ТӨРИЙН ИХ НАЙРАЛ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭ ӨРГӨН БАРИНА

2014 оны 09 сарын 11

 Монголын анхны төрт улс бий болсон цагаас эхлээд төрийн ёслол хүндэтгэлийн аливаа арга хэмжээг хөгжимтэй холбож ирсэн бөгөөд Найрал хөгжмийн түүхийг Хүннү гүрний үеэс эхлэн авч үздэг. Харин дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй бүтэц бүрэлдэхүүнтэй Төрийн ёслол хүндэтгэлийн их найрал хөгжмийг бүтээсэн түүхэн оргил үеийг ХIII зуунаас буюу эзэн Чингис хаан, түүний үе залгамжлагчдын байлдан дагууллын салшгүй нэг хэсэг нь байсан гэдэг. Хожим ХХ зууны хоёрдугаар хагаст Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн санаачилгаар 1962 онд их найрлыг сэргээн, Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал байгуулсан билээ. Түүнчлэн 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсанаар илүү өргөжин, дахин сэргэсэн юм. Ийм л эртний түүхтэй Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрал энэ сарын 20- 21-нд Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчдын туурвисан яруу тансаг бүтээлүүдээр үзэгч түмнээ баясгах гэж байна.

Тоглолтод ҮДБЭЧ-ын нэрийн хуудас болсон бүтээлүүд буюу бүжгийн жүжгийн хөгжмүүдээс гадна дэлхийн сонгодог болон орчин цагийн хөгжмийн бүтээл, морьтон монгол түмний минь сэтгэл зүрхэнд хоногшсон морины холбогдолтой дуунууд эгшиглэх гэнэ. Мөн энэ онд Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын үндэсний найрал хөгжимд зориулсан анхны бүтээл болох “Сэрсэн тал” удиртгалын 30 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ эл тоглолт онцлогтой.

 

 Л.ГАНЧИМЭГ