Шинжлэх ухааныг өөрчилсөн ламтан хийгээд вандуйн түүх

2014 оны 09 сарын 22

Вандуйнд дуртай хүн тийм ч олон биш. Харин гарал зүйн ухааны түүхийг бичилцсэн эл бяцхан ногооны өмнө шинжлэх ухаан аргагүй их өртэй. Австрийн буйдхан хийдэд олон арван жил судалгаа хийсэн, XIX зууны үеийн нэгэн санваартан өөрийн тарьж ургуулсан атга вандуйн үүсэл, удамшлын үндсэн шинжийг судалж, ажиглаж тогтоосноо бүртгэж эхэлсэн нь шинжлэх ухаанд онцгой их хувь нэмэр оруулах их үйлсийнх нь эхийг тавьжээ. Ургамал, амьтны гарлыг судлах нь Грегор Иоханн Менделийн үндсэн зорилго байсан ч судалгааны ажил нь эрхг үй хүний генийн бүтэц тийш хандсан байна. Өдгөө Менделийг гарал зүйн ухааны эцэг гэдэг. Гэхдээ австри санваартны удамшил судлалын ажил шинжлэх ухааны ертөнцөд Чарльз Дарвиных шиг тухайн цагтаа цахиур хагалаагүй юм. Түүний хичээл зүтгэл, ололт, нээлтийг нэлээд хожим буюу XX зууны эхэнд л мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ. Бурхны шавь байсны хувьд Мендель анхнаасаа шинжлэх ухаанч байсангүй.

Бага, дунд сургуульд багшилж, Венийн их сургуульд сурч байсан тэрбээр хувраг хүний үүргээ бүхнээс илүү эрхэмлэдэг байв. 1822 оны долдугаар сарын 20-нд эгэл жирийн герман фермерийн гэрт мэндэлсэн Мендель Оломоуцийн Философийн хүрээлэнд суралцсаныхаа дараа 1843 оноос тухайн цагт АвстриУнгарын эзэнт гүрний харьяанд байсан Брно хотын (одоогийн Чехийн нутаг) Аугустиний Гэгээн Томасын хийдэд шавилан суужээ. 1851 онд Венийн их сургуулийг зорьсон тэрбээр хоёр жилийн дараа багшийн хувиар хийддээ эргэн ирсэн байна. Харин түүхнээ нэрийг нь мөнхөлсөн судалгааны ажлынхаа дараахан хийдийнхээ хамба болж, 1884 онд насан эцэслэх хүртлээ тэндээ амьдарчээ. Атгахан вандуйнаас үүдэлтэй судалгааны ажил нь 1856 онд хийдийн цэцэрлэгт эхэлсэн гэдэг. Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хараат бусаар, олны анхаарлаас хол явагдсан ажиглалт, судалгаа нь анхандаа вандуйны шинэ өнгө болон олон төрлийн вандуй дундаас шинэ төрлийн вандуй гаргаж авах зорилготой байв. Менделийн үед аливаа амьд биет, хүн, малын гадаад байдал, ааш араншин эцэг эхийнхтэй нь төстэй гэх ерөнхий ойлголтоос өөр удамшлын талаар мэдлэгтэй хүн бараг байсангүй. Тэгэхээр генийн тухай төсөөлөл бүр ч байгаагүй гэсэн үг.

Хийдийн арын цэцэрлэг дэх 34 төрлийн вандуйн хэмжээ, өнгө, амт, ишин дээр нь ургадаг цэцэг, навчийг судалсан Мендель төрөл тус бүрийн онцлог, өөрийн гаргаж авсан шинэ төрлийн вандуйн бусад төрлийн вандуйнаас өвлөж авсан шинж зэргийг сайтар харьцуулан судалжээ. 1856-1863 оны хооронд нийт 29 мянга гаруй кг вандуй ургуулж, судалсан тэрбээр үрээ “хайрласан” аль нэг төрлийнх нь шинж эрлийзжүүлсэн вандуйнд давамгайлдаг, нэг үгээр удамшлын сул дорой болон илүү хүчтэй нэгж байдгийг нээгээд зогсохгүй тэрхүү нэгжийн бүтцийг (хожим ген гэгдсэн) математикийн аргачлалаар тооцох томъёо гаргасан байна. Түүний судалгаа үндсэндээ дараах гурван нээлтэд хүрчээ. Үүнд, шинж чанар бүр бусад шинжээсээ хараат бусаар өвлөгдөх ба нэгж (ген)-ээс бүтнэ, онцлог шинж бүр хоёр нэгжтэй агаад үүсэл тус бүрээсээ нэг нэг нэгж өвлөнө, хоёр нэгжийн нэг нь буюу аль нэг үүслээсээ өвлөсөн шинж нь ажиглагдахгүй байж болно, тэрхүү “нуугдсан” чанар дараагийн үед идэвхжиж болно гэсэн санаанууд багтана. Менделийн эл чухаг ажлыг бараг 40 жилийн дараа буюу нас барснаас нь 16 жилийн дараа л шинжлэх ухааны ертөнцийнхөн таньж мэджээ.

Шинжлэх ухааны аль нэг салбарт харьяалагдаж, албан ёсны хүрээлэн, аль нэг байгууллагын гишүүн байгаагүй тул судалгааны ажлаа олонд хүргэх боломж Мендельд байсанг үй. Тэгээд ч хийдийн хамба болсноор шашин номын ажилд илүүтэй анхаарах болж, судалгааны ажлаасаа хөндийрсөн байна. Харин гарал зүй судлах хүн олширч, судалгааны ажлууд ар араасаа хөвөрч эхэлснээр австри санваартны судалгааны ажлын хэвлэмэл тайлан анх удаа олонд дэлгэгдэж, эрдэмтдийн анхаарлыг татжээ. Менделийн гар бичмэлүүд устаж үгүй болсон тул 1866 онд хэвлэгдсэн тэрхүү бүтээлд л түүний судалгааны дүн үлдсэн аж. Хүн эцэг, эхийнхээ онцлогийг өвлөдөг гэх генийн онолыг Менделийн бүтээлээс илрүүлснээс хоёр жилийн дараа буюу 1902 онд энэ төрлийн анхны нарийвчилсан судалгаа хийгдсэн гэдэг. Гарал зүйн ухааны үндсийг тавьсан жирийн нэгэн ламтны бүтээлийг судлах ажил олон жил үргэлжилж ургамал, амьтан, хүний биологийн шинжийг анхлан тодорхойлж, томъёолсон гавьяаг нь 1909 онд л дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчээ.

 

Г.ЛХАГВА