа хоёр удаа буудуулан нас баржээ. Гурав дахь сум бие хамгаалагчийг нь шархдуулсан байна. Буу нь гацаж, үхлийн буудлага хийж чадаагүй мэргэн буучныг бие хамгаалагч таниж орхисон байна. Масловын оршуулган дээр Тольятти хотын албаны янз бүрийн шатны 150 орчим хүн ирсний дотор цагдаагийн удирдлагууд хүртэл байсан гэдэг. Масловыг устгасан нь Агий, Воронец, Хорошев нарын том алдаа байлаа. Ердөө сарын дараа гэхэд Агий баригдаж, бүлэг нь тарж, бутарсан бол Воронецыг Масловын залуус цааш нь харуулжээ. Хорошев зугтаж амжсан. Гэвч Масловынхон түүнийг мөшгисөөр хоёр жилийн дараа Ростов хотод бүгж байгааг нь илрүүлэн, устгасан аж.

1993 оны гуравдугаар сарын 13-нд “Жигули” зочид буудлын хажууд В.Вдовин болон И.Сиротиненко нарын бүлэглэлүүдийн хооронд 70 гаруй хүн оролцсон зэвсэгт мөргөлдөөн болов. Тэднийг цагдаагийнхан даржээ. ЗБГБ-ийг мөшгөж байсан Тольятти хотын цагдаагийн төлөөлөгч Д.Огородников хамтрагчдынхаа хамт тэдний дундуур орон, цуст мөргөлдөөнийг зогсоож чадсан байна. Хоёр бүлэглэл аль аль нь маш их хохирол амссан бөгөөд мөргөлдөөнөөс амьд үлдсэн нь бүгд баривчлагдсан. Гэсэн ч цус нөжтэй холилдсон, буруу замаар орж ирсэн их хэмжээний мөнгө нь гэмт этгээдүүдийг аварсан юм. Юу гэхээр, уг нь тэднийг хууль бусаар галт зэвсэг авч явсан, цагдаагийн ажилтан руу зэвсэгт халдлага үйлдсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн, шалгасан ч, энэ хэрэг явсаар зэвсэгт халдлага бус зүгээр эсэргүүцэл, эцэстээ танхайрсан гэдэг зүйл анги болж хувирсан байдаг. Тэр бүү хэл, галт зэвсгээ өөрсдөө сайн дураараа хураалгасан гэсэн “өмгөөлөлд” орж, тэнсэн ялтайгаар шүүхийн танхимаас гарцгаажээ.

ЗБГБ-үүд энэ явдлаас хойш цагдаагийн ахлах төлөөлөгч Дмитрий Огородниковыг шүдэндээ зуужээ. Д.Огородников нь жирийн эргүүлийн цагдаагаас ахлах төлөөлөгч болтлоо дэвшсэн, үнэнч шударга, зоригтой, шийдэмгийгээрээ нэрд гарсан ажилтан байлаа. Төрөлх хот Тольяттигаа дээрэмчдээс цэвэрлэх нь өөрийнх нь үүрэг, нэр төрийн хэрэг гэж үздэг байв.

Эл явдлын дараа хэсэг хугацаанд гэмт хэрэгтнүүд нам жим байлаа. Гэмт хэргийн ертөнцөд энэ үеийг “Агуу рэкетийн I дайн” гэж нэрлэдэг аж. Нам жим байдлыг “Хамтрагч” хочит В.Вдовины бүлэглэл маш үр дүнтэй ашиглаж байв. Вдовин Тольятти хотын гэмт хэргийн ертөнцөд бараг ганцаараа ноёрхоод зогсохгүй улс төрд хүртэл нөлөөтэй хүний нэг болжээ. Ерээд оны дунд үе гэхэд Тольятти хотын худалдаа, үйлдвэрлэл тэр чигтээ ЗБГБ-ийн мэдэлд оров. ВАЗ хэдийгээр төрийн өмчит компани хэвээр үлдсэн ч гэмт этгээдүүд үйлдвэрийн тээвэр, борлуулалт, санхүүг хүртэл хянадаг болсон байлаа. Тэр үеийн ханшаар ЗБГБ-ийн жилийн орлого 700 тэрбум рубльд хүрч байсан гэдэг.

Нөгөөх нам жим байдлыг 1994 оны тавдугаар сард болсон аллага эвдэж орхив. “Купеевийнхэн” бүлгийн толгойлогчдын нэг хүү Купеев алуулжээ. Жилийн дараа эцэг Купеевийг нь ч хороожээ. Алуурчдыг цагдаагийнхан ч, бүлэглэлүүд ч тогтоож чадсанг үй. Энэ бол тэдний хийсэн ажил байсан юм. Тэд гэдэг нь хэдэн жилийн өмнө толгойлогчоо алдсан “Волга” бүлгийнхэн. Шинэ удирдагчтай болсон тэд асар хурдтай хүчээ авч, өшөөгөө авч эхэлсэн нь энэ. Тавдугаар сард ВАЗ үйлдвэрийн шалган өнгөрүүлэх пост дээр Вдовины бүлэглэлийн гурван гишүүн алуулав. Тэднийг “Волга” бүлгийнхэн алсан нь тодорхой болсон. Ингээд “Агуу рэкетийн II дайн” эхэлжээ.

Вдовин болон “волга”-гийнхны дунд өрнөсөн цуст тулааныг зогсоохын тулд Тольятти хотын прокурор Радиз Ягутян “Хамтрагч” хочит Вдовиныг хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр баривчилсан. Үүнийхээ төлөө прокурор ажлынхаа гадаа автоматаар шүршүүлэн нас барсан юм.

Тольятти хот үндсэндээ Вдовиных ба “Волга”-гийнх гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байлаа. Байдал улам ширүүсэж, бүлэглэлүүдийн толгойлогч нар нуугдахаас аргагүйд хүрчээ. Энэ үед өдөрт 3-4 захиалгат аллага үйлдэгддэг байсан гэдэг. “Волга”- гийнхан хэд хэдэн удирдах гишүүнээ алдсан бол Вдовиных жирийн “дайчдын” хэмжээнд хохирол амсчээ. Гэсэн хэдий ч ВАЗ-ын эргэн тойронд үзүүлэх Вдовины нөлөө хурдтайгаар буурч эхэлсэн аж. “Волга” бүлгийн толгойлогч Д.Рузляев Оросын либерал ардчилсан нам (ОЛАН)-д элссэнээр Москвагаас дэмжлэг авдаг болжээ. Бүлэг нь улам хүчирхэгжсэн нь мэджээ. Тэд ВАЗ үйлдвэрийн Сэлбэгийн төвийг сонирхож эхлэв. Тэр бол Вдовины холбоотон болох “Татар” бүлгийнхний хяналтад байдаг төв аж.

“ Татар”-чуудыг шахан зайлуулахын тулд Д.Рузляев ВАЗ-д өөрийн хүмүүсийг шургуулсан бөгөөд тэд “Татар”-чуудын нуусан сэлбэгүүдийг цагдаагийнханд матаж, “тус” болно. Ингээд ирэхээр “Татар”-чууд мэдээж мэдээлэгчдийг устгаж эхэлсэн. Хариуд нь Рухляев ВАЗ-ын Тээвэрлэлтийн хэлтсийн даргыг өөрийн талд оруулснаар “Татар”- чуудын булхайг дор бүр нь илрүүлэн хураах болжээ. Ийм байдалд хүрсэн тул “Татар”-чууд Тээвэрлэлтийн хэлтсийн даргын цогцсоор бэлэг барив. Аллага бүлэглэлүүдийн хүрээнээс гарч, иргэдийг чиглэх болсон нь хотынхныг цочирдуулжээ. Хуулийн байгууллагынхны шахалтад орсон “татар”-чууд нууц байдалд орохоос аргагүйд хүрч, Сэлбэгийн төв “волга”- гийнханд шилжив. Гэвч ердөө хоёр сарын дараа Рузляевийн төлөөний хүн “татар”- чуудад алуулжээ. Хэргийг цагдаагийн ахлах төлөөлөгч Д.Огородников мөрдсөнөөр “Татар” бүлгийн алуурчид баригдан, 15 жилийн ял аван, шоронд оров. Энэ бол цагдаагийн байгууллагын хоёр дахь том ялалт байлаа. Үүгээр “Агуу рэкетийн II дайн” төгссөн аж.

1996 он хүртэл Тольятти хотод харьцангуй тайван байв. Энэ хугацаанд цагдаагийнхан “Волга”-гийн толгойлогч Д.Рузляев хэд хэдэн аллага захиалсныг тогтоон, баривчилсан ч мужийн шүүх түүнийг гадагшаа гарч болохгүй гэсэн нөхцөлтэйгээр шоронгоос сулласан байдаг. Гэмт хэрэгтэн зугтах нь ойлгомжтой. Нөгөөх Огородников түүнийг мөшгисөөр жилийн дараа баривчлаадхав. Гэтэл шүүх түүнд ердөө хоёрхон жил тэнсэн харгалзах ял өгл өө. Харин бусдад нь 10-15 жилийн хорих ял оноожээ.

Огородниковыг Тольятти хотын гэмт ерт өнцийнхөн тэр чигтээ үзэн ядах болов. Түүнийг хоёр ч удаа алахаар завдсан. Гэсэн ч үйл явдал эсрэгээрээ эргэн, Огородников өөдг үй залуусын гарт гав зүүжээ. Харин гурав дахь удаагаа тэр нэлээд хүнд шархадсан байна. Удалгүй цагдаагийн газарт Огородниковыг “Шар” хочтой Кофтун гэгч алахыг завдсан гэсэн эзэнгүй мэдээлэл иржээ. Кофтун баривчлагдах үедээ алуулсан гэдэг. Эзэн нь тогтоогдоогүй учир Огородниковын эсрэг халдсан хэргийг удалгүй хаажээ. Гэвч Огородников “Волга”-гийн толгойлогч Рузляев өөрийг нь алуулахаар захиалсан гэдэгт эргэлзэхг үй байлаа.

1997 оны гуравдугаар сард гурав дахь “дайн” эхэлжээ. Энэ удаа ЗБГБ-үүд хоорондоо буудалцахын зэрэгцээ тэдний хяналт, хамгаалалтад байдаг худалдаа, үйлчилгээ болон том компаниудын эздийг алах болов. Бараг өдөр болгон шахам буудалцаан, дэлбэрэлт болж, таван сарын дотор 60 гаруй хүн алагджээ. Тэр үед Тольяттид Чечений мафи хүчээ авч эхэлсэн байна. Толгойлогчоор нь Ичкерийн Парламентын гишүүн, Тольятти хотын дүүргийн цагдаагийн ажилтан байсан Шамад Бисултанов гэгч тодорчээ. Тэрбээр Чечений тэр үеийн Ерөнхийлөгч Аслан Масхадовын хүрээний хүн бөгөөд депутатын халдашгүй эрхээрээ түрий барин, бохир хэргээ эрээ цээргүй үйлдэл байлаа. Хэрэв тэрбээр машины осолд орж нас бараагүй бол Чечений мафиуд дийлдэхгүй болох байсан гэдэг. Тэр айхтар нөхрийн амийг авч одсон явдал гэнэтийн осол байсан уу, зохион байгуулалттай аллага уу гэдэг нь тогтоогдоогүй аж.

1998 онд Тольятти хотын цагдаагийнхан “Шуурга” нэртэй ажиллагаа явуулсны үр дүнд ВАЗ үйлдвэрийг гэмт этгээдүүдээс тусгаарлаж чадсан байна. Ихэнх бүлэглэл үйлдвэр рүү нэвтрэх боломжгүй болжээ. “Ажилгүй” болсон дээрэмчид гудамжинд гарснаар дээрэм, тонуул, хулгайн хэрэг газар авлаа. Энэхүү ажиллагаагаар “Хамтрагч” хочтой Вдовиныг баривчилж чадаагүй. Энэ үед “Волга”-гийнхны олонх алуулж, зарим нь өргөст торны цаана орж, үлдсэн нэг нь оргон зайлжээ. 1998 оны дөрөвдүгээр сарын 25-нд Рузляев машинтайгаа явж байхад гаднаас нь автоматаар шүршиж, “шүүрэн шанага” болгож орхисон байна. Ингэж Тольятти хотын төдийгүй Оросын хамгийн том, аймшигтай ЗБГБ-ийн нэг “Волга” мөхлийн замдаа орсон.

2000 онд Огородников ВАЗ үйлдвэрт үлдээд байсан “Хамтрагч” хочтой Вдовины бүлэглэлийг шахаанд оруулан толгойлогчдыг нь баривчлахад тун ойрхон байлаа. Тавдугаар сарын 22-ны өдөр Огородников үдийн цайгаа уухаар гэр рүүгээ явжээ. Хотын төв гудамжны замын уулзвар түгжрэлтэй байв. Тэрбээр зүүн эгнээнд зогсож байтал “Жигули” маркийн нэг машин эсрэг урсгалыг сөрөн, зүүн талд нь зэрэгцэн зогсов. Цагдаагийн гарамгай ажилтан Огородников байдал биш болсныг ойлгосон ч, нэгэнт оройтжээ. “Жигули”- гийн цонхыг ч онгойлголгүйгээр дотроос нь автомат буугаар шүршиж гарав. Хоёр талаасаа хавчигдсан Огородниковт амьд гарах ямар ч боломж байсангүй. Түүний биеэс 32 сум гарсан гэдэг. Тэгсэн хэрнээ цагдаагийн ажилтан гар бууныхаа сумыг дуустал эсэргүүцсэн байжээ.

Огородниковын үхэл Тольятти хотын төдийгүй Самар мужийн хүчний байгууллагуудыг хөл дээр нь босгосон байна. Хотын болон мужийн цагдаагийнхан “Омон” буюу тусгай ангийнхантай хамтран ЗБГБ-ийн эсрэг ямар ч өршөөлгүй, ямар ч наймаагүй дайн зарласан юм. Үүний үр дүнд Тольятти хотыг харгис, хэрцгий, ямар ч хууль үйлчилдэггүй ЗБГБ-ийн ноёрхлоос ангижруулжээ. Тольятти хотод одоогоор тайван байна. Гэхдээ гэмт хэрэг үндсээрээ устсан гэж болохгүй аж. Урьдын адил улайм цайм рэкетлэхгүй байгаа ч, гэмт хэрэг өөр хэлбэрт шилжсэнийх гэнэ. Өчигдрийн ЗБГБ-үүд өнөөд өр хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаат компани, холдинг нэрээр хувирч, толгойлогчийг нь бизнесмен гэх болжээ. Тэдний тоонд “Хамтрагч” хочит В.Вдовин цохиж явдаг байна. Тэдгээр байгууллагын орлогын эх үүсвэр одоо “АвтоВаз” нэртэй болсон үйлдвэрийн борлуулалт хэвээрээ аж. Өнөөдрийн бизнесмэнүүд өчигдрийн толгойлогчид гэдгийг таних хүн Тольяттид олон гэнэ. Тэдний нэг болох Д.Огородниковын хамтрагч, найз, цагдаагийн дэслэгч К.Кондратьев “Өчигдрийн толгойлогч, өнөөдрийн бизнесмен үүд бохир үйл хэргээ тайван хийх цаг үе ирлээ гэж бодож байгаа бол том энд үүрэл” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрбээр 2002 онд Огородниковыг хөнөөс өн алуурчдыг илр үүлэн, өөрийн гараар баривчилсан сайн анд нь юм байна. Гэхдээ энэ огт өөр түүх билээ.

 

Н.Энхтүвшин

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД