Ерөнхийлөгч Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 09 сарын 19

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн банкны Монгол Улс, Хятад, БНСУ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Берт Хофман, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарыг хүлээн авч уулзлаа. Берт Хофман, Жеймс Андерсон нар дээрх албан тушаалуудад томилогдоод удаагүй байгаа юм. Энэ талаараа тэд Ерөнхийлөгчид танилцуулж, Монгол Улстай цаашид ч урьдын адил төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, үр бүтээлтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Дэлхийн банктай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, Монголын хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээдэг тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийж ирснийг дурдсэн. Түүнчлэн эдийн засгаа эрсдлээс хамгаалах дунд хугацааны зохицуулалт хийхээр Монгол Улсын төр, засгаас хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцлов. Эдийн засгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч, холбогдох хууль, эрх зүйн акт боловсруулан ажиллаж байгааг хэлээд захирал, суурин төлөөлөгч нарын ажилд амжилт хүсэв.