”Миний Монголын газар шорооноос жирийн иргэд гуйваас бүү өгтүгэй!”

2014 оны 09 сарын 22

Эрт урьдын цагт дэлхийн талыг эзэгнэж явсан их үндэстний орчин цагийн эмгэнэлт үлгэр ярьж өгье. Гурван сая хүрэхгүй хүн амдаа дэндүү томдсон гэж болохуйц 1.566.600 км2  талбай бүхий газар нутагтай Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй олгох тухай хууль батлагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Газар өмчилж авсан иргэдийн тоо нь статистик мэдээндээ хүртэл инээд хүрмээр өчүүхэн бага. Ажил урагштай явж байгааг телевизийн мэдээгээр үе үе дурдах эрээн зангиатын дэгс яриа төдийгөөр ажлын үр дүн нь хязгаарлагдана. Сүүлдээ мэргэн ухаант нэгнийх нь санаачлагаар алга дарам газраа авахын тулд цахимаар бүртгүүлж, сугалаа маягаар олгох ч юм боллоо. Тэр нь иргэдийн өнчин тархиар наадах “УХААЛАГ ТӨРИЙН” наадаан болоод өнгөрөв. Жирийн иргэд 0.07 га газраа өмчлөх хүсэлтээ дүүргүүдийн газрын албан өргөн бариад бухын доодохыг хараад турж үхсэн үнэгнүүд болж хувирчээ. Үлгэр ингэж төгсөх нь холгүй байна. Газрын албаны хүнд сурталтай, өөрийнх нь хувийн өмчнөөс гуйж байгаа мэт аашилдаг төрийн алба цөөнгүй.

Зарим нь 0.07 га байтугай уулын амыг тэр чигээр нь хашаалж, дархан цаазат газар хаусаа босгож байхад хууль дүрэм яригчид чив чимээгүй 

Үүний нэг тод жишээ бол Сонгинохайрхан дүүргийн газрын алба. Тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Тахилтын ам хавьцаа газар өмчилж авах гэсэн хүмүүсийн нус нулимс, цаг зав, нервээр жинхэнэ наадаж байна. Газрын албан дээр нь очихоор байцаагч нар нь иргэдийг “Сонгосон газраа хүлээж бай. Өргөдөл, цохолтыг газар дээр нь очиж шийдэж өгнө” гэх. Гэтэл нэг сайхан нартай өдөр гэнэт өнөөх газар дээр өөр зөвшөөрөлтэй хүмүүс гарч ирээд “Энэ газрыг бид аль хэдийнэ авчихсан. Та нар эндээс нүүцгээ. Долоон уулын далд цаагуур ортугай” хэмээдэг. Бүрдүүлсэн бичиг, баримтаа аваад дүүргээр очихоор өөдөөс “Зөвшөөрөлгүй газар яагаад буусан юм бэ” гэж хэлэх.

  Ерөөс өнөөдөр газар хувьчилж авсан хүмүүсийг хоёр янзаар ангилж болох нь. Нэгдүгээрт, мөнгөтэй болон танил талтай хүмүүс (үүнд газрыг га га-гаар нь авсан гадаадын иргэдийг оруулаагүй юм шүү). Хоёрдугаарт, хийх ажилгүй юм уу тэтгэвэр тэтгэмжийн хүмүүс. Тэдний хувьд газрын албаны үүдээр хэдэн сар, жилээр эргэлдэн байж арайхийн нэг төрийн “хайр хишгийг” хүртэх нь бий. Харин эгэл жирийн ардын хөөцөлдөөд баршгүй ажил бол газраа өмчилж авах. Зуднаар боохой зоолдог гэдэг шиг Модун Шаньюйгийн хэлсэн үг “Миний Монголын газар шорооноос жирийн иргэд гуйваас бүү өгтүгэй”  болон хувирч байна.

Бид дараа дараагийн нийтлэл, сурвалжлагаараа уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД