МОНГОЛЫН АГААРЫН ЗАМААР ОНГОЦУУД ХООРОНДОО 30 КМ ЗАЙТАЙ НИСДЭГ БОЛЛОО

2014 оны 09 сарын 18

 Монгол Улсын иргэний нисэхийн салбар өнөөдрөөс агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг 30 км болгож, шинэ үйлчилгээнд шилжлээ. Өмнө нь манай улс агаарын замаараа гадаад, дотоодын бүх онгоцыг хооронд нь 150 км зайтай нисгэдэг байсан бол бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан. Харин одоо энэхүү зайг гурав дахин багасгаж байгаа юм. Энэ ажилд шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бичиг баримтуудад өөрчлөлт оруулах гээд олон ажлыг иргэний нисэхийн салбарынхан амжуулжээ. Мөн энэ ажилд чухал шаардлагатай нислэгийн удирдагч нарыг бэлтгэх үүднээс Тайландын вант улсын “Aerotai” компанитай хамтран, нислэгийн удирдагч нараа таван удаа сургалтад хамруулсан байна. Үүнээс гадна ОХУ, БНХАУ-тай гэрээгээ шинэчлэн байгуулжээ.

Хоёр хөршийн нутаг дэвсгэрээр хоорондоо 30 км зайтай нисэж байгаад нисгэгч нар манай улсын агаарын хилээр орж ирэхдээ хоорондын зайгаа 60 км болгож холдуулдаг байсан аж. Энэ нь нисгэгч нарт хүндрэлтэйгээс гадна Монгол Улсын агаарын хил дээр цуваачлал гэх асуудал үүсдэг байжээ. Үүнийг удирдан зохицуулахын тулд Монголын нислэгийн удирдагч нараас ч чамгүй ур чадвар, анхаарал, хариуцлага шаарддаг байж. Энэ байдлыг халж, онгоцыг бодит ажиглалтын системд тулгуурлан удирддаг болсноор агаарын хөлгийн аюулгүй байдал хангагдахаас гадна манай улсын агаарын замын нэвтрүүлэх чадвар сайжирч, одоогийнхоос олон онгоцонд агаарын замаа ашиглуулах боломж бүрдэж байгаа юм. Агаарын хөлгүүд ашигтай өндрөө эзлэн нисдэг болсноор нислэгийн цаг, түлшний зарцуулалт багасна. Энэ нь агаарын бохирдол буурахад эергээр нөлөөлнө. Иргэний нисэхийн салбартаа нэвтрүүлж буй манай улсын энэхүү шинэ үйлчилгээг хоёр хөрш төдийгүй бусад орны агаарын тээвэрлэгч нар дэмжиж байгаа аж.

Монгол Улсын агаарын орон зайгаар энэ оны эхний улиралд нэвтрэн өнгөрсөн онгоцны нислэгийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3555 нислэгээр нэмэгджээ. Тодруулбал, “Air China” компани нислэгийн тоогоо 506, KLM буюу Голландын агаарын тээврийн компани 524, “China eastern аirlines” 556, “China southern” 1438-аар нэмсэн байна. Мөн Германы “Lufthanza cargo” компани 345, TNT агаарын тээвэрлэгч 236, Хонконгийн “Catayfacific” 347, “British airvays” 556 нислэг нэмж үйлджээ. Чехийн “Chekh airlines”, олон улсын шуудан тээврийн “Fedex”, Филиппин улсын “Philippine airlines”, Израиль улсын “Izrail airlines” компани өмнө нь Монгол орны нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлддэггүй байсан аж. Манай улс агаарын орон зайгаа радиолокатороор хянадаг болсноор энэ дөрвөн компани нислэг үйлдэх зөвшөөрөл хүссэн байна. Энэ бол олон улсын агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах талаар манай улсын хийж буй ажлын үр дүн түрүүчээсээ гарч буйн илрэл юм.

 

 Х.ЭРХЭМ