Аж үйлдвэрийн паркийг Сайншандад барих боломжгүй болжээ

2014 оны 09 сарын 19

  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр Сайншандад ажиллалаа. Сайншандад 1000 айлын орон сууц, зам талбайн өргөтгөл, шинэчлэл, сургууль, цэцэрлэг, цахилгаан станц гэх мэт олон ажил хийгдэж, сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа ажээ. Бүлгийн даргын хамгийн түрүүнд танилцсан газар бол “Нарлаг шанд хороолол”.  Тус хорооллын бүтээн байгуулалтын ажлыг “Эвийн гэрээ” компани хийж байгаа бөгөөд нэг ам метрийг нь 980 мянган төгрөгөөр үнэлж, борлуулж буй гэнэ. Түүнээс гадна өөрийн хөрөнгөөр бетон зуурмаг болон тоосгоны үйлдвэрийг энэ онд  байгуулж, барилгын материалыг нутагтаа үйлдвэрлэж эхэлсэн нь барилга барихад материалын асуудалд толгой өвдөхөөргүй болжээ.  Аймаг бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөр хэрэгжиж буй.

Сайншандын хувьд орон сууц барихаас өмнө дэд бүтэц болон зам, цахилгаан станцын асуудлаа шийдэрлэхээр ажиллаж байгаа юм байна. Одоогоор барилга баригдах талбай руу хүрэх зам  цахилгаан станцаа байрьж байгаа аж. 1000 айлын орон сууцны ажлыг ирэх онд эхлүүлэх бөгөөд нэг ам метрийг нь нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Санйшандад цэвэр ус, бохирын шугамыг мөн шинэчилж байгаа аж.  Дорноговьчууд төдийгүй олны дунд хүлээлт үүсгэсэн бүтээн байгуулалт бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор. Хоёр ч Засгийн газар дамжин яригдаж байгаа энэ төсөл бодит ажил болоогүй хэвээр өдийг хүрчээ. Уг цогцолборын талаар иргэд төдийгүй албаны хүмүүсийн дунд зөрүүтэй ойлголт үүссээр ирсэн. Тэгвэл Д.Эрдэнэбат гишүүнийг Сайншандад ажиллах үеэр ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын  дарга Д.Ганболд төслийн явцын талаар нэгдсэн мэдээлэл өглөө.  Уг Төслийн удирдагчаар АНУ-ын FLOUR компани ажиллаж буй бөгөөд хамгийн гол ажил нь Гангийн үйлдвэр барих аж. 2030 он гэхэд дэлхийн гангийн хэрэглээ 2.4 тэрбумд хүрэх тооцоог олон улсын байгууллагууд гаргажээ. Тиймээс Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг түшиглэн гангийн үйлдвэр байгуулах, Тавантолгойн нүүрсийг ашиглаж сайн чанарын ган үйлдвэрлэх томоохон саналыг дэвшүүлсэн байна. Жилдээ таван сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 3.5 тэрбум ам.долларын өртөгөөр барих юм байна.

Харин Сайншандын цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам.доллар шаардлагатай талаар Д.Ганболд ярьжээ. Гэвч хөрөнгө мөнгө босгох хүндрэлтэй байгааг АН-ын бүлгийн даргад дуулгав. Хүлээлт үүсгээд байгаа цогцолборыг барих газрыг сонгож, судалгаа хийсэн ч тус газарт барилгажилт хийх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс цогцолбор барих газрыг сольж магадгүй болж. Одоогоор  Дорноговь аймгийн Алтанширээ суманд тандалт, өрмийн хэсэгчилсэн судалгаа хийж эхэлсэн гэнэ. 

Р.Оюун

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД