НЭМНЭ, НЭМҮҮЛЭХГҮЙ

2014 оны 09 сарын 18

 Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны шийдвэрээр цахилгааны үнийг нэг кВт тутамд таван төгрөгөөр нэмэгдүүлж, наймдугаар сарын 10-наас мөрдөж эхэлсэн юм. Гэтэл ШӨХТГ уг шийдвэрийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгоод зогсохгүй холбогдох албан тушаалтанд торгууль ногдуулж, олон нийтэд зарласнаар хоёр байгууллагын хооронд багагүй маргаан үүсээд буй. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооныхон долоо хоногийн өмнө олон нийтэд байр сууриа илэрхийлэхдээ “ШӨХТГ бидний шийдвэрийг өөрчлөх эрхгүй, манайх ямар ч байгууллага, албан тушаалтнаас хараат бус” гэдгээ зарлаж, тэднийг Өрсөлдөөний тухай хууль зөрчин, олон нийтэд ташаа мэдээлэл өгч, талцууллаа гэсэн юм. Дээрх хоёр байгууллагын тал талын байр суурийг сонирхож, ямар шийдэлд хүрснийг тодруулав.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэвлэл мэдээллийн ажилтан Г.Гэрэлмаагаараа дамжуулан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

-УИХ-ын 2010 оны 72, энэ оны 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд цахилгааны үнэ нэмэх шийдвэр гаргасан. Манайх хуулийн дагуу эрчим хүчний үнийг хянаж, батлах бүрэн эрхтэй. Тиймээс энэ шийдвэрээ өөрчлөхгүй, байр сууриндаа бат зогсоно. Засгийн газрын хоёр агентлаг мэтгэлцээд байгаа мэт сэтгэгдэл хүмүүст төрүүлмээргүй байна. Тэгэхээр иргэд эрчим хүчний төлбөрөө нэмэгдсэн үнээр нь тооцуулж, төлөх ёстой. кВт тутамд таван төгрөг нэмлээ гээд айл өрхүүдэд тийм хүнд ачаа болохгүй. Учир нь сард 150-200 кВт цахилгаан хэрэглэдэг өрхийн сарын төлбөр дээр нь 750-1000 төгрөг л нэмэгдэж байгаа. Тиймээс энэ шийдвэрийг хүчингүй болгуулахгүй гэдгийг хэлмээр байна. Ер нь айл өрхөд эрчим хүчний төлбөрийн эзлэх хувь жилээс жилд буурч, үнэ нь ч харьцангуй тогтвортой байгаа гэсэн юм.

Тэгвэл ШӨХТГ-ынхан цахилгааны төлбөрийг нэмүүлэхгүй, хуучин хэвээр нь үлдээнэ гэсэн юм. Тус газрын Өрсөлдөөнийг зохицуулах хэлтсийн дарга Л.Ган-Өлзийгийн яриаг хүргэе.

-Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан шийдвэрт хяналт шалгалт хийсэн. Гэтэл хуулийн хэд хэдэн зүйл, заалт зөрчсөн байсан. Монополь аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг наймдугаар сарын 10-наас нэмэгдсэн өртгөөр тооцон авахаар шийдвэрлэсэн нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн. Учир нь томоохон аж ахуйн нэгжүүдийн үнийг нэмэхдээ ШӨХТГ-аар хянуулж, зөвшөөрөл гаргуулсан байх ёстой байдаг. Түүнээс гадна ЭХЗХ-ныхон саяхан хийсэн мэдэгдэлдээ баримтын хэд хэдэн алдаа гаргасан. Өчигдөр (уржигдар) бид уулзаж, ярилцсан. Тодорхой шийдэлд ч хүрсэн. Удахгүй арга хэмжээнүүд авч эхэлнэ. Тэр үед олон нийтэд мэдээлэх болно. Ямартай ч цахилгааны төлбөрийг нэмүүлэхгүй гэж ярив.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Эрчим хүчний үнэ нэмэх асуудлаар ШӨХТГ болон Эрчим хүчний зохицуулах хорооны хооронд зөрчил үүсээд байгаа. Та хэнийх нь зөв гэж бодож байна вэ?

 

Б.ГАНСҮРЭН (Баянгол дүүргийн IX хорооны иргэн):

-Цахилгааны үнийг нэмэх тухай асуудал сүүлийн үед их яригдаж байна. Миний бодлоор үнэ нэмнэ гэдэг буруу. ШӨХТГ иргэдийн төлөө ажиллаж, цахилгааны үнийг нэмүүлэхгүй гэснийг дэмжиж байна. Би орон сууцанд амьдардаг. 25000-30000 төгрөг сард цахилгааны төлбөрт төлдөг. Үнэн хэрэгтээ цахилгааны үнэ тавхан төгрөгөөр нэмэгдэнэ гэж байгаа ч энэ нь өнөөгийн эдийн засаг хямарсан нөхцөлд ард түмний нуруун дээр асар их ачаа тохож буй юм. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг шүү дээ.

И.АРИУНАА (Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны иргэн):

-Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед цахилгааны үнэ нэмэх гээд байгааг буруу гэж бодож байна. Хүмүүсийнхээ аж амьдралыг ойлгож, нөхцөл байдалтайгаа уялдсан шийдвэрийг төр засгийнхан гаргах хэрэгтэй. ШӨХТГ-ынхны гаргасан шийдвэр зөв шүү дээ.

С.СУВДМАА (“Өгөөж” компанийн марктенгийн менежер):

-Эрчим хүчний үнэ нэмэгдвэл мэдээж хэрэг үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээгээр нөлөөлж, бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Аль болох тогтвортой байвал бараа бүтээгдэхүүний үнэ ч, хэрэглэгчдэд дарамт болохгүй. Саяхан манайх нэр бүхий гурилан бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь валютын ханштай холбоотой гэдгийг энд тайлбарлая.

Б.ТУУЛ (Сүү хувьцаат компанийн PR менежер):

-Бид сард 350-380-аад мянган кВт цахилгаан эрчим хүч хэрэглэж байна. Тиймээс эрчим хүчний үнэ нэмэгдвэл манайх бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх, эсвэл зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг цөөлөхөд хүрнэ. ШӨХТГ болон Эрчим хүчний зохицуулах хорооны байр сууринд бид тайлбар өгөхгүй. Гэхдээ Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд цахилгаан эрчим хүчний үнийг нэмэхгүй, тогтвортой барих шаардлагатай.

 

 О.БАТ-УНДРАХ