ХАРҮМАФҮЖИ ГЭМТЭЖ, ИЧИНОЖЁО УНАЛАА

2014 оны 09 сарын 22

 Японы мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн ид дундаа орлоо. Тэмцээнийг Монголын бөхчүүд тэргүүлсэн хэвээр байгаа ч тэмцээний эхнээс ялагдалгүй явсан Ичиножёо, Кёкүтэнхо нар өвдөг шороодоод байна. Тэмцээнийг ёкозүна Хакүхо, Какүрюү нар найман ялалттай хошуучлан, нэг унаатай озэки Кисэносато, маэгашира Ичиножёо нар нэхэж явна. Манай хоёр аварга энэ тэмцээнд маш нямбай, хянуур барилдаж байна. Япон арслангуудын хувьд Кисэносато л түрүүлэх боломжтой бөхийн тоонд үлдээд байгаа билээ. Нүдэндээ хүнд гэмтэл аваад тэмцээнийг орхисон Харүмафүжигийн хувьд байдал базаахгүй талруугаа эргээд байгаа. Эмнэлгийн дүгнэлтээр нүдний ойролцоох яс хугарсан, доод тал нь нэг сар эмчлүүлэх шаардлагатай, мэс ажилбар хийлгэвэл гурван сар зарцуулах болно гэсэн онош гарсан байна. Хэдийгээр бүрэн эдгэлээ ч сүмо шиг хатуу ширүүн спортод нүдэндээ дахиад гэмтэл авахад бас л хагалгаа хийх шаардлагатай болох магадлалтай аж. Тиймээс Харүмафүжи 11 дүгээр сарын тэмцээнд барилдахгүй, Нэгдүгээр сард ч амжихгүй болоод байна. Энэ жилийн Нэгдүгээр сарын тэмцээнд барилдаагүй, дараагийн тэмцээнүүдэд 12, 11, 10 ялж, амжилт тааруухан байгаа тул Сүмогийн холбооноос түүнийг эргэн ирээд сайн барилдахгүй бол зодог тайлах сануулга өгч магадгүй байгаа гэнэ.

Башёог тэргүүлж явсан манай Ичиножёо тэмцээний долоо дахь өдөр эхний ялагдлаа хүлээлээ. Мэргэжлийн сүмод 57 тэмцээн барилдаж байгаа Икиойтой түүнийг тааруулсан байлаа. Хоёр бөх нэлээд удаан барилдсаны эцэст Икиойгийн хамраас цус гарсан тул гёожи барилдааныг түр зуур тогтоолоо. Барилдаан дахин эхлээд Ичиножёо хэдэн ч удаа ялах боломж байсан ч яарч, мушгин шидэх гэж байгаад уналаа. Хэчнээн тэмцээнийг тэргүүлж явсан ч гэсэн дээд зиндаанд анх барилдаж байгаа шинэ бөх. Гэтэл Ичиножёог унангуут Сүмогийн ордон тэр даяараа шуугин, зарим үзэгч “Банзай” хэмээн уухайлж байсан бол нэг хэсэг нь эгээ л ёкозүна өвдөг шороодсон мэт л суудлын олбогоо дохё руу шидэж байлаа. Аварга арсланг өвдөг шороодуулсан бөхөөс л ярилцлага авдаг NHK телевиз хүртэл тэр дор нь Икиойгоос ярилцлага аван гайхалтай юм боллоо. Икиой ч бас гайхсан янзтай “Ахмад бөхийн хувьд би ялах ёстой байсан” хэмээн хариулж байв. Хэдийгээр ялагдсан ч Ичиножёо энэ өдөр том сургамж авлаа. Асар том Сүмогийн ордон бараг тэр чигээрээ түүний эсрэг хандаж, ялагдахад нь яаж баярлаж байгааг, дээд зиндааны анхныхаа тэмцээнд мэдэрч авна гэдэг том хичээл болсон нь гарцаагүй. Цаашдаа улам хүчтэй болж, даван дийлж, байлдан дагуулж эхлэхэд нь ийм явдал маш их тохиолдох болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД