ВЕНЕЦ РҮҮ ХӨТЛӨХ ҮДЭШ

2014 оны 09 сарын 22

Монгол зураачдын олон жилийн турш хүсэж, мөрөөдөж байсан Венецийн биенналь улам ойртсоор, бид өөрсдийн гэсэн павильоноо нээж уран бүтээлчээ танилцуулах цаг хугацаа наашилсаар байна. Италийн Венец хотын зөвлөл 1895 онд хотынхоо нэрэмжит урлагийн биенналийг анх зохион байгуулсан гэдэг. Шинэ тутам үүсэж эхэлсэн орчин үеийн урлагт зах зээлийн орон зай бий болгон, шилдгүүдийг нэг дор цуглуулах нь энэ арга хэмжээний зорилго байлаа. Тухайн үед судлаачид, цуглуулагчид, урлаг сонирхогчдод янз бүрийн урсгал хөдөлгөөнүүд, өөр өнцөг, хандлагыг эрэлхийсэн уран бүтээлчидтэй холбогдох, танилцах өргөн боломж байсангүй. Тиймээс хоёр жил тутмын Венецийн биенналь тухайн үедээ урлагийн ертөнцийн гүүр болж байсан нь ойлгомжтой. Дэлхий дахины орчин үеийн урлагийн төв болдог уг наадам улс, орнуудын урлаг хаашаа явж буй тухай, ерөнхий төлөв, чигийг харуулж, уран бүтээлчдийн сэтгэлгээ, бүтээлээр дамжуулан улсынх нь толь болдог юм. Аль ч орон, уран бүтээлчдийнх нь хувьд Венецийн биеннальд оролцох нь хариуцлага хийгээд нэр хүндийн хэрэг байдаг. Өнгөрсөн жилийн биенналийг сурвалжлахаар 7700 сэтгүүлч, 300 гаруй телевизийн станц ажилласан гэсэн мэдээлэл бий. Ингэхээр тус арга хэмжээний цар хүрээ хэр том болох нь тодорхой ойлгогдох биз ээ.

Ирэх жил буюу 2015 оны Венецийн биеннальд анх удаа Монгол Улсын павильон нээгдэн, монгол уран бүтээлчид оролцох гэж байна. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо (МОҮУДХ) ирэх оны тавдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл Италийн Венец хотноо болох 56 дахь удаагийн oлон улсын дүрслэх урлагийн биеннальд Монгол Улсын павильоныг анх удаа нээн оролцох эрхийг албан ёсоор аваад байна. Төслийн албан ёсны түнш дэмжигчээр Ром хот дахь Монгол Улсын ЭСЯ ажиллаж буй. Биеннальд Монголыг төлөөлөх уран бүтээлчдийг шалгаруулах комисст Итали, Герман, Америк, Австрали, Хонконг, Солонгос зэрэг олон улсад нэртэй куратор, монгол мэргэжилтнүүд багтсан бол зохион байгуулалтын багт олон улсын куратор, урлаг судлаач, менежмент, маркетинг, хэвлэл мэдээллийн гадаад, дотоодын мэргэжилтнүүд нэгдсэн юм. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос Дэлхийн урлагийн олимпод Монголыг төлөөлөх уран бүтээлчдийн нэрийг энэ сарын 23-нд “976” болох “The global party” үдэшлэгийн үеэр албан ёсоор зарлах гэж байна. “Дэлхийг 80 хоногт туулсан нь” зохиолын баатар Филеас Фоггоос үлгэрлэн сэдэвлэсэн уг үдэшлэгийг анх, гурван жилийн өмнө Их Британийн санхүүгийн мэргэжилтэн Стэнли Финк, түүний бизнесийн түнш Дэвид Жонстөүн нар 80 гаруй газар нэгэн зэрэг зохион байгуулж байсан юм. Зөвхөн тусгай урилгатай хүмүүс оролцдог уг үдэшлэгт сайн үйлсийг дэмждэг урлаг, спортын одод, загвар өмсөгчид, саятнууд цуглардаг аж. Энэхүү арга хэмжээг Лондон хотынхон удирдан зохион байгуулдаг бөгөөд 2011 онд Лондоны Үндэсний түүхийн музейд болж Элтон Жон, Наоми Кэмпбел, Лорд Стэнли, Пинк зэрэг урлаг, соёл, бизнесийн одод дэлхийн өнцөг бүрээс хуран цуглаж байжээ. Энэ жилийн арга хэмжээг дэлхийн 360 гаруй хотод есдүгээр сарын туршид зохион байгуулах юм. “Глобал парти”-г зохион байгуулагч бүр өөр өөр утга, агуулга, шалтгаанаар янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ч сайн үйлсийн төлөөх үйлдэл нь тэднийг нэгтгэдэг аж.

Монголын хувьд энэ удаагийн үдэшлэгээр Монгол орны дүрслэх урлагийн салбар дэлхийн тавцанд гарах зам нь нээгдэж байгааг зарлах юм. Венецийн биеннальд оролцохоор шалгарсан уран бүтээлчид, тэдний кураторууд, олон улсын зөвлөхүүдийн нэрийг албан ёсоор зарлан таниулахаас гадна, домогт Жон Ленноны эхнэр, уран бүтээлч Йоко Оно, Хятадын уран бүтээлч Ай Вэй Вэй, Венецийн 55 дугаар Биенналийн ерөнхий куратор, дэлхийн дүрслэх урлагийн салбарын гол нөлөө үзүүлэгчдийн нэг Массимилиано Жиони нартай онлайн шууд уулзалт хийнэ. Уригдсан хүндэт зочдодоо энэхүү төслийг дэмжих орон зайг нь нээлттэй орхиж буй. Өнөө цагийн урлагийн дүр төрхийг тодотгох, Монгол орон дэлхийн тавцан руу дөхөж байгааг илтгэх олон үйл явдлаар дүүрэн байх уг арга хэмжээнд хүндтэй зочид оролцоно. Тухайлбал, АНУ-ын Сан Францискогийн орчин үеийн урлагийн музей, Уйтни Америкийн дүрслэх урлагийн музей (Whitney Museum of American Art), Бостоны Контемпорари урлагийн институт (Boston Institute of Contemporary Art)-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Венецийн биенналь, Документа зэрэг олон улсын уралдааны шүүгчээр ажиллаж байсан, Олон улсын уран бүтээлчдийн тэтгэлгийн сангийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч, кураторуудын хорооны тэргүүн Давид Росс, Соёл урлагийг дэмжих “K&K” сан, Швейцарийн урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Олон улсын Aртплатформ, Aртлабын захирал, куратор, өмнө нь Франкфуртын орчин үеийн урлагийн музейн дэд захирал, ерөнхий куратор, Германы Манхеймын уран зургийн галерейн захирал, Швейцарийн Арт Институтийн (Swiss Art Institution Karlsruhe) захирлаар тус тус ажиллаж байсан Ролф Лаутер нар оролцох юм. Үдэшлэгийн үеэр Монгол уран бүтээлчдийн нэгдэл “Хүн-байгаль-хайр-эрх чөлөө”, Америкийн визуал уран бүтээлч Лес Жойнeс, түүний куратор Хаген Бетсвейзр нарын хамтарсан “Form+Lab” үзэсгэлэнгийн нээлт болох юм. Д.Дорждэрэм, Г.Мөнхболор, “Моханик” хамтлагийн Ц.Даваажаргал, кино найруулагч Ж.Гантулга зэрэг уран бүтээлч хамтран “Хүн-байгаль-хайр-эрх чөлөө” нэгдлийг бүрдүүлдэг юм.

Харин Америкийн уран бүтээлч Лес Жойнс нь Англи, Японд гурван сургуульд суралцаж, Сидней, Сан-Паулу, Сөүл, Токио, Нью-Йорк, Берлин хотын томоохон музей, галерейд үзэсгэлэн гаргаж байсан төдийгүй их дээд сургуулиудад лекц уншиж урлагийн сэтгүүлүүдэд шүүмж, нийтлэл бичдэг аж. Мөн энэ үеэр Сальвадор Дали, Жорж Брак, Хэнри Мүүр, Вазерели нарын эх ажлыг дэлгэн үзүүлнэ. Үдэшлэг бүхэлдээ авангард, экспериментал шинжтэй байх бөгөөд олон талыг хамарсан маш шинэлэг уран бүтээлчдийг нэгтгэн, гадаад, дотоодын урлагийн ертөнцөд хүндтэй байр суурь эзэлдэг эрхмүүдтэй уулзан, халуун яриа өрнүүлэх боломжийг олгох юм. Түүнчлэн энэ нь Монгол Улс дэлхийн урлагийн олимпод анх удаа оролцох хүрээнд зохион байгуулах эхний ажил гэдгээрээ онцлогтой юм.

 

 С.СЭРГЭЛЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.130.61 Yamar saihan medeebe. Ta buhend tom amjilt husie.