ЭНЭ ЖИЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ЗАЛУУС ӨНГӨТЭЙ БАЙЛАА

2014 оны 09 сарын 22

 - Манай сэтгүүлч Х.Болормаа БАЛДОРЖ шагналын тусгай байрын шагнал хүртлээ -

 Сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын зургаа дахь жилийн шалгаруулалт өнгөрсөн пүрэв гаригт дүнгээ гаргалаа. Ирэх жилийн их сунгааны “морьд” энэ өдрөөс эхлээд гарааны зурхайгаас хөдөлсөн. Сэтгүүлчийн ажил гэдэг ийм л байдаг. Өдөр шөнө, цас бороо, хол ойрыг үл ажран бид нийгмийн оюун санааг зөв зүгт залан чиглүүлэх, ард түмнийг мэдээллээр хангах эрхэм үүргээ биелүүлэхийн төлөөх мөнхийн аянд гардаг. Тэрхүү аянаас үүрч ирсэн богц нь хуурмаггүй үнэн байх, эсэх нь мөн л биднээс шалтгаалдаг. “Ардчилсан ёс, чөлөөт сэтг үүл зүй бол тун амаргүй, адармаатай зантай. Алдаа, онооны аль аль нь бидэнд байдаг байх. Гэхдээ бүхэлдээ Монголын сэтгүүл зүй урагшлан хөгжиж, даваа нугачааг даван туулсаар байгаа гэж би хувьдаа дүгнэдэг. Чөлөөт сэтгүүл зүй, чөлөөт сэтгүүлчийн эрхэмлэх ёстой зарчим юу юм бэ гэж бид биенээсээ асуудаг. Би ч бас энэ асуултыг хааяа тавьдаг юм. Эдгээр асуултын хариуг Балынхаа хэлсэн, бичсэн зүйлээс хайдаг юм. Тэрбээр “Сэтгүүлч хүн аливаа зүйлийг бичихийн өмнө сэтгэлийнхээ хир буртгийг арилгаж, би гагцхүү үнэнийг бичих ёстой шүү гэж өөртөө тангараг өргөсний дараа үзгээ авах эрхтэй” гэж бичсэн байдаг. Бас “Улстөрч, сэтгүүлч хоёр хэзээ ч нэг хөнжилд орж болохг үй. Тэдний дундаас тахир дутуу хүүхэд төрнө” гэж хэлсэн байдгийг би санаж байна” хэмээн Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр шагнал гардуулах ёслолын нээлтийн үеэр хэлсэн юм. Монголын сэтгүүл зүйн түүчээ болж, чөлөөт сэтгүүл зүйн гэрэлт тугийг баригч, нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдорж агсны дурсгалд зориулан “Балдорж” сангаас уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уралдааны өнөө жилийн гол онцлог нь шилдэг 30, цаашлаад шилдэг 10-т шинэ залуу сэтгүүлч нэлээд орж ирсэн явдал байлаа. Сэтгүүл зүйн тогоонд орж ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа залуугаас эхлээд энэ салбарт 30 жил тасралтгүй хөдөлмөрлөж буй хал сэтгүүлч хүртэл үе үеийн төлөөлөл “Шилдэг 10”-т багтсан нь БАЛДОРЖ шагнал чадаж л байвал хэнд ч боломж олгодгийн жишээ гэлтэй.

Зургаан жилийн түүхэнд анх удаа БАЛДОРЖ шагналтнаар телевизийн уран бүтээлчид тодорсон нь “Хүрээлэн”-амьд ертөнцийн цувралын У.Ганбаяр, М.Буянбадрах нар байлаа. Монголынхоо онгон байгаль, зэрлэг амьтдын зургийг дүрс бичлэг, хальсанд мөнхлөн үлдээхийг зорьж буй залуус Хөвсгөлийн тайгаас ирээд аяны дөрөө мултлангуутаа ийнхүү Тэргүүн шагнал авсандаа тун баяртай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн БАЛДОРЖ шагналын түүхэнд зургаан жил дараалан “Шилдэг 10”-т тунаж, нэг удаад нь Тэргүүн байрт шалгарсан цорын ганц хүн бол “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Г.Отгонбаяр билээ. Ингээд энэ жилийн уралдааны шилдгүүдийн болон шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, шүүгчдийн сэтгэгдлийг дор сийрүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц:ЭЛБЭГДОРЖ: САЙН ЮМ ХИЙХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС МАНАЙ СЭТГҮҮЛЧИД ҮГЭЭ БҮҮ ХАРАМЛААРАЙ

БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолд ирсэн хүндтэй зочдын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр энэ удаагийн шагналын Тэргүүн байрын эзэн болсон “Хүрээлэн”-Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлгийн гэрэл зурагчин Уртнасангийн Ганбаяр, Мархаахүүгийн Буянбадрах нарт шагнал гардуулан үг хэлсэн юм. Тэрбээр “Жил жилийн БАЛДОРЖ шагналын ёслолын ажиллагаанд оролцох нь миний хувьд нэр хүндийн хэрэг байдаг. Оролцохыг үргэлж боддог юм. Сая шагнал гардуулахад сайхан учрал боллоо. Намайг анх “Улаан-Од” сонинд сэтгүүлчээр ирж байхад Мархаахүү гэж саяын шагнал авсан залуугийн аав тэр сонинд ажиллаж байсан юм. Анх ажлын гараагаа эхлүүлэхэд надад тусалж дэмжиж байсан буянтай буурал байсан. Одоо хүү нь шагнал авч байгаад баяртай байна. Жил жилд сэтгүүлчдийн сайхан уулзалт, хэвлэлийнхний баяр болдог юм. Үнэхээр БАЛДОРЖ шагнал гардуулна гэхэд хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид бүх хүн хүсэн хүлээдэг, сайхан уулзалт, баяр болдог.

Миний хувьд ч сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэйгээ уулзаад, гар барих сайхан боломж гардаг юм. Ийм боломж жил болгон гардагт туйлын их баяртай байгаа. Шагнал гардуулах энэ өдрийг хүлээж байхдаа “Энэ жилийн гол санаа юу байвал зүгээр вэ” гэж бодож явдаг. Өнөө өглөө нэг энгийн санаа надад орж ирсэн. Ер нь Ерөнхийлөгчийн ажил сэтгүүлчийн мэргэжилтэй их төстэй. Ерөнхийлөгчийн ажил гэдгийн цаана төрийн албанд зүтгэж байгаа олон мянган хүнийг хэлж байгаа юм шүү. Бусад мэргэжилд байдаггүй хоёр онцлог байдаг. Тэр нь сайныг дэмждэг, саарыг үл дэмждэг ажил юм. Энэ бол хэцүү ажил гэж би хувьдаа боддог. Байнга сайныг сурталчлаад явахын хажуугаар болохгүй зүйлсийг илрүүлж, хэлж засаж, нийгэмд сайн сайхныг авчрахын төлөө зүтгэж явдгаараа та бидний ажил ойрхон юм байна гэж бодсон. Энэ жил би хүүхдүүдэд хичээл заахдаа “Бүтээлч иргэн, бүтээлч Монгол” гэж, бүтээж байгаа хүмүүсээ дэмжье гэж ийм сэдвийг сонгосон юм. Манайд шийдвэр гаргуулахын төлөө бус, гаргуулахгүй байхын төлөө, юм бүтээхийн төлөө биш, бүтээлгэхгүй байхын төлөө хүчин их хүчтэй болсон байна. Ер нь бүтээхийн төлөө, юм хийж байгаа улсуудаа дэмждэг сайхан уур амьсгал, эрүүл эрч хүчийг энэ нийгэмд илүүтэй авчрах хэрэгтэй юм байна гэсэн санаанууд бодогдож байлаа. Үүнийг авчрах хамгийн гол хүмүүс нь манай хэвлэл мэдээллийнхэн. Муу юм яриад л байвал муудаад, сайн юм яриад, сайхныг дэмжээд, хүнтэй уулзахдаа хүртэл сайн талыг нь эхэлж харах юм бол өөрийгөө тойруулаад сайхан эрчим хүчийг бий болгодог. Тэгэхээр энэ сайхан эрчим хүчийг бий болгох буянтай үйлсийг гүйцэтгэхэд манай хэвлэл мэдээллийнхэн хамгийн өргөн үүрэг гүйцэтгэх ёстой гэж бодож байгаа. Тийм учраас бүтээлчээр, сайн юм хийхийн төлөө зүтгэж байгаа тэр хүмүүсээс манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд маань үгээ бүү харамлаарай. Тийм зүйл бичиж, олон нийтэд хүргэх гэж байгаа сэтгүүлчдээс сонин, сэтгүүлийн эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд урмаа битгий харамлаарай гэж дахин дахин хэлье” гээд энэ сайхан баяраар дахин уулзахын ерөөл тавьсан юм.

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд, “Балдорж” сангийн үүсгэн байгуулагчдын нэг, сангийн ТУЗ-ийн гишүүн С.БАЯР: БАЛДОРЖ ШАГНАЛ УЛАМЖЛАЛ БОЛОН ТӨЛӨВШИЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

-Энэ удаагийн БАЛДОРЖ шагналын талаар та ямар бодолтой байна вэ?

-БАЛДОРЖ шагнал уламжлал болон төлөвшиж байгаад би их баяртай байна. Тээр жил, Бал маань бурхан болсны дараа хамтран зүтгэгчид, найз нөхөд бид цуглаж, Балын маань хийсэн үйл хэрэг, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэх талаар ярьсан юм. Ингээд Балын хэмжээний сэтгүүлч төрөх бололцоог нээх үүднээс ийм шагнал бий болговол яасан юм бэ гэсэн санаа гаргасан. Монголын сэтгүүл зүйд ч хувь нэмэр болох байх гэж бодож байсан. Одоо зургаа дахь жилдээ бид БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолыг хийлээ. Уламжлал боллоо. Сайхан сайхан сэтгүүлчид шалгарч байна. Энэ жилийн хувьд шалгарах ёстой сайхан бүтээл үүд шалгарчээ гэж би үзэж байна. Би өөрийгөө хэвлэл мэдээллийн байгууллагын ахмад гэж үздэг. Шалгарсан бүтээлүүдэд манай үеийнхэн ч байна, дунд үеийнхэн ч байна. Ялангуяа, залуу сэтгүүлчид олон байгаад би хувьдаа их баярлаж байна.

-Шинэ залуу сэтгүүлчдэд хандаж та юу хэлмээр байна вэ?

-Сая МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэг маань маш зөв үг хэллээ шүү дээ. Мэдээж сэтгүүлч хүн гэдэг авьяастай, махруу, шуурхай байх ёстой. Хамгийн гол нь сэтгэлтэй байх гэдэг тэр үг “Балдорж” сангийн үндсэн зарчимтай ч маш сайхан нийцсэн юм байна гэж бодож байна.


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч, БАЛДОРЖ шагналын шүүгч Г.ЗОЛЖАРГАЛ: ШИНЭ СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ ЗОРИГ ОРЖ ИРЖ БАЙНА

-Шүүгчийн хувьд энэ удаагийн БАЛДОРЖ шагналд шалгарсан бүтээл үүдийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ жил материалуудыг дүгнэхэд нэлээд төвөгтэй болж ирсэн. Хүчтэй, сайн материалууд ирж байгаа учраас бид нэгд нэгэнгүй нягтлах хэрэгтэй болсон. Ялангуяа, сүүлчийн шалгаруулалтын үеэр шүүгчдийн бүрэлдэхүүн дахин хоёр удаа, бүтэн өдөржингөө хуралдлаа шүү дээ. Сүүлдээ бүр шийдвэрээ гаргаж чадахгүй хэсэг хугацаанд гацаж байсан. Шинэ залуучууд их гарч ирснийг та бүхэн анзаарч байгаа байх. Шинэ сэтгэлгээ, шинэ зориг орж ирж байна гэж бодож байгаа. Х.Болормаагийн материалыг хэлж болно. Барилгын сэдэв иргэдийг үнэхээр бухимдуулсан түвэгтэй асуудал. Энэ материал гарлаа гээд шийдэгдэхг үй ч үүнийг уудалж чадаж байгаа нь сэтгүүлчийн эр зориг. Тэргүүн шагнал хүртсэн бүтээлийн хувьд юугаар ч сольшгүй эх орноо яаж хайрлаж чадах вэ гэдгийг өөр өнцгөөс харуулж чадсан. Ц.Балдорж эрхлэгчийнхээ “Далай ээж маань цаазын тавцанд” хэмээх 30 гаруй жилийн өмнөх материалыг нь бодсон ч энэ удаагийн шагнал их утга учиртай үйл явдал боллоо.

-Материалуудыг шалгаруулахад хүнд байв уу?

-Найман шүүгчийн үзэл бодол, туршлага, хандлага өөр. Тэгэхээр зөрөлдөх, маргалдах зүйл бишгүй байна. Гэхдээ бид нэг л зүйлийг баримталдаг. Үнэн, чин сэтгэлээсээ бичсэн, гаднын нөлөөнд автаагүй, олон түмэнд хонх болж чадах материал байх ёстой.

-Шинэ залуу сэтгүүлчдэд хандаж та юу хэлэх вэ?

-Сэтгүүлч бол захиалгын дагуу амьдарч, уран бүтээл хийдэг хүн биш. Чиний амьдралд хүнд хэцүү өдрүүд зөндөө ирэх байх. Гэлээ гэхдээ зүрх сэтгэлийг чинь өвтгөөд байгаа, хэн нэгэн хүний дуугарч чадахгүй асуудлаар, хэн нэгний хохирсон эрх ашгийн төлөө дуугарч чадаж байвал та бол сэтгүүлч. Энэ л үгийг үргэлж санаж бай. БАЛДОРЖ шагнал сэтгүүл зүйн бүтээл дотроосоо ур чадвар, чансааны хувьд үнэхээр Монголын сэтгүүл зүйн манлайллыг тодруулж байгаа учраас залуучууд эндээс суралцаж, үлгэр жишээ авч, уралдаанд оролцож байх хэрэгтэй.

“Хүрээлэн” төслийн санаачлагч, БАЛДОРЖ шагналт У.ГАНБАЯР: ТЭРГҮҮН ШАГНАЛ АВАХЫГ МИНЬ ЗӨГНӨСӨН Ч ЮМ ШИГ


-Монголын сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлийн эзэн, БАЛДОРЖ шагналтан боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их сонин юм боллоо. Бид төслөө эхлээд дөнгөж нэг жил болж байна. Энэ хугацаанд арав гаруй аймгийн нутгаар явж, олон арван жиг үүртэн, амьтныг хальснаа буулгалаа. Хамгийн сүүлийн аялал маань өчигдөр (өнгөрөгч лхагва гариг) шөнө дуусаж, Хөвсгөлөөс ирлээ. Ирэхийнхээ өмнөхөн бид их ховор зүйлийн цагаан шонхрын зургийг авсан. Цагаан шонхрын зургийг зүгээр ч нэг авчихаагүй. Ахууна гэж шувуу барьж, ан хийх үеийг нь хальснаа буулгаж чадсан. Тиймээс энд ингээд шагнал аваад зогсож байхад илүү сонин мэдрэмж төрж байна. “Балдорж” шагнал авахыг минь зөгнөсөн ч юм шиг санагдаж байна.

-Дараагийн аялал хэзээ, хаана вэ?

-10 хоногийн дараа аялалдаа гарна. Дорнод аймгийг зорьж Нөмрөгийн дархан газарт очиж, Хар мөрний хандгайн зураг авна.

-“Хүрээлэн” төслийн санаа яаж төрсөн юм бэ?

-Ер нь би байгальд ойрхон хүн. Аялах дуртай. Амьтны, байгалийн зураг авах сонирхолтой. Аялж явахад элдвийн амьтан үзэгддэг байлаа. Тэгээд л энэ ажил руу орсон доо.

-Өнгөрсөн хугацаанд хальснаа буулгаж чадсан амьтдынхаа талаар бичил статистик хэлбэл?

-Монгол орны 438 зүйл шувууны 70 орчмынх нь зургийг авсан. Мөн 40-50 орчим хөхтөн амьтныг дуран авайдаа буулгасан.

-Төслийн ирээдүйн талаар юу хэлэх вэ?

-Төслөө 2017 онд төгсгөнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ бол эцэс төгсгөлгүй ажил. Зөвхөн зургийг нь олж авах бус тухайн амьтныхаа зан байдал, ахуй амьдралыг нь судалбал эцэс төгсгөлгүй аялал үргэлжлэх болно.

“Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны дарга, БАЛДОРЖ шагналын дэд байрын эзэн Х.БОЛОРМАА: БАЛДОРЖ ШАГНАЛ ӨРСӨЛДӨӨН ИХТЭЙ БАЙДАГ

-Сэтгүүлчдийн олимп гэж хэлж болохоор энэ уралдаанд гурав дахь удаагаа зүрхлэн ороод дэд байр эзэлсэндээ баяртай байна. БАЛДОРЖ шагналын төлөөх өрсөлдөөн маш их байдаг болохоор, явцын дунд гурван сар тутамд болдог шалгаруулалтад эхний 10-т орсон бүтээлүүдийг байр эзэлсэн дарааллаар нь зарладаггүй учраас өөрийгөө шилдэг 10-т багтах болов уу гэсэн баримжаа төдий л байлаа. “Өнөөдөр” сониныхоо хамт олонд баярлалаа. “Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” цуврал, “Дундаж” нийтлэлээрээ энэ шагналыг хүртлээ. Агаар, хөрс, усны бохирдлоос салах цорын ганц зам бол барилгажуулах. Барилга барьдаг инженер хүртэл байртай болохыг мөрөөдөн, гэр хороололд амьдарч байна. Байр авах мөнгө цуглуулахын тулд монголчууд харьд боолын хөдөлмөр эрхэлж байна. Иргэдийн ингэж хуруу хумсаа хуйхалж байж авсан орон сууцны талбайгаас барилгын компаниуд хумсалж байгаа нь байж боломгүй зүйл. Үүнийг анх хөндсөнөөр хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагынхны анхааралд энэ асуудал орж, Монгол даяар одоо ч энэ тухай ярьж, бичиж байна.

Монгол Улс чинээлэг дундаж давхаргатай улс болохоор зорьж байгаа. Энэ зорилт биелж байна уу гэдгийг “Дундаж” нийтлэлээрээ хөндсөн. Монголд баян, ядуу гэсэн хоёрхон давхарга бий болсныг хэн хүнгүй ярьдаг. Дундуур нь яваа хүмүүс жаахан л эвгүйтвэл ядуусын эгнээнд орчих гээд, олсон дээр тэнцвэрийн үзүүлбэр үзүүлж байгаа юм шиг л явна гэж өөрсдийгөө хэлж байсан нь энэ нийтлэлийг бичихэд хүргэсэн юм. “Дундаж”-ийг уншигчид, ялангуяа олон бизнес эрхлэгч уншаад “Бидний тухай ийм үнэнийг өмнө нь хэн ч ингэж хэлж байсангүй. Баярлалаа” гэж хэлсэн. Тэр нь надад том шагнал болсон.

 

МҮОНТ-ийн редактор Б.ОЮУНЧИМЭГ: ЯМАР ЧУХАЛ СОЁЛЫН ӨВИЙГ ӨӨРТӨӨ ТЭЭЖ ЯВААГАА МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙНА

-“Шилдэг 10”-ыг тэрг үүлсэн танд баяр хүргэе. Та шагнал хүртсэн бүтээлүүдийнхээ талаар товч ярихгүй юү?

-Баярлалаа. “Аман түүх”, “Чингүүн” гээд дөрв өн цуврал баримтат кинонд Н.Байгаль найруулагчтайгаа ажилласан. Телевизийн бүтээл бол хамтынх байдаг. Баримтат киног өнөөдрийн түвшинд хийх хэцүү юм билээ. Сэтгэл гаргаж, тусалж дэмжсэн хамт олон, удирдлагадаа баярлалаа. Сэтгүүлчийн ажлын нэг айхтар юм нь буруу зүйл хийвэл нийгэм дэх сөрөг нөлөө нь хэд дахин нэмэгддэг. Нэг ёсондоо гэмт хэрэг хийж байна гэсэн үг. Тэгэхээр юм болгонд сэтгэлээ шингээх ёстой гэдгийг би Бал эрхлэгчээс сурсан. Сэтгүүлч бид зөвхөн улс төр яриад баймаарг үй байна. Цаана нь өчнөөн чухал сэдэв байна шүү дээ. Соёлын ямар чухал өвийг өөрт өө тээж яваагаа мэдэхгүй хүмүүс олон байна. Тиймээс цаашид би соёлын өв тээгчдийн баримтат киногоо үргэлжлүүлэн хийнэ. Бидний уулзсан зодог шуудаг урлаач маань гэхэд л нэвтр үүлгийн дараахан өөд болсон. Тэр яриаг нь авч үлдэж чадсандаа баярладаг. Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын харьяат, нум сум урлаач, Өмнөговь аймгийн ерөөлч хүнийг бас нэвтрүүлэгтээ оролцуулсан.

-Та сэтгүүл зүйн гал тогоонд 30 жил ажилласан байна. Өнөөгийн залуу сэтгүүлчийг, хойч үеийнхнээ харахаар ямар санагддаг вэ?

-Би олон хүний нийтлэл, нэвтрүүлгийг уншдаг, үздэг. Миний хамгийн их харамсаж явдаг зүйл бол бид өөрсдөө монгол хэлийг муухай “яргалж” байна. “Тэгдэг байгаа” гэдэг үгийг сонсоод миний дотор муухайрдаг. Монгол хэлэнд ийм төгсгөл байхгүй. Монгол хэл чинь өөрөө хамгийн том өв. Сэтгүүлчид тэр өвийг тээж яваа хүмүүс. FM-ийн зарим хөтлөгчийн яриаг сонсоод, би тэсэлгүй утасдаж “Чи хаана, юу сурсан хүүхэд вэ” гэж загнадаг. Илүү үгтэй гэж хүмүүс хэлэх байх. Би хэлэхгүй бол өөр хэн хэлэх вэ.


“Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Г.ОТГОНБАЯР: БАЛДОРЖ ШАГНАЛ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ИЛҮҮ МЭРГЭЖЛИЙН БОЛГОХОД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА

-Та БАЛДОРЖ шагналыг нэг удаа хүртэж, шилдэг аравт таван удаа шалгарлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Туйлын баяртай байна. Гэхдээ ажлаа хийхдээ, сэтгүүлчийнхээ уран бүтээлийг туурвихдаа шагналд зориулж бичиж байсан удаа надад нэг ч байхгүй. Хийж, бүтээж, бичиж байгаа нийтлэл, бүр жижиг мэдээ ч байсан би хамгийн сайнаараа бичье гэж боддог. Энэ чанар маань намайг хөглөж өгдөг болов уу. Би бас бичсэн нийтлэлээсээ урам авдаг. Өөр нэг урам авах шалгуур нь ийм шударга шүүлттэй уралдаанд сэтгүүл зүйн “акул”-уудаар цензурдүүлэх нь би Монголын сэтгүүл зүйд хаахна яваа юм, ямар дүнтэй оролцож байна вэ гэдгээ мэдрэхэд дөхөм болдог. Энэ удаагийн шилдэг 12 сэтгүүлчийн бүтээлийг харахад ихэнхийг нь би уншсан байна. Маш сайн бүтээлүүд байсан. Ялангуяа нэгдүгээр байрт шалгарсан төсөл бол маш сайн төсөл. Шүүгчдийн шалгаруулалт өндөр боллоо гэж бодож байна. 2014 оны сэтгүүл зүйн өнгө нь бид 12. Бид 30 болсон ч цаана нь маш том арми сайн ажиллаж байгаа. Тэдэндээ амжилт хүсье. Эцэст нь нэг зүйл хэлэхэд “Балдорж” сангийн үйл ажиллагаа, шалгаруулалтын цар хүрээ, уралдаанд ирж буй бүтээлүүдийн төрөл, жанр улам өргөсөж байна. Энэ эрчээрээ явбал энэ шалгаруулалт Монголын сэтгүүл зүйн өнөөгийн ийм эмзэг, нааш цаашаа хувирамтгай, тогтворгүй байгаа үед сэтгүүл зүйг яг сэтгүүл зүй чигээр нь авч үлдэх, илүү мэргэжлийн болгоход үнэтэй хувь нэмэр оруулна. Эргэлзээгүй.

-Та Ц.Балдорж агсантай хамтарч ажиллаж байв уу?

-Би Ц.Балдорж эрхлэгчтэй цуг ажиллаж байгаагүй. Гэхдээ би их азтай. Ц.Балдорж эрхлэгчээс би нэг удаа ярилцлага авч байсан юм. Би сайн санаж байна, гарчиг нь “Хоёр хүн өөрсдөө муудалцдаггүй. Дундуур нь хов хутгаж, хар муур гүйдэг юм” гэсэн утгатай байсан. Энэ ярилцлагыг авахаар өрөөнд нь орж, анх уулзаж байлаа. Тэгэхэд намайг таниад “Сайн уу, Отгонбаяр аа. Чи яагаад сүүлийн нэг сар юу ч бичихгүй байна вэ” гэж асууж байсан. Сүүлийн нэг сар нийтлэл бичээгүйг минь яаж мэдсэн юм бол гээд би тэр үед их гайхаж байсан. Бид хоёр нэг нутгийн хүмүүс. Нутаг усаа яриад, ярилцлагаа эхэлж байсан. Тэгж л би энэ эрхэм хүнтэй анх уулзаж байлаа. Гэхдээ бүх бүтээлийг нь уншсан. Би залуу байхдаа эрхлэгчийн “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийг уншаад түүн шиг хурц бичнэ л гэж боддог байлаа.


“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.ГАНДӨЛ: ДАРАА ЖИЛ ДАХИН ХҮЧ ҮЗНЭ

-“Балдорж” сангийн уралдаанд өмнө нь зөвхөн хөндлөнгийн ажиглагчийн, уншигчийн байдлаар ханддаг байсан бол энэ жил зориглоод, өөрөө ороод үзье гэж шийдсэн. Нэлээд олон материал илгээсэн. Харин шилдэг аравт шалгарсан материалын тухайд эхийн эндэгдлийн тухай хөндсөн. Хэвлийдээ үрээ арван сарын турш тээчихээд төрөх өдрөө амиа алддаг энэ асуудлыг л хөндөхийг зорьсон юм. Энэ нийтлэлээрээ БАЛДОРЖ шагналын шилдэг аравт багтсандаа баяртай байна. Мориор яривал соёолон нас бол хамгийн хурдтай, хүчтэй байдаг, улсын баяр наадамд соёолонгийн уралдаан хамгийн олон үзэгчтэй байдаг шиг Монголын сэтгүүлз үйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” сангийн уралдаан бол чанар, чансаа, даацын хувьд Монголын сэтгүүл зүйн салбарын тэргүүн, дээд шагнал болж чаддаг гэж боддог. Дараа жил дахин хүч үзнэ.

 

 

 

 

 

“Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.ЭНХБАТ: СЭТГҮҮЛ ЗҮЙД БҮРГЭД ШИГ Л ЯВМААР САНАГДАЖ БАЙНА

-БАЛДОРЖ шагналын шилдэг аравт багтлаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Анх удаа “Балдорж” сангийн уралдаанд бүтээлээ сойгоод шилдэг аравт шалгарлаа. Мэдээж баяртай байна. Цаашдаа бичиж л байвал, оролцож л байя гэж бодож байна.

-БАЛДОРЖ шагналын нэр хүндийг юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ шагналыг бид Пулитцерийн шагналтай харьцуулж ярих дуртай. Монголын Пулитцер ч гэж ярьдаг. Сэтгүүлчдийг уралдуулж, мэдлэг, мэдрэмж, ур чадвараараа хаана явааг нь мэдрүүлж чаддаг шагнал гэж бодож байна. БАЛДОРЖ шагналтан бусдаасаа толгой өндөр байх хариуцлага үүрдэг байх.

-Та Ц.Балдорж агсны нэрэмжит сургуулийг дүүргэсэн байх аа?

-Түүний байгуулсан “Оюуны өргөө” дээд сургуулийг 2003-2008 онд суралцаж төгссөн. 2004 онд “Өнөөдөр” сонинд танилцах дадлага хийхэд Ц.Балдорж эрхлэгч “Чи энэ зун эндээс явахгүй шүү. Гурван сар гүйгээрэй” гэж хэлээд ажлын түр үнэмлэх дээр гарын үсэг зурж байсан. Ц.Балдорж агсан бол миний сэтгүүл зүйн анхны ажлын батламж, үнэмлэх дээр гарын үсэг зурсан хүн. Бас хэд хэдэн удаа уулзаж, үнэтэй үгийг нь сонсож байлаа. Түүний “Монголын сэтгүүлчид бүргэд шиг өндөрт нисэж, хурц харж, шинэ санаагаар хооллох ёстой. Элээ шиг доогуур нисэж, өвдөл цөвдөл түүх ёсгүй” гэж хэлсэн үгийг би тэмдэглэлийн дэвтэртээ бичээд хадгалчихсан байдаг юм. Сэтгүүл зүйд бүргэд шиг л явмаар санагдаж байна.


МҮОНТ-ийн албаны дарга Р.ХОНГОРЗУЛ: ЦААТАНГУУДЫН АМЬДРАЛ НАДАД БИЧИХ СЭДЭЛ ӨГСӨН

-Юуны өмнө танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би их сургуулиа төгсөөд телевизэд орсон. МҮОНТ олон нийтийн эрх ашигт тулгуурлаж, үндэсний өв соёлоо хүндэтгэсэн нэвтрүүлгүүд хийдэг. Би ч нэвтрүүлгүүдээ тэр жанраар хийдэг. Том том төслүүд дээр ажиллаж байгаад энэ жилээс бие даасан хөрөг нийтлэлийн нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Бямбацэцэг эгч маань “Балдорж” сангийн уралдаанд оролцох санал тавьснаар би хоёр нэвтрүүлгээрээ өрсөлдс өн. Шагнал авсандаа баяртай байна.

-Нэвтрүүлгээрээ юу харуулахыг хүссэн бэ. Хөрөг нэвтрүүлэг тэр хүнийг нээдгээрээ онцлогтой. Та хүнээ хэрхэн нээдэг вэ?

-“Хүйн холбоо сүүн хэлхээ” нэвтрүүлгээрээ монгол эх хүн ямар байдгийг харуулсан. Харин “Сэрүүн Сэрхэрээн эзэд” нэвтрүүлэг маань цаатангуудын талаар өгүүлдэг. Цөөхөн үлдсэн цаатангуудын амьдрал надад бичих сэдэл өгсөн. “Хөрөг нэвтрүүлгээр тэр хүний зөвх өн амжилт, ололтыг биш алдсаныг нь ч бас дурдах хэрэгтэй” гэж Золоо багш хэлдэг юм. Би ч энэ л зарчмаар ажилласан.

 

“Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч Ж.ТЭГШЖАРГАЛ: ӨРСӨЛДӨӨН УЛАМ ШИРҮҮСЛЭЭ. ИРЭХ ЖИЛИЙН ЭНЭ ӨДРИЙГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА

-Энэ жилийн шалгаруулалтад залуу сэтгүүлчид түлхүү оролцож, шагнал хүртсэнд баяртай байгаа. Залуу, туршлагагүй гэж гололгүй Монголын сэтгүүл зүйн ирээдүй гэж биднийг хараад, итгэл хүлээлгэлээ гэж ойлгож байна. Энэ дундаас С.Гандөлийн “Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” цуврал, У.Бямбанямын “Монголын нэн шинэ үеийн нэг өдөр” нийтлэлийг анзаарч уншсан. Аль аль нь хөдөлм өр зарсан, сайн бүтээл байсан. Зөвхөн уралдаандаа ч биш, биднээс бичлэгийн шинэ хэв маяг, сонин содон туршилтууд, хөдөлмөр шингэсэн бүтээлүүд хүсэж, хүлээж байгаа. Тэгэхээр чадлынхаа хэрээр, өөр өөрийн гаршиж буй сэдвээрээ энэ бүхнийг гүйцэлд үүлж явах нь залуу сэтгүүлч бидний үүрэг биш ч, үүнтэй төстэй зүйл, “заавал гүйцэтгэх даалгавар” байх. Өрсөлдөөн улам ширүүсч байгаа нь харагдсан. Энэ хэрээр өөрсдийгөө урьд өмнөхөөсөө илүү дайчлах, ажил мэргэжилдээ буй бүхнээ гаргах, зориулах хэрэгтэй болж байна. Ирэх жилийн энэ өдөр олон сэтгүүлч, үүнээс илүү мэргэжлийн бүтээлүүдтэй уулзах байх. Тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна.

 

 

 

 

“Монголын үнэн” сонины тоймч Х.БҮРЭНТОГТОХ: “БАЛДОРЖ” ШАГНАЛ НАМАЙГ “ПҮРЖИЙНДДЭГ”

-Бал ахын нэрэмжит шагнал бол даншиг шиг, сэтгүүл зүйн том наадам. Манай сэтгүүлчид энэ наадамд шагнал авахаасаа гадна бие биетэйгээ уулзах гэж хүлээдэг, гоёж ирдэг болж. Би гурав дахь удаагаа Балдоржийн нэрэмжит шагналын богино жагсаалтад орлоо. Өөрийгөө хурц начин, харцагаар төсөөлж байна. Энэ наадам сэтгүүлчдэд урам зориг, сэтгэлийн эрч хүч өгдөг. Мөнгөн шагнал нь ч тэр сэтг үүлчийг уран бүтээлээ чөлөөтэй туурвихад дэмжлэг болж байна. Сүүлийн үед би өөрийгөө БАЛДОРЖ шагналын төлөө бичээд байна уу гэж боддог болчихоод байгаа. Яагаад гэвэл би тэр шагналыг авмаар байна шүү дээ. Энэ шагнал намайг “пүржийндээд” байгаа. Гэхдээ би сэтгэлдээ хүртлээ бичиж чадахгүй байна. Энэ нь миний муугийнх. Би залхуу болчихож. Энэ жилээс залхуурахгүйг хичээнэ. Сэтгүүл зүй, уран бүтээл бол хурц ухаан, уран үгийн нийлбэр.

 

 

 


“Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Б.ЦЭЦЭГДЭЛГЭР: ЦАГ НАРГҮЙ, ЗАВГҮЙ БАЙХ ТУСМАА АЖИЛ МИНЬ САЙХАН

-“Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ” сурвалжлагыг уншаад олон хүн уйлсан. Та өөрөө яаж бичсэн бэ?

-Эгч нь дүүгээ авраад өөрөө амиа алдсан мэдээллийн дагуу Увс аймгийн Цагаанхайрхан сум явах томилолт аваад сум руу нь холбоо барьсан. Эгчийнхээ ачаар амьд үлдсэн охин, аавтайгаа хотод эмнэлэгт байгааг мэдээд эргэж очсон. Тэр үед охины гар, хөл боолттой, аав нь хамаатныхаасаа эргэлт хүлээж таарсан юм. Аав, охин хоёр их ядруу харагдсан. Тэгээд л охинд туслахын тулд би маш сайн нийтлэл бичих ёстой гэж бодсон. Эх сурвалжуудаас мэдээлэл авч, ааваар нь болсон явдлыг нүдэнд харагдтал яриулсан. Бас би өөрөө гурван хүүтэй. Хүүхдүүд нэгэндээ ямар их хайртай, тэднийхээ төл өө яаж зүтгэдгийг хүүхдүүдийнхээ жишээн дээр мэддэг учраас надад ойрхон байсан. Ингээд хүний сэтгэлд хүртэл бичье гэж зориод гурван цуврал сурвалжлага бичсэн. “Өдрийн сонин”-ы олон уншигч нийтлэлийг уншаад охинд тусалсан. “Нэг ардчилал” клубийнхнээс эхлээд гавьяат жүжигчин С.Жавхлан хүртэл тоглолтоо хийж таван сая төгрөг хандивласан. Уншигчдын маань хандивыг бурхны оронд очсон эгчтэй нь зүйрлэх аргагүй ч охиныг бүрэн эдгэхэд том дэм болсон. Аав нь “Баярлалаа. Ийм ийм хүмүүс хандив өглөө” гээд уйлаад ярьж байхад сэтгүүлч болсны, том сонинд ажиллаж байгаагийн минь зорилго биелсэн шиг санагдаж байлаа. Тэр охин одоо ч надтай утсаар ярьдаг.

-Анхны шагнал юу байсан бэ. Шантарч байв уу?

-“Өдрийн сонин”-д ажилд ороод есөн сарын дараа шилдэг бичлэгийн тусгай шагнал авсан. “Долдугаар сарын 1”-ний үймээний дараа онц байдал зарласан үед манай сонин болж буй үйл явдлыг цензургүйгээр тал бүрээс нь мэдээлж байсан. Тэр үед гүйж, нэлээд их мэдээлэл олж бичсэнийг минь үнэлсэн. “Өдрийн сонин”-ы тусгай бичлэгийн шагнал бол хэдхэн сар ажиллаж байгаа мань мэтэд томдсон шагнал гэж боддог байлаа. Эндээс сэтгүүлч хүн явж мэдээлэл олох ёстойг мэдэрсэн. Эрхлэгч маань ч “Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олдог” гэж ярьдаг. Цаг наргүй, завгүй байх тусмаа ажил минь сайхан. Нөгөө талдаа хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”-ы гал тогоонд, сайхан хамт олонтойгоо ажилладаг учраас сайхан байдаг байх. Ажлаасаа шантарч үзээгүй юм байна.


“Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга Д.ЗАЯАБАТ: ЭНЭХҮҮ НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫГ ЗАЛУУЧУУД ГОЛДУУ ХҮРТЭЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ

-“Балдорж” сангаас зохион байгуулдаг энэх үү уралдаанд анхнаас нь эхлээд оролцож байгаа. Энэ жил ийнхүү гурав дахь удаагаа шилдэг 10-т шалгарлаа. Монголын сэтгүүл зүйн шүүмж судлалыг хөгжүүлэхэд, сэтгүүлчдийн хүсэл эрмэлзлэлийг бий болгох, өөрсдийгөө сорих, чанар чансаагаа шалгах, бусдаар дүгнүүлэх боломжийг олгодог нь БАЛДОРЖ шагналын нэг онцлог. Тогоонд нь байдаг хүний хувьд ажиглаад байхад сүүлийн жилүүдэд залуу сэтг үүлчид маань уг уралдаанд бүтээлээ сойж байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг залуучууд голдуу хүртэж байгаа нь сайн хэрэг. Монголын сэтгүүлзүйн ирээдүй, хойчийг залгамжлагчид тодорч байгаад тун баяртай байна.

 

 

 

 

 

 

“Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч У.БЯМБАНЯМ: ЭНЭ БОЛ ШИНИЙГ, САЙНЫГ, САЙХНЫГ ХИЙЖ БҮТЭЭХ ӨРСӨЛДӨӨНИЙ ТАЛБАР

-Сэтгүүл зүйн шинэ залуу үе түрэн гарч ирлээ гэж байна. Та энэ үеийн төлөөлөл болохын хувьд цаашдын зорилгоо хуваалцахгүй юу. Бас шилдэг 10-ын тоонд багтсан бүтээлийнхээ талаар ярина уу?

-Олон залуу шилдгийн тоонд багтаж байна. Энэ танхимд сууж буй хүмүүс номоор бол хэд хэдэн зузаан дэвтэр ботиуд. Тэднийг бид уншиж, судлах, бас суралцах ёстой. Гэхдээ өөрсдөө яг тийм адилхан ном байж болохгүй, тэд ч зөвшөөрөхгүй. Биднээс тэдний хүсэх зүйл энэ. Илүү шинэлэг, эрүүл, хүчтэй сэтгүүл зүй. Үүнийг та нар л хийнэ гэсэн урам, үүрэг нь өнөөдрийн энэ шагнал гэж ойлгож байна. Монголын сэтгүүл зүйн үзэгдэл болсон энэ том хүний нэрэмжит шагналыг хүртэх нь сайхан хэрэг. Гэхдээ үүнийг ганцхан шагнал гэдэг үгээр тодорхойлмооргүй байна. Энэ бол өрсөлдөх талбар. Шинийг, сайныг, сайхныг хийж бүтээх өрсөлдөөний талбар. Бүтээлийн тухайд гэвэл нэг нь уран зохиолын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн талаар эргэцүүлсэн хөрөг нийтлэл байгаа. Хоёр дахь нь, нэн шинэ үеийн Монголын нэг өдрийн амьдралыг бичсэн. Зуун жилийн өмнөх Шарав гуайн зурагт дүрслэгдсэн тэр Монгол өнөөд өр ямар болсон бэ, хотжилт болоод мал аж ахуйд гарч буй өөрчлөлт, нийгмийн хурдацтай өөрчлөлтийг дөрвөн баатрынхаа амьдралаар илэрхийлэхийг хичээсэн. Нийтлэлийнхээ баатартай нэгэн шөнийг таксинд явж өнгөр үүлсэн гээд хэцүүгээсээ сонирхолтой зүйл олон байлаа.

 

Өмнөх жилүүдэд БАЛДОРЖ шагналын тэргүүн, дэд байр, шилдэг 10-т шалгарч байсан сэтгүүлчдээс сэтгэгдлийг нь сонслоо. 2010 оны БАЛДОРЖ шагналт Д.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЛДОРЖ ШАГНАЛ БОЛ СЭТГҮҮЛЧДИЙН ИХ ХУРД

-БАЛДОРЖ шагнал бол сэтгүүлчдийн их хурд гэж нэрлэгддэг. Учир нь бүтэн нэг жилийн хугацаанд туурвисан хамгийн шилдэг бүтээлийг тодруулдгаараа Монголын сэтгүүлчдийн хувьд хамгийн том шагнал нь болдог. Зарим хүн уралдаан гэж ойлгодог байж магадгүй. Уралдаан бол зөвхөн нэг сэдвээр юм уу, нэг асуудлыг хөндс өн уран бүтээлүүдээс шилдгийг шалгаруулдаг бол энэ шагнал нэг жилийн хугацаанд сэтгүүлчдийг өрсөлдүүлж, шалгаруулдаг учраас сэтгүүлчдийн их хурд болж чаддаг. Энэ шалгаруулалтыг Монголын сэтгүүл зүйд хүч сорьж байгаа бүх хүн хүсэн хүлээж, хэн шалгарах бол гэсэн их хүлээлт үүсгэдэг нэр хүндтэй шагнал. Шилдгийг шалгаруулахаас илүү Монголын сэтгүүл зүйд шинэ жишиг, шалгуур тогтоодог, шүүлтүүр болдог том арга хэмжээ юм. Сэтгүүл зүйд байх ёстой бүх шалгуурыг давж байж шилдгээр шалгардаг учраас сэтгүүл зүйн шүүлтүүр болж чаддаг гэж бодож байна.

-Шүүгчдийн багт өмнө нь БАЛДОРЖ шагнал хүртэж байсан сэтгүүлчдээс оруулах санаачилга гарлаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Шалгаруулалтын шүүгчид хэн байдгийг хүм үүс тэр бүр мэддэггүй байх. Гэхдээ сэтгүүл зүйн салбарынхны хувьд хамгийн туршлагатай, шилдгүүд байдаг. БАЛДОРЖ шагнал хүртэж байсан сэтгүүлчдээс дээрх зөвлөлд оруулбал үнэлэмж, шүүлтүүр нь арай өөр болох болов уу. Яг “гал тогоо”- нд нь ажиллаж байгаа гэдэг утгаараа арай өөр өнцгөөс харна. Тэр утгаараа байж болох хувилбар гэж бодож байна.

 

2011 оны БАЛДОРЖ шагналын дэд байрын шагналт, МҮОНТ-ийн сэтгүүлч Д.БЯМБАЦЭЦЭГ:

-БАЛДОРЖ шагналын үнэ цэнэ бол надад эрч хүч, урам зориг, итгэл найдвар, ирээдүйд сэтгүүл зүйн салбарт хэлэх үг, явах орон зай үлдсэн юм байна гэсэн дардан замыг харуулдаг. Би энэ уралдаанаас хоёр ч удаа дэд байрын шагнал авсан. Энэ шалгаруулалт жилээс жилд хүрээгээ тэлж, агуулга нь томорч байгаа. Би сэтгүүлч хүнийг нийгмийн зүтгэлтэн байх ёстой гэж боддог. “Би нийгмийн зүтгэлтэн гэж өөрийгөө өндөрт өргөж байх ёстой” гэж хүмүүст хэлдэг. Сэтгүүлч болоод би “Нэвтрүүлэг хийж, айлын хойморт гарна гэдэг маш том хариуцлага, үнэ цэнэтэй олдож байгаа зүйл. Тэгэхээр би шударга, зарчимч, ёс зүйтэй байх ёстой” гэж бодож байсан. БАЛДОРЖ шагнал бол нэг удаа ганцхан бүтээл хүлээж аваад шалгаруулдаггүй. Жилийн 365 хоногийн турш хийсэн бүтээлээ улирал бүр шалгуулж, бусдад хүргэсний эцэст энэ шагналыг хүртэнэ гэдэг надад маш нэр хүндтэй байдаг. БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын урилгыг авах мөчид хүртэл миний сэтгэл догдолдог.

-Энэ жил Таны уран бүтээл сүүлийн шатны шилдэг 30-д багтсан байна. Бүтээлээрээ ямар санаа хэлэхийг зорьсон бэ?

-Сэтгүүлч болсноосоо хойш өнгөрсөн хугацаанд би эрэн сурвалжлах, асуудал хөндсөн жанраар бүтээл хийх зарчим баримталсан. “Тод чонынхны тохуурхал” нэвтрүүлгээрээ “Тод чоно” барилгын компанид ажиллаж байсан хүмүүсийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг баримттайгаар гурван цувралаар гаргасан. Мөн хар тамхины талаарх нэвтр үүлгээрээ оролцсон. Хамгийн анх 2008 онд хар тамхины тухай нэвтрүүлэг хийж байлаа. Тэр цагаас хойш би жил бүр уг асуудлыг хөндөж тавьдаг. Энэ жил нийт зургаан уран бүтээлээ өрсөлдүүлсэн.

 

2011 оны уралдааны “Шилдэг 10”-т багтсан ETV телевизийн сэтгүүлч Б.ОТГОН: ХААХНА ЯВААГАА МЭДЭХ БАРОМЕТР БОЛДОГ

-Энэ бол миний хувьд шагнал гардуулах гэхээс илүүтэй сэтгүүл зүйн маш том арга хэмжээ юм. БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолыг би жилийн жилд хүсэн хүлээж, догдолж ирдэг. Энд мөнхийн “цаг наргүй гүйж байдаг” мэргэжил нэгт хүмүүстэйгээ уулздаг. Жилээс жилд улам өргөжиж байгаа энэ шалгаруулалтаар бид өөрсдөө хаахна явна, ямар шинэ төрөл гарч байна, ямар шинэ сэтгүүлч хүч төрөн орж ирж байна гээд, тэр болгоныг харах, нэг ёсондоо барометр болдог. Шүүгчдийн зөвлөлд өмнөх жилүүдийн шилдг үүдээс багтаахыг дэмжиж байна. Сэтгүүлчидтэй халуун, хүйтэнд нь хамт явж, энэ ажлыг бие, сэтгэлээрээ мэдэрч яваа хүмүүс багтвал илүү бодитой болох байх. Ер нь энэ удаагийн шалгаруулалтаас харахад залуус хүч түрэн орж ирж байна. Бас тэргүүн байр эзэлсэн хоёр залуугийн Монголын давтагдашгүй сайхан байгалийг хальсанд буулгаж байгаа үйлсээр нь бахархаж байна. Ийм хүмүүс олон төрөөсэй гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд, өнөө жилийн наадмын бас нэгэн чухал онцлог бол уралдаанд ирсэн бүтээлүүдийг сэтгүүлчийнх нь нэрийг тавилг үй кодлоод, шүүгчдэд үзүүлж шүүн тунгаалгаснаараа илүү шударга болсон гэдгийг “Балдорж” сангийнхан хэлсэн юм. Ийнхүү энэ жилийн БАЛДОРЖ шагналын шалгаруулалт өндөрлөж, ирэх оны наадам гарааны зурхайгаас хөд өллөө. Дараа жилийн өдийд сэтгүүлчид мөн л “хэний хэн торгон жолоо өргүүлэх бол” хэмээн битүүхэн догдлоод сууж байх болно.

 

Сурвалжилсан Б.Номин, Б.Цэцэгсүрэн, Э.Эрдэнэцэцэг, Р.Оюунцэцэг, Ц.Болормаа, Б.Бямбасүрэн, Г.Эрдэнэтуяа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД