Өвөржанчивлангийн рашааны эхэнд олборлолт явуулах гэж байна

2014 оны 09 сарын 22

Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг Өвөржанчивлангийн рашаан сувиллаас дөрвөн км зайтай газарт “Тогосчүлтэм” гэх уул уурхайн компани цагаан тугалга олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Тэд одоогоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр цахилгааны шон татаж, гүний худаг гарган, эксковатор, усан буу зэрэг тоног төхөөрөмжөө суурилуулсан гэнэ. Харин нутгийн иргэд жилд 10000 гаруй хүн ундаалдаг, дотор эрхтний үрэвсэл анагаах увидастай Жанчивлангийн рашааны эхийг ухаж сэндийчих гэж байгааг эсэргүүцэж буй аж. Хэрэв олборлолт явуулбал рашааны цооногоос ердөө нэг км зайд уул уурхайн үйл ажиллагаа явагдах бөгөөд ингэснээр тухайн газрын давхарга, сувагт өөрчлөлт орж, рашааны найрлага алдагдана гэж тэд үзэж байгаа юм.

Уг нь олборлолт явуулах гэж байгаа талбай 2012 оныг хүртэл тусгай хамгаалалтад байж. Харамсалтай нь нутгийн удирдлагууд мөн онд тусгай хамгаалалтаас гаргаснаар дээрх компани 2041 он хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Нагалхаан уул, Цогттүвшин хайрхны энгэрт орших, дэлхийн цэвэр усны хагалбар, хосгүй рашааныг сүйтгэх гэж байгааг Өвөржанчивлангийн рашааны ойр орчимд нутаглаж буй 147 өрх, рашаан сувиллын зургаан аж ахуйн нэгж үүнийг эсэргүүцэж, хууль бус үйл ажиллагааг зогсоохыг эрх мэдэлтнүүдээс шаардаж байна. Түүнчлэн “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагынхан энэ мэдээг сонсоод, өнгөрсөн мягмар гаригт газар дээр нь очиж, “Тогосчүлтэм” компанийн манаачийн гэрийг буулгаад иржээ. Цаашид тэд уг газар нутгийг ямар ч үнэ цэнээр хамаагүй хамгаалахаа хэлээд, Монгол Улсын Ерөнхийл өгчид хандан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрээ хамгаалахыг уриаллаа.

 

Б.БЯМБА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД