БАРЫН ЗУЛЗАГАНУУДЫГ БАГА ДЭЭР НЬ

2014 оны 09 сарын 18

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний гол сэдэв болсон байсан “Монголын 3 аварга Японы 3 арслангийн халз тулаан” сэдэв тэмцээний эхний гурван өдөрт л япон арслангуудын бүтэлгүйтлээр өндөрлөлөө. Одоо харин Намрын тэмцээн “Барын зулзагыг бага дээр нь” сэдвээр үргэлжлэн явагдаж байна гэхэд болно. Бага дээр нь дарах гээд байгаа барын зулзаганууд нь маэгаширагийн зүүн баруун жигүүрийг толгойлж буй Тэрүнофүжи, Эндо болон Египетийн Оосүнаараши, аварга биет Ичиножёо нар юм. Аварга арслангуудтай барилдах хэмжээнд хүртэл банцүкэ нь дээшилсэн тэд энэ тэмцээний гол баатрууд болоод байна. Японы шинэ од Эндогийн хувьд одоогийн байдлаар ганц ч ялж чадалгүй яваа ч аваргуудтай барилдахдаа цүппари хийж, дайрч довтлон, бас ч эвээ олох гэж хичээсээр явна. Харин тэмцээний эхний өдөр озэки Котошёогикүг золгохдоо баруун зайлж ялсан Тэрүнофүжигийн талаар мэргэжилтнүүд янз бүрээр дүгнэж байгаа. Учир нь сүмод озэки цолтонтой анх барилдахдаа тачиай дээр зайлж ялсан бөх бараг байдаггүй аж. Ер нь тачиай дээр мөргөлдөлгүй зайлах гэдэг хоёр янз байдаг. Яг барилдахын өмнө нэг л биш болоод зайлах, нөгөөх нь зайлна гэдгээ шийдчихсэн хүрж ирээд бултаж ялах.

Манай бөхийн хувьд аль эрт жюүрёод барилдаж байхдаа л озэкитэй барилдахдаа зайлна гэж боддог байсан гэх бөгөөд энэ нь олон төрлийн эрсдэл дагуулдаг тул залуу бөхчүүд хийдэггүй гэнэ. Учир нь аварга арслангууд тэмцээний дараа хамтарсан бэлтгэл дээр зальдаж ялсан залуу бөхийг хашраах, дэглэх, зарим тохиолдолд бэртээх хүртэл арга хэмжээ авдаг аж. Тэгвэл энэ бүхнээс айлгүй арсланг ялсан Тэрүнофүжиг “Овоо хуухьтай эр юм” гэж үзэж байна. Түүнээс гадна Египетийн Оосүнаараши аваргатай барилдахдаа ч харитэ хийж алгадах, тохойлдох зэрэг мэх хийдгийг ояката нар ч шүүмжилсээр байгаа билээ. Харин зарим ояката энэ тал дээр тун сонирхолтой дүгнэлт хийж байна. Тэд “Шинэ төрлийн залуу сүмочид гарч иржээ. Тэдэнд аварга арсланг хүндлэх сэтгэл ер байхгүй. Ялж л байвал боллоо гэж бодож байна. Айж эмээх зүйл ч байхгүй байгаа нь өөрсдөө удахгүй сүмогийн оргилд гарна гэсэн итгэлтэй байгаагийнх болов уу” хэмээн дүгнэж байна. Дээд зиндаанд анх барилдаж байж, ганц ч унаагүй дөрөв дараалан ялсан Ичиножёог энэ тэмцээнээс эхлэн бүгд хүч чадлыг нь хүлээн зөвшөөрч эхэллээ. Ялангуяа цагтаа заан цолтой явсан, харих болоогүй Точиоозан, Шёохозан нарыг ялсан нь энэ залуу удахгүй их юм дуулгахыг бэлхэн батлан харуулж буй.

Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми “Энэ залууг удахгүй ялах хүн байхгүй болох байх” гэж хүртэл хэлж байлаа. Аварга арслан, заануудыг ч сэргээж байгаа энэ дөрвөн залуугийн үе ирэх ойртсоор л байна. Эхний дөрвөн өдрийн дараа ёкозүна Хакүхо, Какүрюү, маэгашира Ичиножёо, Кёкүтэнхо гэсэн дөрвөн монгол бөх тэмцээнийг хошуучилж явна. Ёкозүна Харүмафүжи маэгашира Ёшиказэг уг нь өвдөг шороодуулсан боловч магэ үснээс нь татсан “хэргээр” ялагдал хүлээлээ. Ялагдаад зогссонгүй, баруун нүдээ булдруу болгон гэмтээгээд давхар хохирол амсаад дохёог орхин одлоо. Энэ жилийн Зуны тэмцээнд Харүмаф үжи Кисэносатогийн үснээс мөн татаж, ялагдаж байв. Дээр нь Ёшиказэд гурав дараалан ялагдаад байна. 40 настай “Мөнхийн залуу” Кёкүтэнхо Н.Цэвэгням дөрөв ялаад байна. Харих яагаа ч үгүй байгаа нь илт Кёкүтэнхог дөрөв ялаад харьж явахад нь сүмо сонирхогчид “Түрүүлнэ шүү” гэж дэмжиж байлаа. Түрүү бөхийн хувьд эхний дөрвөн өдрийн байдлаар мэдээж хамгийн боломжтой байгаа нь их аварга Хакүхо. Их аварга Чиёонофүжигийн 31 түрүүг даваад, Тайхо аваргын 32 түрүүг эвдэх их ойрхон харагдаж байгаа ч шинэ залуус дараалан гарч ирж байгаа тул аль болох хурдан рекорд амжилт тогтоовол сэтгэл зүйн хувьд амар болох юм.

 

М.СУГАР-ЭРДЭНЭ