“ИСЛАМЫН УЛС” УРЬД НЬ УЧИРЧ БАЙГААГҮЙ ХҮЧТЭЙ ДАЙСАН

2014 оны 09 сарын 18

 27 улс, олон улсын гурван байгууллагын төлөөлөгчид Парис хотноо уулзаж, хэдхэн сарын дотор Сири, Иракийн нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг хамарсан улс байгуулснаа зарлаад байгаа “Исламын улс” хэмээх алан хядах бүлэглэлтэй хэрхэн тэмцэх талаар ярилцав. Иракийн төдийгүй Сирийн нутагт агаараас цохилт өгнө хэмээн энэ сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Гэтэл АНУ ганцаар зорилгодоо хүрэхгүй нь удалгүй тодорхой болсноос яаравчлан олон улсын эвсэл байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ийм маягаар АНУ лалын улсуудын тэрг үүн нартай хамтран үнэн хэрэгтээ өөрсдийн бий болгосон юмыг устгахаас аргагүй болов. Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмтэй тэмцэхийн тулд сөрөг хүчнийг нь өвч зэвсэглэж орхисон чинь өөд нь хаясан чулуу өөрийн нь толгой дээр гэгч болж, эцэст нь тэднийгээ хяналтаасаа гаргачихсан билээ. “Исламын улс” бүлэглэлийн “ноён нурууг” чухам Сирийн сөрөг хүчний дайчид бүрдүүлж буй юм.

Парист болж буй уулзалтад Араб дахиныг бүрэн оролцуулсангүй. Нутаг дэвсгэрийнх нь хэсэг дээр шинэ улс бий болчихоод байгаа Сирийг уриагүй нь Башар Асад болон түүний багт таагүй ханддагаас шалтгаалжээ. Цэргийн алба хаагчид нь Багдадын талд байлдаж яваа Иран бас энэ уулзалтад оролцсонг үй. Агаараас цохилт өгч байж Иракийн дайчдыг олон улсын эвсэл дарж авдаг юм аа гэхэд дайчдын үлдсэн хэсэг нь Сири рүү орж хүчээ сэлбэж аваад хэсэг хугацааны дараа дахиад дайрах нь мэдээж. Тийм болохоор Дамаскын оролцоогүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын энд хэлснээс үзвэл алан хядах ажиллагаатай тэмцэх нэмэлт арга хэмжээ боловсруулахад Москва оролцоход бэлэн байгаа бөгөөд “Исламын улс”-ын эсрэг тэмцэж буй Ирак, Сири болон тус бүс нутгийн орнуудын хүчин чадлыг бэхжүүлэхэд цэргийн хийгээд бусад тусламж үзүүлсээр байгаа аж. Эзэлсэн газар нутгийнхаа хүн амын дэмжлэгийг авсан ийм хүчирхэг бүлэглэлтэй дэлхийн хамтын нийгэмлэг урьд өмнө нь учирч байгаагүй нь гол бэрхшээл болж буйг Парист цугласан хүмүүс тэмдэглэжээ.

Иргэний дайны үеийн эмх замбараагүй байдлаас залхсан энгийн иргэд лалын дайчидтай дуртайяа хамтарч байгаа аж. “Исламын улс” эзэлсэн газар нутаг дээрээ дэг журам сахиулж, цахилгаан, усны хангамжийн системийг үг хэлгүй ажиллуулж, эмнэлг үүд бий болгож, замууд шинээр тавьж байгаа гэнэ. Шариатын хууль дээр түшиглэн шүүхүүд нь ч идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Энэ “улс” амийг нь хороосон хүмүүсийнхээ эд хөрөнгийг зарж, Турк, Ирак зэрэг гадаад орон руу нефть нууцаар худалдаж амь зууж байгаа юм. Парисын уулзалтад оролцогсод энэ сарын 19-нд “Исламын улс”-ын байдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвл өлд танилцуулахаар шийдвэрлэжээ. Түүнээс гадна “Исламын улс”-ыг цэргийн хүчээр сүйтгэлээ ч лалын тулгуур үзлийн үндсийг таслах боломжгүй хэмээн үзсэн байна.

 

Р.ЖАРГАЛАНТ