“БИЛГҮҮН УНДРАГА” ТӨВИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ЯПОНД ТОГЛОНО

2014 оны 09 сарын 21

Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой 9 дүгээр сарын 23-ны өдөр болох гэж буйтай холбогдуулан хоёр талын соёлын олон арга хэмжээ зохиогдож байна.  8 дугаар сарын 20-ны өдөр Монгол, Япон бичгийн уран татлагын “Тэнгэр, нар түншлэл” үзэсгэлэн Улаанбаатар хотод гарсан бол уг үзэсгэлэн 11 дүгээр сард Японд гарах гэж байна.  Мөн Японы нэрт зураач Ш.Шикандайгийн уран бүтээлийн үзэсгэлэн 8 дугаар сард Улаанбаатарт гарсан бол 10 дугаар сард Монголын 20 зураач Японд очиж “Фүжи уулын 14 төрх” уран бүтээлийн аялалд оролцох бөгөөд тэд Фүжи уулыг тал талаас нь харан зурж, үзэсгэлэн гаргах юм.  40 жилийн ойд зориулсан гол арга хэмжээ нь “Билгүүн ундрага” төвийн жүжигчдийн Японд хийх тоглолт юм. МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарамын удирдсан уран бүтээлчид Японы Урлагийн их наадмын нээлтийн арга хэмжээнд уригдсан юм. Тэд 10 дугаар сарын 1-нд Японы Үндэсний төв театрт, 2-15-нд Яманаши, Шизүока, Ойта, Токүшима муж, Изү-Санно хотод тус тус тоглоно. Манай жүжигчдийн бүрэлдэхүүнд “Домог”, “Увертюра” хамтлаг, уртын дуучин Э.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин Д.Энхгэрэл, Д.Баярбат, нугараач Г.Нямгэрэл нар багтаж байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД