Т.НАМНАН: МАГИСТРАНТУРТ ЗАЙНААС СУРАХ БОЛОМЖТОЙ 2-3 ХӨТӨЛБӨР БИЙ

2014 оны 09 сарын 10

 ШУТИС магистрын зайн сургалттай болжээ. Энэ талаар тус сургуулийн оюутны хөгжил, олон нийттэй харилцах проректор Т.Намнангаас тодрууллаа.

-Танай сургууль хэзээнээс магистрын зайн сургалттай болсон бэ?

-Манай сургууль 2000 оноос сургалтад кредит систем нэвтрүүлж, хичээлийн агуулга, хөтөлб өрийг электрон хэлбэрт шилжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 500 гаруй хичээлийн агуулгыг электрон хэлбэрт шилжүүлж, архив үүсгээд байна. Энэ нөөцдөө тулгуурлаж, гурван жилийн өмнөөс магистрын зайн сургалттай болсон юм. Ингэснээр магистрантурт суралцах хүсэлтэй ч танхимын сургалтад хамрагдах боломжгүй, завгүй, ажил хийдэг хүмүүс цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр зайнаас сурах боломж бүрдсэн. Хичээлээ онлайнаар сонгон судалж, багш нартайгаа ч онлайнаар холбогдож, даалгавраа авна.

-Онлайнаар сурах боломжтой хэчнээн мэргэжлийн хөтөлбөр байна вэ?

-Магистрын хөтөлбөрт байгаа хичээлүүдийн агуулгын 50 хувь нь зайнаас сурах боломжтой. Яг зайнаас сурах боломжтой хөтөлбөр бол 2-3 бий. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд бид ажиллаж байна. Лабораторийн туршилт судалгаанд биечлэн оролцох шаардлагатай тохиолдолд сургууль дээр ирэхээс аргагүй.

-Энгийн сургалтаас төлбөр нь өндөр үү?

-Үгүй. Харин ч 20-30 хувиар хямд.

-Хэдий хугацаанд сурах вэ?

-Магистрын энгийн сургалттай адил буюу 2-2.5 жил сурна.

-Оюутан дипломоо хэрхэн бичиж, хамгаалах вэ?

-Удирдаж байгаа профессор багштайгаа онлайнаар холбогдож дипломоо бичнэ. Харин дипломын үзлэгт өөрөө биеэр ирж, танилцуулах шаардлагатай.

 

 Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ