Иран “цахиур хагалж” шилдэг зургаад үлдэв

2014 оны 09 сарын 19

 Воллейболын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий хоёрдугаар шат өндөрлөж медалийн төлөө өрсөлдөх багууд тодорлоо. Нийт 24 улсын шигшээ багаас шигшигдэж явсаар Бразил, Польш, Франц, Герман, Иран, ОХУ-ын воллейболчид тунан үлдэж, медалийн төлөө өрсөлдөж эхлэв. Ираны залуус түүхэндээ байгаагүй өндөр амжилтаа шилдэг зургаад хоцорсноор үзүүллээ. Тэд цааш яаж тоглохыг хэн ч таашгүй. Иран өмнө нь дэлхийн аваргад гурван удаа оролцож, хамгийн дээд тал нь 19 дүгээр байрт шалгарч байжээ. Гэхдээ тэд 2000 он гарсаар воллейболын спортод тивдээ өндөр амжилт үзүүлдэг болсон. Сүүлийн жишээ хэлэхэд Иран 2011, 2013 оны Азийн аваргаар бүх өрсөлдөгчөө сөхрүүлж торолгүй түрүүлсэн байдаг. Тивдээ толгой цохидог иранчууд энэ дэлхийн аваргаар есөн тоглолт хийж, долоо ялжээ. Шилдэг зургаан багийг хэсэг болгож хуваахад Франц, Иран, Герман гурав “G”, харин Бразил, ОХУ, Польш гэсэн улсууд “H” хэсэгт орсон. Мягмар гаригт Франц Германтай хариуцлагатай тулаанаа хийв.

1970 оноос хойш дэлхийд аваргад сүйдтэй амжилт үзүүлээгүй германчууд энэ удаа “ногт ганзагалж” ирсэн ч Францад “юм болсонгүй” 3:0-ээр ялагдлаа. Тэд хоёр болон гуравдугаар үед л жаахан ойртсон тоглолт үзүүлсэн. Францчууд арын бүсийн хурдтай, довтолгоогоор ихэнх оноогоо түүж байлаа. Дэлхийн аваргаас 2002 онд хүрэл авсан францчууд энэ удаа тэр амжилтаа ахиулах зорилготой ирснээ нуухгүй байгаа. Тэд ч өөртөө тун итгэлтэй тоглодог болж буй. Гэхдээ германчууд Францад дийлдсэн уураа Иранд гаргаж 3:0-ээр буулган авсан. Харин нөгөө хэсэгт Бразил, Польш хоёрын сонирхолтой тулаан болов. Эхний үед оноо ойрхон явсан бол эцсийн мөчид хоёрдугаар бүсээс Польш дараалан довтолж тоог салгаснаар ялалт байгуулсан. Энэ дэлхийн аваргын эхний хоёр шатнаас ганцхан баг л нэг ч хожигдолгүй гарсан нь Бразил.

Сүүлийн гурван ДАШТ дараалан босоо байсан баг ийм амжилт үзүүлэхээс ч яах билээ. Хоёрдугаар сетэд бразилчууд талбайн эздээс оноо салгах хүндхэн даалгавартай нүүр тулсан. Гэхдээ шилдэг гэдгээ нотолж 22:25-аар хожлоо өөрсдийн болгов. Гуравдугаар үеийн тоглолтод польшууд бараг юу хийж чадсангүй 14:25-аар ялагдал хүлээлээ.Харин сүүлийн хоёр үед Польшийн шигшээ гайхалтай тоглож, 25:18, 17:15- аар хожиж, хэрэгтэй ялалтаа авав. Бразилын баг өчигдөр ОХУ-тай таарч 3:0-ээр буулган авснаар хэсгээ гарах магадлалаа нэмлээ.