Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд шинэ дүрэмтэй болно

2014 оны 09 сарын 22

Нийслэлд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115, төрийн бус өмчийн 93 сургууль, мөн энэ тооны цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Уг нь сургууль, цэцэрлэг бүр өөрийн дүрэмтэй. Гэвч тэр дүрмээ ёс төдий боловсруулдаг, нэгнээсээ хуулдаг, суралцагч, эцэг эхээс санал авдаггүй, дүрмээ мөрдөж ажилладаггүй. Иймээс нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийг БШУЯ-наас зөвшөөрсний дагуу шинэчлэн боловсруулжээ. Сургууль, цэцэрлэгүүд энэ дүрмийг өөрийн онцлог хэрэгцээнд тулгуурлан Ажлын хэсэг гарган хамт олон, эцэг эх, сурагчдын төлөөллөөр хэлэлцүүлэн, баталж мөрдөх аж. Ингэхдээ БШУЯ-наас дэвшүүлж буй зорилго зорилтыг үндсэн чиглэл болгох бөгөөд түүнийг өөрсдийн онцлог хэрэгцээнд тулгуурлан боловсруулна. Мөн сургууль нь хамран сургах тойргийнхоо суурь боловсрол эзэмших насны хүүхдийн судалгааг жил бүр гаргаж, багш, удирдах ажилтны ёс зүйг тусгаж, үүнтэй холбоотой зөрчлөөс үүдэх хариуцлага болон урамшууллын тогтолцоог заавал тусгах зэрэг олон зүйлийг багтаажээ. Нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн хөгжил, албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Бадамдорж “БСШУ-ы сайдын 2010 онд баталсан үлгэрчилсэн дүрэмд нэмэлт заалтууд орууллаа. Сургуулиуд энэ дагуу сургуулийнхаа дүрмийг боловсруулна. Энд захирал, сургуулийн ажилтнуудын эрх, үүргийг тодорхой тусгасан. Дүрмийг тайлагнадаг, хэрэгжилтийг хангадаг байлгахад анхаарч байна. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд энэ сарын 25-ны дотор шинэ дүрмээ ирүүлэх ёстой. Мөн жилд хоёр удаа дүрмийн хэрэгжилтийг тайлагнана” гэв. Үлгэрчилсэн дүрмийн зарим заалтыг дурдвал:

• Үлгэрчилсэн дүрмийг хэрхэн хэрэгж үүлснээ тайлагнах хугацааг заавал тусгаж өгнө.

• Сургалтын үйл ажиллагаа явуулахдаа хүүхэд бүрийн хөгжлийг ханган ажиллах талаар сургуулийн онцлогийг тусган томъёолон оруулсан байна.

• Багш нарын эрх үүргийг нарийвчлан тодорхой тусгах бөгөөд багшийн үйл ажиллагаатай холбоотой харилцааны асуудлыг тусгана.

• Сургуулийн эмчийн гүйцэтгэх үүргийг тодорхой болгоно. Жишээ нь, улирал бүр тодорхой сэдвийн хүрээнд сургалт явуулж байх, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн байдалд өдөр тутам хяналт тавьж ажиллах гэх мэт.

• Сургуулийн үйлчилгээний ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа ёс зүйн хариуцлагыг заавал тусгана.

• Сурагчийн бие даасан дүрэмтэй байна.

• Суралцагч нийслэлийн Боловсролын газраас сонгож баталсан дүрэмт хувцас өмсөнө гэдгийг тусгана.

• Сургууль бүр эцэг эхийн зөвлөлтэй байх ба зөвлөл нь бие даасан дүрмийг заавал боловсруулан хэрэгжүүлнэ.

• Хуульд зааснаас бусад тохиолдолд багш, албан хаагч, сурагчдаас төлбөр, хураамж авахыг хориглох талаар тодорхой оруулна.

• Хуульд заагаагүй бол сургалтын зориулалтын эзэмшил газар, анги, танхим, талбай, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг аливаа хэлбэрээр орлого олох үйл ажиллагаанд ашиглахыг хориглох талаар оруулсан байна.

• Сургуулийн удирдлага нь сургуулийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг шүүмжлэл, санал хэлсэн багш, албан хаагч, сурагчдад дарамт шахалт үзүүлэхийг хориглох заалт оруулна. Хэрвээ энэхүү заалтыг зөрчсөн нь ёс зүйн хороогоор батлагдсан тохиолдолд сургуулийн удирдлага ажлаас халагдах үндэслэл болохыг мөн давхар тусгана.

• Гарын авлага, цахим болон бичмэл материал, бусад зүйлийг зохион байгуулалттайгаар худалдан авахыг шаардахыг хориглох талаар тусгана.

• Сургуулийн орчинд хориотой цахим хуудсанд нэвтрэхийг хориглох талаар тусгасан байна.

 

 Э.ЦЭЦЭГ