Төрийн бодлогын залгамж чанар үгүйлэгдэж байгааг онцлов

2014 оны 09 сарын 22

 УИХ дахь МАН-ын бүлгээс парламент, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ дахь намын бүлгүүдийн дарга нарын хамтарсан уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн байдалд дүгнэлт хийж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцсон юм. МАН-ын бүлгийн хуралд бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, мэдээлэл өгдөг шинэ жишиг тогтсон, тулгамдсан асуудал болон улс орны эдийн засгийн нөхцөл байдалд санаа зовж бүлэгт хандаж буй ард иргэдийн өргөдөл, гомдол, саналын тоо эрс өссөн нь энэхүү уулзалтыг зохион байгуулах нэг шалтгаан болжээ. УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлгээс зохион байгуулсан ажил, тэдгээрт бүлгүүд хэрхэн хамтран ажиллах талаар илтгэл тавьсан. Мөн “Хүнийхээ төлөө хүчирхэг нийгэм” бодлогынхоо хүрээнд санал санаачилгатай ажиллаж, хөгжлийн тогтвортой бодлоготой болох, төрийн бодлогын залгамж чанарыг хангуулах шаардлагатайг ч онцлов.

Мөн эрх баригчид алдаатай бодлогоо хоёр жилийн дараа залруулж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг хаврын чуулган өндөрлөх мөчид байнгын хороодод тэгш хуваарилснаар хууль чанаржих, иргэдийнхээ дуу хоолойг хүргэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдэх нөхцөл бүрдэж байгааг ч тэрбээр дурдлаа. Түүнчлэн МАН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан болон намрын чуулганы үеэр өргөн барихаар зэхэж байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэв. ИТХ дахь намын бүлгийн дарга нар хөгжлийн тогтвортой бодлого, төрийн бодлогын залгамж чанар үгүйлэгдэж байгааг онцолж байсан. Нийгмийн чиг баримжаатай, бодлогынхоо төвд хүнээ тавьдаг, хүний хөгжил, нийгмийн асуудалд илүү анхаарал хандуулдаг намын хувьд үзэл баримтлалтайгаа уялдуулан нийгэм, эдийн засгийн өндөр өсөлтөд хүргэх томоохон бодлогын асуудал дээр байр сууриа нэгтгэх, харилцан ойлголцох, шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

 

 Б.УРАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД