МАЯАК МИНИЙ АВРАГЧ БИШ, “ДАЙСАН”

2014 оны 09 сарын 19

 Өглөө ажил цуглах, орой тарах үеэр нийслэлийн авто замын ачаалал дээд цэгтээ хүрч, түгжрэн иргэдийг бухимдуулна. Хотын захирагчийн шийдвэрээр нийтийн тээврийн том оврын автобус, шуурхай албаны машинууд замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, жирийн иргэд 2-3 дугаар эгнээндээ гацан үүрэглэж байхад хажуугаар аль байгууллага, хэн даргынх нь мэдэгдэхгүй автомашинууд дуут дохио хангинуулан улаан, хөх гэрлээ анивчуулан өнгөрөх нь олонтаа. Цагдаагийн алаг машинууд ч гэмт хэргийн дуудлагад яваагүй, хүүхдээ цэцэрлэгээс нь авах, хүргэх, ажлаа тараад гэртээ харихдаа ч тусгай гэрэл дохиогоо анивчуулан давхих нь бий. Үүний гороор цэцэг цэврүү шиг охин хорвоогоос хальж, нэг аавын хүү шоронгийн хаалга татах болоод байгаа билээ. Үүнд хэн буруутай вэ.

ЭЦЭГ ЭХ, БАГШ, ХОТ ТОХИЖИЛТЫНХНЫ БУРУУ Ч БИЙ

Эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал шийдвэрийг зөрчин, тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж яваад осол, хэрэгт холбогдсон тохиолдол нэг бус удаа. Хэдхэн хоногийн өмнө гэхэд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгон буюу Сайхан сум дахь Цагдаагийн хэсгийн автомашины жолооч У урсгал сөрж яваад 12 настай сурагч охиныг дайрч амийг нь бүрэлгэв. Тэрбээр тухайн өдрийн 07.45 цагт яаралтай дуудлагад яваагүй, хэн нэгэн гэмт этгээдийг баривчлах гэж хөөж, эрэн сурвалжилж Сэлэнгэ аймгаас хотод ирээгүй. Гэхдээ албан ажлаар нийслэлд ирсэн гэж мөрдөн байцаагчдад тайлбарлаж байгаа. Тэрбээр тухайн өдөр Сайхан сум руугаа албаны хүмүүсийн автомашины цувааны эхэнд явах ёстой байсан юм билээ. Цагаасаа хожимдсондоо урсгал сөрж, дуут дохио хангинуулан давхиад айлын алаг үрийг дайрсан. Энэ ослын дараа нийгэм тэр чигээрээ цагдаагийнхныг буруутгаж байгаа. Цагдаагийн машин урсгал сөрж болох уу гэвэл болно. Бүр хууль, дүрэмдээ урсгал сөрж болох талаар заагаад өгсөн. Гэхдээ хүүхдийн амь бүрэлгэсэн цагдаагийн алба хаагч буруутай, эрх мэдлээ хэтрүүлэн буруутай үйл хийсэн нь олны нүдэнд илэрхий. Тиймдээ ч иргэд үүнд нь эгдүүцэж, бухимдаад байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар бүлгийн дөрөв дэх заалтад “Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд энэ дүрмийн тавдугаар бүлэг (зохицуулагчийн дохионоос бусад), зургадугаар бүлгийн нэгдүгээр зүйл, 7-14, 16, 17 дугаар бүлэг болон нэгдүгээр хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Энэхүү эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна” гэж заасан байгаа. Тухайн үед жолооч У хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж явсан уу гэвэл үгүй. Хотын төв рүү орох хэсгийн түгжрэлийг ачаалал багатай замаар тойрох гэсэндээ, цувааг хөдлөхөөс өмнө амжиж очихын тулд урсгал сөрсөн. Энэ осолд цагдаа-жолоочийг буруутгаад өнгөрн ө гэвэл туйлын хангалтгүй. Цагдаагаас гадна хэд хэдэн хүнийг буруутгаж үндэслэл бий. Хамгийн түрүүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, багш, сурган хүмүүжүүлэгчдийг буруутгаж болно.

Аливаа осолд орсон бага насны хүүхдэд хэрхэн зам хөндлөн гарах талаар зааж сургаагүй багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд бас буруу бий. Түүнээс гадна боловсролын тогтолцоонд ч алдаа байгаа. Яагаад ингэж хэлэх болов гэхээр дунд сургуулийн бага ангийн хичээлийн хөтөлбөрт Замын хөдөлгөөний дүрмийн хичээл орвол, зам тээврийн болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд бага ч атугай нэмэр болно гэж үзсэн Замын цагдаагийн алба хаагчид холбогдох яаманд энэ талаар хандаад нэмэр болоогүй. Тиймдээ бага насны хүүхэд асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож яваад осолд орж байна. Энэ ослын буруутны жагсаалтад цагдаагийн байгууллагын боловсон хүчний харалган бодлого ч бас хамаатай. Жолоочийн үнэмлэхтэй болоод хотод гурван жилээс доошгүй хугацаанд автомашин жолоодсон хэн нэгнийг өөр ямар нэг шалгуургүйгээр ажилд авдаг явдал нэг хэсэг байсан. Тэр шалгуураар жолооч У ажилд орсон бололтой.

Бидэнд олдсон мэдээллээр түүний дүү У Сайхан сум дахь Цагдаагийн хэсэгт Эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ахыгаа цагдаажолоочийн ажилд оруулаад дөрвөн жил болж байгаа гэх юм билээ. Өөр нэг буруутгах хүмүүс нь хот тохижилтынхон. Тэд замын хайс, хашлагаа чанартай хийж, хүүхэд багтахааргүй зайтай суурилуулсан бол, эвдэрсэн хайс хашлагыг цаг тухайд нь засаж байсан бол хүүхэд замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож, осол болсон газраас 40 метрийн хойно байх гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарах нь дамжиггүй байсан. Ер нь хотын замд байрлуулсан хайс, хашлагыг хүн давах, доогуур нь мөлхөх, завсраар нь орох боломжгүй стандартаар хийхэд яагаад болохгүй гэж. Өнөөдөр хотын гудамжинд тавьсан хайс, хашлагыг эмэгтэй хүн банзлаа сөхөж байгаад давж байгаа бичлэг цахим ертөнцөөр тархаж байсан шүү дээ. Тэгэхээр стандартад төдийлэн нийцэхгүй байгаа бус уу. Цагдаагийн байгууллагын машинд дайруулж хүүхэд нас барсан осолд төр буруутай гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратегийг боловсруулан баталчихаад амьдралд тэр бүр хэрэгжүүлэхгүй байгаа юм. Уг стратеги төлөвлөгөөнд “Авто замын сүлжээний аюулгүй байдлыг нийт хөдөлг өөнд оролцогчид, ялангуяа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон явган, дугуйгаар зорчигчдод зориулан сайжруулах” гэж тусгасан. Гэтэл энэ нь амьдралд хэрэгжээгүй байгаа нь төрийг буруутгах үндэслэл болж байна. Энэ стратеги төлөвлөгөөгөөр ХЗЯ, БХБЯ, ЗТЯ, БШУЯ, ЭМЯ, Сангийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газар гээд бүгд уялдаа холбоотой ажиллаж, замын хөдөлгөөнд оролцогчдыг осол, хэргээс урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах ёстой аж. Гэтэл 2012 онд баталсан энэ стратегийг өнөөдөр ярьдаг ч хүн алга, цаасан дээр л хоосон төлөвлөгөө л үлдэж. Бүр эцэстээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаг, улсын хэмжээнд бодлого боловсруулах ёстой Замын цагдаагийн албаа Цагдаагийн албаны хуульдаа “мартаж”, нийслэлийн Цагдаагийн газрын дагуул болгоод өнгөрч байна. Жилд бүтэн онгоц дүүрэх хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа, энэ аймшигтай цаг үед Замын цагдаагийн газраа татан буулгасан нь тийм ч оновчтой шийдэл болоогүй. Ид ачааллын үед Замын хөдөлгөөн зохицуулагч цагдаа нар хүрэлцдэггүй, ХСИС-ийн оюутнуудыг дайчилдаг. Цагдаагийн алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, шаардлагатай байтал статусыг нь үгүй болгож байгааг юу гэж ойлгох вэ.

САЙДЫН ТУШААЛ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙГААГ ХЭН ХЯНАХ ВЭ

Жолооч бүр яаралтай дуудлагад яваа цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албаны машинд, Замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам тавьж өгөх үүрэгтэй. Харин хаанахын хэнийх нь мэдэгдэхгүй тусгай дуут дохио асааж, гэрэл ашиглаж байгаа автомашинд тэр бүр зам тавьж өгөх шаардлагагүй. Учир юу хэмээвээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний 2013 онд баталсан А/121 тоот тушаал бий. Энэ тушаалаар Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмыг баталсан юм.

Гэтэл өнөөдөр амьдралд уг журам хэрэгжиж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тус журмын 1.2- т “Төрийн тусгай хамгаалалт, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний алба, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага хамаарч шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэнэ”. Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд хөх, цагдаа, дотоодын цэргийн албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд хөх-улаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гэмт хэрэгтнийг хуяглан хүргэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдлын шуурхай албаны тээврийн хэрэгсэлд улаан, хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд ногоон, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд шар гэрэл дохио хэрэглэнэ гэж заасан байгаа. Цагдаагийн эргүүлийн машинууд энэ журмыг сайтар биелүүлж байгаа. Цагдаагийн гүйцэтгэх албаны машин, прокурорын байгууллагын шуурхай албаны машин ч яах вэ гэхсэн. Уг нь энэ журмаар бол прокурорын байгууллагын машинд тусгай дуут дохио хэрэглэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Шуурхай албаны зориулалттай гэдэгт прокурорын жижүүрийн машин хамаарч болох талтай. Харин нийслэл, дүүргийн прокурор тусгай дуут дохио хэрэглэх заалт үгүй л байх юм. Х.Тэмүүжин сайдын баталсан А/121 тушаалын нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын гишүүдийн хөдөө ажил, томилолтоор явах тээврийн хэрэгсэлд улаан өнгийн гэрэл дохио тавьж хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа.

Гэтэл өнөөдөр хэн нэгэн гишүүний машин улаан дохиогоо хангинуулан хотын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдол бий шүү дээ. Гэтэл компанийн захирал, хөрөнгө бэлтэй аавын хүү, түүгээр ч зогсохгүй дүүргийн Засаг дарга, орлогч, зарим агентлаг, газрын дарга, хэлтсийн дарга нар тусгай дуут дохиотой автомашин хөлөглөж явааг юу гэх вэ. Бүр тодруулбал ШЕЗ, ССАЖЯ, нийслэлийн хэд хэдэн дүүргийн Засаг дарга, орлогчийн хөлөглөж яваа машин маяак анивчуулан давхиж байна. Яаралтай тусламж, дуудлагын үед тусгай дуут болон гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг татаж, зам тавьж өгөх шаардлагатай тээврийн хэрэгсэл явж буйгаа мэдэгдэх арга, хэлбэр байлтай. Гэтэл хэний ч мэдэхгүй, танихгүй агентлагийн дарга, дүүргийн Засаг дарга, компанийн захирлууд тусгай дуут дохио хэрэглэж яваа нь анхаарал татаж зам тавиулах биш, албан тушаалаа ашиглан бусад хөдөлгөөнд оролцогчдод дээрэнгүй хандаж, цагдаагийн хяналт шалгалтаас зугтах гэсэндээ ашиглаж байна гэхэд хилсдэхгүй. Түүнээс согтуу албан тушаалтан буухыг ч үгүйсгэхгүй. Сорьцын хяналтын албанд ажилладаг нэгэн танил маань “Компанийн захирлууд хүртэл улаан өнгийн маяак хэрэглээд энд ирж, алтаа тушаачихаад явах юм. Хууль журамдаа алтны компанийн захирал ч юм уу, эсвэл мөнгөтэй хүн маяак хэрэглэж болно” гэж заасан байдаг юм болов уу” хэмээн гайхширч байсан юм.

Уул уурхайн компанийн технологийн замд шар гэрэл тавьж хэрэглэхийг зөвшөөрдөг аж. Гэтэл зарим нь технологийн бус, сумын төвд орж ирэхдээ шар бүү хэл, улааныг ажиллуулж явах тохиолдол ч байдаг гэнэ. Өмнөговь аймгийн Замын цагдаагийн ажилтнууд өнгөрсөн гуравдугаар сараас хойш Хууль зүйн сайдын А/121 тоот тушаалыг зөрчсөн 10 гаруй компанийн автомашиныг журамлан удирдах албан тушаалтнуудад нь анхааруулж, хариуцлага тооцсоноор тус аймагт тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх явдал цэгцэрсэн гэнэ. Эндээс харахад цагдаагийн байгууллагын алба хаагчид А/121 тоот тушаалыг хэрэгжүүлэх гэж хичээж байхад яам, агентлаг, дүүргийн эрхтэн дархтанууд нь зөрчиж, өөрсдөө бусдаас давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцуулах гэж зүтгэж байна. Зарим албан тушаалтны хэрэглэж буй тусгай дуут болон гэрэл дохиог ажиллуулж чадахгүйдээ юм уу, эсвэл зориуд бусдыг айлгах гэсэндээ байдаг юм уу асах, дуугарах горимыг нь хүний чих, нүдэнд хэт халгаатай байдлаар анивчуулах, дуугаргах явдал ч байдаг. Уг нь дуут дохионы стандарт гэж манай улсад бий. Үүнийг Хууль зүйн сайд тушаалдаа оруулж, “Тусгай дуут дохионы ноотыг MNS 4979:2000 Монгол Улсын стандартаар тогтооно” гэж заасан байгаа. Харин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тусгай дуут болон гэрэл дохио ашиглагч тээврийн хэрэгслийн ноот нь өөр өөр өнгө, тонтой байгааг уншигч та анзаардаг биз ээ.

Энэ бүхнээс харахад Хууль зүйн сайдын А/121 тоот тушаал, түүний нэмэлт, өөрчлөлтөд хяналт тавих ажил үр дүн муутай л санагдана. ЦЕГ-ын Лицензийн төв тусгай дуут болон гэрэл дохио ашиглах зөвшөөрөл олгохдоо бүрдүүлж ирсэн бичиг баримтаас нь гадна тухайн тээврийн хэрэгслийг нь үзэж харж байвал нэг их цаг гарздахгүй байлтай.

Тусгай дуут болон гэрэл дохио ашиглагч тээврийн хэрэгсэл, цагдаагийн алба хаагчдын зам тээврийн осол гаргасан тохиолдлоос:

2014.09.10. Сүхбаатар дүүргийн нутагт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсгийн 0023 СЭА дугаартай автомашин гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироов.

2014.09.04. Офицеруудын ордноос “Цайз” зах руу өгсдөг замд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын цагдаа нар гарцгүй газраар зам гарч явсан хүнийг дайрч гэмтээв.

2014.05.07. Тээврийн хэрэгсэл ачдаг UMT компанийн тусгай дуут болон гэрэл дохиотой машин Баянзүрх дүүргийн нутагт урсгал сөрөн долоон настай хүүхдийг дайрч гэмтээлээ.

2014.01.12. Сэлэнгэ аймгаас Алтанбулаг орох замд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эдийн засгийн төлөөлөгч У явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан. Тэрбээр тухайн үед согтуу явсан бөгөөд энэ хэрэгтээ тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон 0023 СЭА дугаартай машиныг жолоодож явсан цагдаа У-гийн төрсөн дүү гэж орон нутгийнхан хэлж байгаа.

2013.09.18. Замын цагдаагийн ажилтан Түмэнжаргал, Батдэлгэр нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь бүрэлгээд зугтсан. Уг ослыг харсан жолооч цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хойноос нь мөшгин саатуулсан. Цагдаагийн хоёр ажилтан хийсэн хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээсэн. 2009 Баяр наадмын хамгаалалтад Хүй долоон худагт ажиллаж байсан замын цагдаагийн ажилтан О согтуугаар микроавтобус жолоодож яваад машинтай мөргөлдөн хүний амь хохироосон. Өдгөө уг цагдаа Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасагт ажиллаж байна гэх мэтээр урт жагсаалт хөвөрнө.

 

 Г.ЦОЛМОН