ЗУРГАА ДАХЬ ШАГНАЛТАН ӨНӨӨДӨР ТОДОРНО

2014 оны 09 сарын 18

 “Жил жилийн намар би Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар хоёр арга хэмжээнд заавал оролцдог. Нэг нь Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслол. Нөгөө нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган. Ийм л хүндтэй хоёр арга хэмжээг хүсэн хүлээдэг” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан удаатай. Төрийн тэргүүнээсээ эхлээд Монголын сэтгүүл зүйн салбарынхан, ерөөс оюун сэтгэлгээний ертөнцийнхөн энэхүү арга хэмжээг чих тавин хүлээдэг билээ. “Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах зургаа дахь удаагийн ёслол өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд болно.

Их сунгаанд бүтэн жилийн турш өөрсдийн шилдэг гэсэн бүтээлээ сойж уралдсан сэтгүүлчдээс хэн гэдэг аавын хүү, ээжийн охин торгон жолоо өргүүлж, айраг, түрүүгээр тодрохыг энэ үдэш эцэслэн шийднэ. 2009 оноос эхлэн зохиогдож буй энэхүү наадмын анхны түрүү, “Балдорж” шагналтнаар “Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг тодорч байсан. Харин 2010 онд “Өнөөдөр” сонины тоймч Д.Оюун-Эрдэнэ, 2011 онд “Өдрийн сонин”-ы тоймч Ж.Гангаа, 2012 онд “Үндэсний шуудан”- гийн орлогч эрхлэгч Г.Отгонбаяр нар шилдгийн шилдгээр шалгарсан бол өнгөрсөн жил “Өнөөдөр” сонины тоймч Ж.Тэгшжаргал отгон “Балдорж” шагналтан болсон юм.

 

 Л.ГАНЧИМЭГ