НЭГ ТОНН УЛААН БУУДАЙН ҮНЭ 550 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОХИРОЛЦОВ

2014 оны 09 сарын 22

 Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас нэг тонн улаан буудайн үнийг үтрэм нөхцөлөөр 460 мянган төгрөг байхаар өнгөрсөн хавар зарласан хэдий ч тариаланчид үнээ чамлаж, цуглаан хүртэл зохион байгуулж байсан. Техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, хуримтлал үүсгэх, ажилчдын цалин болон импортоор авч байгаа бодис, бордооны үнэ өссөн гэсэн шалтгааны дагуу улаан буудайн үнийг нэмэх санал гаргасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт ажиллах үеэр “Улаан буудайн үнэ, урамшуулалтай холбоотой асуудлаар гурван талт хэлэлцээ хийж, зөвшилцлийн замаар шийдэх хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг ҮХААЯ-ны удирдлагуудад өгсөн. Харин салбарын удирдлагууд болон тариаланчид, гурил үйлдвэрлэгчид өнгөрсөн пүрэв гаригт гурван талт уулзалт зохион байгуулж, улаан буудайн үнийн асуудлаар тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, нэг тонн улаан буудайн үнэ элеватор нөхцөлөөр 550 мянган төгрөг байхаар тохиролцсон тухай ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тодотгов. “Яам улаан буудайн зах зээлийн үнийг тогтоодогг үй. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад өгсөн өр, зээлийнхээ авлагад улаан буудайг тооцож авах үнийг л тогтоодог” гэдгийг тэрбээр учирласан юм. Улаан буудайн үнэ өссөнөөр гурилын үнэ өсөх вий гэсэн айдас иргэдийн дунд бий. Тэгвэл нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар гурил үйлдвэрлэгчидтэй тохиролцсоноо Х.Золжаргал дарга тэмдэглэсэн.

Одоогийн байдлаар зах зээлд “Алтан тариа” компани нэг кг нэгд үгээр гурилыг 810, “Хангай миллс” компани 840 төгрөгөөр нийлүүлдэг юм байна. Тэгэхээр хэрэглэгчдийн гарт хүрэх гурилын үнэд ноцтой өөрчлөлт орохгүй гэсэн хариултыг бодлого боловсруулагчид өгч байна. Түүнээс гадна Засгийн газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрт өнгөрсөн жил гурилын 26 компани хамрагдаж, нийт 48 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Эл хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүд нэгдүгээр гурилын үнийг бүтэн жилийн турш 850 төгрөгт барина хэмээн ҮХААЯ тооцож байгаа аж.

 

 Б.ЦЭЦЭГСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.72.247.249 Davarsan yumnuudiig davraagaad l