Д.ЭРДЭНЭБАТ: ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСАГ САЙЖРАХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

2014 оны 09 сарын 22

 УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат говийн аймгуудад ажиллаж буй. Өнгөрсөн лхагва гаригт Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд сумын хөрөнгө оруулалтын ажилтай танилцсан бол баасан гаригт Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажиллажээ. Тэрбээр Оюутолгой, Тавантолгой болон “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”-ын Ухаахудагийн ордод очиж, үйл ажиллагаатай нь танилцав. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өнг өрс өн оноос хямдарч эхэлснээр манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох уул уурхайн салбарт цохилт өгч, олон асуудал үүсгээд буй. Тэгвэл үндэсний компаниудын чадавхийг сайжруулснаар энэ алдагдлаа нөхөх боломж байгааг уул уурхайн салбарынхан хэлж байна. Монгол Улсын эдийн засгийн 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнэ энэ оны сүүлчээр дэлхийн зах зээлд өсөх хандлагатай байгаа гэнэ.

“ОЮУТОЛГОЙ” ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТОО ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН ГЭВ

“Оюутолгой” компанийн ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, зэсийн баяжмалын борлуулалт хэвийн явагдаж байгаа аж. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хувьд одоогоор 280 га талбайд олборлолт явуулж байгаа гэнэ. Жилд 6.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай тус компани энэ жил эдийн засгийн байдлаас болоод төлөвлөсөн хэмжээндээ олборлож чадаагүй аж. Гэсэн ч аймгийн төсвийн 50-60 хувийг төвлөрүүлж, нүүрсээр хангасан хэвээр байгаа юм байна. Авто зам ашигласны тариф өндөр, нэг цонхны бодлого зэрэг хүндрэлүүд тус компанид бий ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн саадгүйгээр олборлолт явуулж, нүүрсээ уурхайн аман дээрээс 35 ам.доллараар борлуулж байгаа аж.

ГУРВАН САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОСНООР “ЧАЛКО”-ГИЙН ӨР ДУУСНА

“Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт явуулж буй талбай 6.8 тэрбум тоннын нөөцтэй болохыг судалгаагаар тогтоожээ. Тус компани Баруун, Зүүн Цанхид олборлолт явуулдаг. Гэвч Зүүн Цанхи дахь олборлолтоо түр зогсоогоод байгаа аж. Учир нь тус талбайд гаднын хөрөнгө оруулалттай компани нэг тонн нүүрсийг 70 ам.долларын өртөгтэй олборлож байгаа нь тус компанийг алдагдалд оруулах шалтгаан болжээ. Тиймээс гэрээгээ цуцалсан байна. Харин Баруун Цанхид үндэсний хөрөнгө оруулалттай, дотоодын компаниуд 34 ам.долларын өртөгтэйгээр нүүрс олборлож, ашигтай ажиллаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, үндэсний компаниудын чадавхид тулгуурлаж, уул уурхайн салбар ашигтай ажиллах боломж байгаа юм. Дотоод дахь нөөц бололцоогоо ашиглалгүй гадаадын компаниудтай гэрээ байгуулах гэж хошуурдаг нь уул уурхайн салбарт тогтсон буруу бодлогын жишээ гэдгийг Д.Эрдэнэбат дарга дурдсан. Энэ жилийн хувьд уул уурхайн компаниуд ашигтай ажиллах ямар ч боломжгүй тул алдагдалгүй ажиллахыг аль аль талдаа хичээж байгаа гэнэ. Нэг тонн нүүрс 35-40 ам.долларын үнэтэй байгаа. Ашигт малтмалын үнийн энэ уналт төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанид илүүтэй хүнд тусчээ. Учир нь 2008- 2012 онд Засгийн газрын урьдчилан авсан зээлийг “Чалко”-д төлж барагдуулах үүргийг “Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа үүрсэн. Одоогийн байдлаар 110 сая ам.долларын өр үлдээд байгаа юм байна. Зах зээлийн үнэ ханшаас хамаараад ойролцоогоор гурван сая тонн нүүрс олборлож байж өрөө бүрэн барагдуулна хэмээн тооцоолжээ. Цаашдаа төр ийм муу менежер байж болохгүй гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолж байлаа.

“ЭНЕРЖИ РЕСУРС” ХЭВИЙН АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ

“Энержи Ресурс” компани өнгөрсөн долоо, наймдугаар сард үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан. Олборлосон бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл дутмаг байснаас баяжуулсан нүүрс талбайд хуримтлагдаж, цаашид олборлолт явуулах боломжгүй болсноос ийм шийдвэр гаргасан байна. Харин энэ сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, хэвийн байдалд оржээ. Тус компани түүхий нүүрс бус баяжуулсан нүүрс экспортолдгоороо онцлог. Одоогоор баяжуулсан нэг тонн нүүрсийг 68-70 ам.доллараар борлуулж буй гэнэ. Баяжуулсан нүүрсийг ийм үнээр гаргаж байгаа нь ашиггүй ч, хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд ингэхээс өөр аргагүй байгаа аж. Ухаахудагийн уурхайн нийт нөөц 435 сая тонн бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 15 сая тонныг олборлох хүчин чадалтай. Өнгөрсөн жил 10 орчим сая тонн нүүрс олборлосон бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 3.6 сая тонныг олборложээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа. -Уул уурхайн томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Компаниудын хэтийн үйл ажиллагааг та хэрхэн харж байна вэ? -Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал уул уурхайгаас шууд хамаарч байна. Ялангуяа “Оюутолгой”, “Тавантолгой” чухал үүрэгтэй тул үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа. “Оюутолгой”-н үйл ажиллагаа, борлуулалт нь жигдэрсэн гэсэн сайн мэдээ байна. Хэдийгээр энэ компанитай холбоотой олон асуудал байдаг ч өнөөгийн Монголын эдийн засгийн байдлыг шууд тодорхойлж байгаа стратегийн орд учраас анхаарахаас аргагүй. Цаашид гэрээ хэлэлцээр нь зөв тийш явна гэж найдаж байгаа. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн болж байгаа нь 2015 оны эдийн засгийн нөхцөл аажмаар сайжрах боломж бүрдэж байна гэсэн үг.

-Гурван компанийн үйл ажиллагааг харьцуулахад юу ажиглагдсан бэ?

-Нэг зүйлийг онцлоход, “Эрдэнэс Тавантолгой”- н менежмент маш буруу явж ирсэн нь ажиглагдаж байна. Орон нутгийн “Тавантолгой” хамгийн бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа бол Ухаахудагийн уурхайн хувьд хувийн хөрөнгө оруулалтыг хамгийн зөв менежментээр хийсэн нь харагдлаа. Тэр тусмаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг зөв шийдсэн байна. Төрийн өмчид байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайг менежмент, хөрөнгө оруулалт, эзэмшлийн хувьд зөв шийдэж, анхаарах цаг болжээ. Өмнөх алдаатай гэрээг эргэж харах ёстой юм байна.

-Эзэмшлийн хувьд өөрчлөх цаг болжээ гэдэг нь хувьчилна гэсэн үг үү?

-Ухаахудагийн ажиллаж байгаа зарчмыг “Эрдэнэс Тавантолгой”-д ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр өөрийн зарим нэг хувиас татгалзаж, хувийн томоохон хөрөнгө оруулалтыг дэмжих цаг нь болж. Зах зээлийн хүндрэлтэй ийм үед өөрсдийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, зөв менежментийг дэмжих зэргээр Монголын ирээдүйд ашигтай байх шийдлийг бид харах ёстой.

-“Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар юу хэлэх вэ?

-Энэ асуудлыг хаа хаанаа ашигтайгаар шийдвэрлэж, далд уурхайн ажлыг маш яаралтай эхлүүлэх ёстой.

-Нүүрс тээвэрлэх төмөр замын асуудал тулгамдаж байгаа талаар компаниуд хэлж байна. Үүнийг хэрхэн шийдэх бол?

-УИХ уул уурхайн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлыг зээлийн хэмжээнд шийдэхээс өөр арга байхгүй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.122.82 Эдийн засаг ирэх жил сайжирч чадахгүй ээ. Эрдэнэбат гэж хар боохой молиго үмхүүлж байна. Фортунаг огцруулах талаар ярьж байхад Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэж бүлтрээд албан тушаалд нь аваад үлдэж байсан. одоо бас ирэх жил сайжрах гэж байхад огцрууллаа гэх нь дээ. ОТ-н баяжмал Эрдэнэбаттай, үгүй экспортод гарч байгаа. түүний гавьяа гэж байхгүй, харин ч ажлыг нь хийлгэхгүй удаашруулаад гай болж байгаа
112.72.13.69 Akh duu nariinh n amidaral ene zasag togtoj uldej chadval deeshlekh yum baigaa biz dee
150.129.143.173 ардчилын намын даргын аль худлаа хэлж байхыг хэлж барахав дээ.элгээрээ хэвтэж байгаа эдийн засаг тийм ч амархан дээшлэхгүй биз дээ.ардчиллынха