Ш.СҮХБААТАР: ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ ХҮМҮҮСЭЭ ТӨРТЭЙГӨӨ ХАРИЛЦАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ

2014 оны 09 сарын 18

 “Бүтээлч хамтын ажиллагаа” нэгдсэн чуулга уулзалт энэ сарын 18-ны өдөр болох гэж буйтай холбогдуулан ГХЯны Консулын газрын захирал Ш.Сүхбаатартай ярилцлаа.

-Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтын зорилго юу вэ? Уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Хилийн чанадад ажиллаж амьдарч, сурч байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Гадаад бодлогын үзэл баримтлалд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хилийн чанад дахь байгаа иргэдийнхээ сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсож, төрөөс шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх зорилгоор энэ удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Гадаад харилцааны яам “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллагатай хамтарч энэ удаагийн чуулга уулзалтыг “Бүтээлч хамтын ажиллагаа” нэрийн дор зохион байгуулж төр засгийн холбогдох байгууллагуудаас дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол иргэдийнхээ төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаа улам идэвхжүүлэх, тэдний явуулж буй үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхэд чуулга уулзалтын зорилго оршино. Хилийн чанадад ажиллаж сурч байгаа монголчууд маань сурсан мэдсэнээ хуваалцдаг, тодорхой асуудал дэвшүүлэн хэлэлцдэг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг Британийн монголчуудын санаачилгаар 2005 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд 10 жилийн ой нь тохиож байна. Тэд маань 10 дахь удаагийн чуулга уулзалтаа анх удаа эх орондоо зохион байгуулахаар тогтсон нь манай Гадаад харилцааны яамнаас санаачилсан чуулга уулзалтын ерөнхий зорилготой нийцэж байгаа тул хамтатгахаар шийдвэрлэсэн билээ. Уулзалтын үр дүн бодитой харагдах, үлдэцтэй зүйл байх ёстой гэж үзэж байна. Тухайлбал, чуулганы үйл ажиллагаанд оролцож буй холбоод маань хамтраад “Холбоодын зөвлөл” буюу нэгдсэн нэг удирдах зөвлөлтэй, төртэй харилцах эрх бүхий бүтэц байгуулах талаар зарчмын хувьд урьдчилан санал нэгдээд байна. Зөвлөлийнхөө бүтэц, дүрмийг чуулганы хоёр дахь өдөр нийт төлөөлөгчид хэлэлцэх юм. Хоёрдугаарт, төрөөс дээрх холбоо нийгэмлэг, ТББ-ын үйл ажиллагааг тууштай дэмжих, хамтран ажиллахад чиглэсэн бодлогын баримт бичгийн төслийг чуулганаараа хэлэлцэж төр, төрийн бус байгууллагын эргэх холбоог шинэ шатанд гаргах зорилт тавьж байна.

-Чуулга уулзалтад хаанаас хэдэн хүн ирэх вэ?

-Чуулга уулзалтад АНУ, Англи, Швейцарь, Солонгос, Япон, Португал, Канад зэрэг дэлхийн 22 улс дахь монголчуудын холбоо, нийгэмлэгийн 90 орчим төлөөлөгч, “Цахим өртөө холбоо” ТББын илтгэгч, судлаачид, дотоодын яам, агентлаг, холбогдох байгууллагын төлөөлөл гээд 140-150 төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.

-Хилийн чанадад хэчнээн монгол хүн ажиллаж амьдарч, хэдэн холбоо, ТББ үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Энэ сарын 1-ний байдлаар хилийн чанадад манай улсын 113.096 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс 29714 нь оюутан сурагч, 22789 нь албан ёсоор хөдөлмөр эрхлэгч, 18563 нь албан ёсоор оршин суух зөвшөөрөл бүхий иргэд, 6142 нь суугаа орондоо цагаачлах эрх авсан хүмүүс. Түүнчлэн 15000 нь визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж буй иргэд, 19000 гаруй нь цагаачлах эрх авахаар суугаа орны холбогдох байгууллагад хүсэлтээ өгч хариу хүлээж байгаа иргэд байна. Манай улсаас АНУ-д 30000, БНСУ-д 26000, Англид 6500, БНЧУ-д 5320, Орост 2162, Японд 5000, Шведэд 4100, Германд 5610 хүн аж төрж байгаа. Гадаадад байгаа иргэдийн маань үүсгэл санаачилгаар нийт 25 улсад 87, тивийн болон бүсчилсэн олон улсын шинжтэй найман төрийн бус байгууллага, холбоод үйл ажиллагаагаа явуулж байна.

-ГХЯ-наас хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад эдгээр ТББ, холбоодтой хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажил нь дан ганц манай ДТГ-уудын ажил биш. Энэ үйлсэд тухайн оронд амьдарч буй манай иргэдийн идэвх санаачилга ч их чухал. Товчдоо ЭСЯ-Иргэн хооронд нягт хамтын ажиллагаа шаардсан амьд холбоо гол ажлыг нугалдаг. Урлаг соёлын арга хэмжээ, Үндэсний баяр ёслолыг хамтдаа тэмдэглэх, монгол соёл, ёс заншлаа сурталчлахаас эхлээд хүний газар бэрхшээл тулгарсан нутаг нэгтэндээ тус дэм үзүүлэх гээд өргөн хүрээнд бид хамтран ажилладаг. Тухайлбал, Чех, Орос дахь монголчууд маань биеийн байдал нь эрс муудсан монгол эмэгтэйг эх орондоо буцахад нь зориулж хандив цуглуулж байв. Мөн Сингапур, Тайландад суралцаж байгаа оюутнууд, Франц дахь монголчуудын холбооноос ч бас энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

-Чуулга уулзалтад гадаадад байгаа хүн болгон оролцох боломж ер нь бий юү?

-Сонирхсон хүн бүр оролцож, санал бодлоо илэрхийлэхийг хүсэж байгаа нь мэдээж. Гэвч чуулганыг зохион байгуулах танхимын багтаамжаас шалтгаалан үйл ажиллагаанд биечлэн оролцох хүний тоог 150 байхаар хязгаарласан. Харин энэ нэгдсэн чуулга уулзалтын маань мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа NTV телевиз чуулганы үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулах бөгөөд “Юнивишн” компани нь дэлхийн хаанаас ч холбогдож үзэж болох anywhere үйлчилгээндээ үнэ төлбөргүй байрлуулж, дэмжлэг үзүүлэхээр болж байгаа. Гадаадад байгаа иргэддээ онлайнаар шууд үзэх боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгай суваг нээж, интернэтэд байршуулах бэлтгэлийг хангаж байна. Өөрөөр хэлбэл, манай яамны цахим хуудас дээрх холбоосоор шууд үзэх боломжтой. Хөтөлбөр ёсоор Улаанбаатарын цагаар 11.30-12.30 цагт асуулт хариулт, чөл өөт хэлэлцүүлэг өрнөх бөгөөд гадаад, дотоодоос иргэд маань өөрийн сонирхсон асуултаа энэ үед тавьж, санал бодлоо илэрхийлж болох юм.

-Гадаадад амьдарч буй манай иргэдэд нийтлэг тулгарч байгаа бэрхшээл юу байна, тэд ямар асуудлаар ЭСЯ-дад хамгийн их хандаж байна вэ?

-Гадаад орнуудад суралцаж, хөдөлмөрлөж байгаа зарим иргэд маань тухайн улсынхаа хууль тогтоомж, хэв журмыг зөрчих явдал гарсаар байна. Тэд бичиг баримтаа гээгдүүлэх, хууль бусаар оршин суух, хэрэг төвөгт холбогдох тохиолдол бий. Монголын төр, засгаас иргэдээ хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор бүх талын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа ч иргэд маань дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Хамгаалах төртэй ч хууль зөрчсөн л бол зохих хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Энэ оны эхний найман сарын байдлаар гэхэд манай 196 иргэн хилийн чанадад хэрэг зөрчилд холбогдож, 62 иргэн нас барсан харамсалтай тоо гарлаа. Ял эдэлж байгаа 145 иргэн, одоо хууль хяналтын байгууллагад хэрэг нь шалгагдаж буй 157 иргэн байгаа нь сэтгэл эмзэглүүлэхгүй байхын аргагүй.

-Гадаадад байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас ямар арга хэмжээг авч байна, цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлуудаасаа дурдана уу.

-Гадаад харилцааны яам, Консулын газраас хилийн чанадад байгаа монгол иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, консулын төлөөллийг бэхж үүлэх, иргэд, байгууллагад консулын үйлчилгээг нээлттэй, чанартай, түргэн шуурхай хүргэх зорилт тавьж байна. Энэ зорилтын хүрээнд нэн тэргүүнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, консулэрх зүйн туслалцааг иргэддээ ойртуулах үүднээс ДТГ-ын байршлыг шинэчлэн тогтоох шат дараатай арга хэмжээг авч ирлээ. Тухайлбал, Индонез, Бразил улсад Элчин сайдын яам, Туркийн Истанбул, Кыргызийн Бишкект Ерөнхий Консулын газар, Хятадын Хайлаар, Солонгосын Пусанд Консулын газар нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эрүүгийн болон иргэний хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэлэлцээрийг хэд хэдэн улстай байгуулах гэж байгаа. Ялтан шилжүүлэх хэлэлцээрийг БНХАУ-тай эцэслэн байгууллаа, БНСУ-тай байгуулсан гэрээний хүрээнд энэ онд дөрвөн ялтныг шилжүүлэн авч, цаашид БНКазУ-аас хоёр иргэнээ шилжүүлэн авахаар ажиллаж байна. Хилийн чанадад аж төрж буй иргэдийнхээ бодит эрх ашгийг хамгаалах, нэн ялангуяа зовлон бэрхшээл тохиолдсон үед нь анхан шатны санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх явдал бидний үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг тул “Иргэдэд туслах сан”-гаас 2014 он гарснаас хойш 32 иргэнд 94.1 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, бичиг баримт олгож эх оронд нь буцаах журам батлуулан ажиллаж байна.

 

 Р.ЖАРГАЛАНТ