Тэргэнцэртэй хүүхдүүдэд санаа тавилаа

2014 оны 09 сарын 10

 ХБНГУ-ын нэгэн мужийн залуучуудын симфони найрал хөгжимчид 79 хүний бүрэлдэхүүнтэй манай улсад өнгөрсөн наймдугаар сарын 14-нд ирээд, буцжээ. Тэд дэлхийн улс бүрт төвтэй Олон улсын хүүхдийн тусламжийн байгууллагын элч бөгөөд улсынхаа Засгийн газрын санх үүжилтээр Монгол, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд сайн үйлсийн аянд нэгдэхээр ирсэн нь энэ аж. Энэ хүрээнд Монголын тэргэнцэртэй хүүхд үүдэд нэг өдрийн турш монгол гэрт бүрэн хэмжээний симфони, найрал хөгжмийн тоглолт толилуулжээ. Түүнчлэн манай хувийн хэвшлийнхэн ч эрвийх дэрвийхээрээ тусалсан аж. Жишээ нь, “Чингисийн хүрээ” жуулчны баазынхан энэ арга хэмжээнд оролцсон 200 гаруй төлөөлөгчийн ая тухтай амарч, хооллох зардлыг даасныг зохион байгуулагчдын зүгээс талархан хэлснийг уламжилъя. Германы залуусын тоглолтыг Лаос, Туркийн Элчин сайд болон Чех, Францын Элчин сайдын зөвлөх нар, албан байгууллагууд хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хандив өгчээ.

Уг хандивыг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүнд өчигдөр хүлээлгэн өгсөн юм. Тус холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Тулгуур эрхтэний бэрхшээлтэй 15 мянган хүн байдгаас тэргэнцэртэй хүүхдүүд зөндөө. Хүүхдүүд орчны хязгаарлалтаас болж тэр бүр чөлөөтэй явах боломжгүй, ихэвчлэн гэртээ байдаг. Тухайн өдөр хүүхдүүд Германы оркестрийн тоглолт үзээд их баярласан. Мэдээж шүү дээ. Тэд байнга тийм орчинд байдаггүй, дээрээс нь сонгодог хөгжмийн тоглолтыг тэр бүр үзэж байгаагүй. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан спортын төрөл ховор байдаг. Тиймээс бид өнгөрсөн жилээс Японы Флайн дискний холбоотой хамтран Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихээр холбоо байгуулсан. Энэхүү хандивын мөнгөөр хүүхдүүдийн дунд уг спортыг танилцуулах тэмцээн зохион байгуулна” гэв.

Уг тоглоом нь цагариг руу таваг шидэж оруулдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эвсэлтэй болгох, улмаар гар, хөлийн хөдөлгөөнийг нөхөн сэргээх боломжтой спорт учраас онцгойлон сонгожээ.

 

Б.БЯМБА