Л.Пүрэвсүрэн: МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫГ ХОЁР ХӨРШ МААНЬ ХҮНДЭЛЖ ХАРЬЦАНА ГЭЖ ТОХИРСОН

2014 оны 09 сарын 10

 БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын хэдхэн хоногийн зөрүүтэй хийсэн айлчлал өндөрлөөд удаагүй байна. Манай хоёр хөршийн Төрийн тэргүүн нарын айлчлал тойрсон сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулг үй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Хоёр хөршийн Төрийн тэргүүн үүдийн айлчлалыг түүхэн айлчлал болсон хэмээн олон хүн дүгнэж байна. Таны хувьд айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Үүнийг он цагийн шалгуураар, судлаачид гаргаж ирж тодорхойлох байх. Түүнээс биш, айлчлал дуусаад хэдхэн хонож байхад дүгнэж хэлэхэд надад эрт байна. Ямар ч байсан энэ айлчлалууд ач холбогдолтой болсон. БНХАУ-ын даргын хувьд 11 жилийн дараа Монгол Улсад хийж байгаа Төрийн дээд хэмжээний айлчлал. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал хэдийгээр богино хугацаатай ажлын айлчлал байсан ч агуулгын хувьд төрийн айлчлалын хэмжээнд үнэлэгдэх агуулга, ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа. Хоёр хөрштэйгөө учраа олж чадахгүй байна гэж сүүлийн үед биднийг шүүмжилж байсан. Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүлэх чиглэл бол хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байх явдал. Гадаад бодлогын үзэл баримтлал, аюулгүй байдлын үзэл баримтлалд ч энэ нь тусгагдсан. Энэ бодлогын хүрээнд айлчлалууд хэрэгжиж байгаа гэсэн үг. БНХАУ-ын даргын айлчлалын хувьд хэд хэдэн зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Юуны өмнө бид хүссэн, зорьсон зүйлүүдээ нэлээд илэн далангүй ярьж авсан. Хятадын талтай ч, Оросын талтай ч олон асуудлаар яриа, хэлэлцээр хийгдсэн. Ер нь олон хүн манай гурав дахь хөршийн бодлогыг хоёр хөршийн бодлогын эсрэг, хоёр хөрштэй явуулж буй харилцааг гурав дахь хөрштэй сөргүүлж тавьдаг. Манайх хоёр хөрштэй, хаашаа ч нүүхгүй бөгөөд хөршүүдээсээ гадна дэлхийн бүх улстай нээлттэй гадаад бодлого явуулах хүсэл, зорилготой. Ямар ч тохиолдолд гуравдагч хөршийн бодлого хоёр хөршийн эсрэг чиглэхгүй. Үүнийг та бүхэн ойлгож, хүндэлж хандахыг хүсэж, сөрг өлцөх зүйл байхгүй гэдгийг хоёр хөршийнхөө Төрийн тэргүүнд хэлсэн. Мөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг цөмийн зэвсэгтэй хоёр орон маань хүндэлж харьцана гэдгийг яриа хэлэлцээндээ оруулсан.

-Өмнө нь яригдаж байгаагүй ямар асуудлууд хөндөгдсөн бол?

-Олон асуудлын талаар илэн далангүй ярьж чадсан. Тухайлбал, Монгол Улс бол ардчиллын замаар явж, хуулийг засаглалыг хэвшүүлсэн, бие даасан шүүх засаглалтай улс. Тийм учраас Монголын шүүхийн гаргасан шийдвэрүүдийг хоёр хөрш маань ойлгож, хүлээж авах, аль, аль талынхаа гаргасан шүүхийн шийдвэрийг дагаж, биелүүлэх ёстой гэдгийг ярилцсан. Манайх Цаазаар авах ялгүй байх тухай НҮБ-ын нэмэлт протоколд орсон байгаа. Тиймээс монгол иргэд Хятадад янз бүрийн хэрэг түвэгт ороход цаазын ял оноохгүй байгаач гэсэн асуудлыг БНХАУ-д тавьсан. Түүнчлэн монгол үндэстний асуудал байна. Монгол Улс монгол үндэстний тусгаар тогтносон туурга тусгаар улсын хувьд БНХАУ, ОХУ-ын нутагт байгаа монгол иргэддээ түүх соёл, хэл бичиг, соёлоо авч үлдэхэд нь туслах үүрэгтэй талаар ярилцсан. Мөн Хятад, Орост амьдарч байгаа монгол иргэд эх орон руугаа чөлөөтэй зорчих, сурах, боловсрох, магадгүй “Олуулаа болъё” гэсэн Ерөнхийлөгчийнхөө уриалгыг хүлээж аваад, Монгол Улсад амьдрахыг хүсвэл тэр тал дээр хамтарч ажиллаж, дэмжинэ гэдгээ хоёр хөршийн Төрийн тэргүүн илэрхийлсэн. Мөн харилцаанд итгэлцэл бий болгох асуудлыг Хятадын талаас тавьсан. Итгэлцэл байхгүй байгаагийн үндэс нь олон эх сурвалжтай. Түүний нэг нь Хятадын хэвлэл мэдээлэл, цахим хуудсуудад Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэх, түүхийг мушгин гуйвуулсан зүйлс гардаг явдал. Үүнийг Хятадын тал таслан зогсоох нь зүйтэй гэсэн шаардлага тавьсан.

-Энэ удаагийн хоёр хөршийн айлчлалаас манайхаас тавьж байсан гол зорилго бол эдийн засгийн асуудал байсан. Энэ зорилгодоо хүрч чадсан уу?

-Хоёр хөрштэйгөө эдийн засгийн тэнцвэртэй хамтын ажиллагаа хөгж үүлэх, нэг орны, нэг зах зээлийн хараат болохгүй байх гэсэн зорилтууд тавигдаж байгаа. Хятадын даргын айлчлалын эдийн засгийн үр дүнг хэлбэл, эхний ээлжинд БНХАУ-ын нутгаар дамжиж, гурав дахь зах зээлд гарах боомт, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг нэрлэмээр байна. Энэ жилд л гэхэд 20-иод удаа хэлэлцээ хийж, айлчлалын сүүлчийн мөч хүртэл хэлэлцсэний эцэст БНХАУ-ын нутгаар дамжин далайд гарах дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хоёр улс дотоодынхоо нөхцөлийг хангасны үндсэн дээр нот солилцсоноор уг хэлэлцээр хүчин төгөлдөр болно. Үүнээс гадна далайн тээвэр, боомттой холбоотой хэд хэдэн хэлэлцээр байгуулсны дотор зарим хуучин хэлэлцээрүүдийг өөрчлөн байгуулсан. Жишээлбэл, өмнө нь зөвхөн Замын-Үүдийн боомт л олон улсын статустай, тэр боомтоор дамжин өнгөрөхөд орон нутгийн ямар нэгэн татвар төлдөггүй байсан гэсэн үг. Гэтэл манай нүүрс гарч байгаа Гашуунсухайт болон бусад гол боомт орон нутгийн статустай тул татвар хураамж нэмэгдэж, энэ нь нүүрсний үнэд нөлөөлж, өрсөлдөх чадварыг бууруулж байсан. Саяын айлчлалын дүнд гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрээр манайх Замын-Үүдээс гадна гурван боомтыг олон улсын статустай болгоно гэсэн тохиролцоонд хүрсэн. Мөн Хятадын Зүүн хойд муж улсуудын далайн найман боомтыг Монгол Улс ашиглах эрх олж авсан. Хятад руу гаргаж байгаа манай экспортын гуравны нэгтэй тэнцэхүйц хэмжээний ачаа тээврийг Хятадын нутгаар дамжуулж, хөнгөлөлттэй тарифаар далайн боомтод хүргэх тохиролцоо хийсэн. Энэ хэлэлцээр 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Ерөнхийдөө дамжин өнгөрөх тээврийн талаар тавьж байсан манай зорилго амжилттай биелсэн гэж болно. Эртнээс яригдсаар ирсэн нүүрс хийжүүлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон. Энэ нь ирээдүйн том төслийн нэг болох боломжтой. Энэ мэтчилэн хэлэлцээрүүд нэлээд амжилттай болсон. ОХУ-ын хувьд юуны түрүүнд худалдааны асуудал байсан. Хоёр талын худалдааны нийт эргэлт 1.6 тэрбум ам.доллар байхад манай экспорт ердөө 62 сая ам.доллар нь. Үндсэндээ бид Оростой хийж байгаа худалдаанаас жил болгон 1.6 тэрбум ам.доллар алдаж байна гэсэн үг. Энэ худалдааны зөрүүг арилгахын төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нэлээд тодорхой яриа хэлэлцээ хийсэн. Хамгийн гол нь манай экспортыг нэмэгдүүлэх зорилт байсан. Улмаар 20 жилийн хугацаанд манай мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн зэрэг экспортын бусад бүтээгдэхүүнийг ОХУ-д гаалийн ямар нэгэн татварг үйгээр гаргах асуудлыг тавьсан. ОХУ-ын Ерөнхийлөгч энэ асуудлыг яаралтай нягтлан шалгаж үзэхээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ есдүгээр сард багтаагаад манай холбогдох яам, газрын хүмүүс ОХУ-д очиж, дээрх асуудлаар нарийвчилсан яриа хэлэлцээр хийнэ. Экспортоо нэмэгдүүлснээр 2020 он гэхэд худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байгаа. Мах, махан бүтээгдэхүүний хувьд одоогоор манай улс жилд 30 мянган тонн мах гаргаж байна. Монголд хүүхэд, хөгшдөө оролцуулаад нэг хүнд жилдээ 70 орчим кг мах ногдож байхад Сибирийн бүсэд нэг хүнд 40 кг мах ногдож байх жишээтэй. Энэ нь хойд хөршид махны хэрэгцээ их байгааг харуулж байгаа юм.

-Хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр хамгийн их анхаарал татсан сэдэв төмөр зам байсан. Энэ талаар нэлээд тодорхой шийдвэрүүд гарсан шүү дээ.

-Айлчлалын үеэр Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэгийн хооронд байгуулсан стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр “Улаанбаатар төмөр зам”-ын дараагийн 30-50 жилийн ирээдүйг хангах, бүх зүйлийг тодорхойлсон том гэрээ хэлэлцээр болсон. Үүний үндсэн дээр эхний ээлжинд Алтанбулагаас Замын-Үүд хүрэх гол төмөр замыг хос болгох, цахилгаанжуулах асуудал байгаа. Улаанбаатар хот нягтаршиж, түгжрэл ихсэхэд хот дундуур өнгөрч байгаа төмөр замын тээвэр бас нөлөөлж байгаа. Мөн Улаанбаатар хот руу нүүрс тээвэрлэж байгаа, түүний хоосон вагонуудыг татан гаргаж байгаагаас Улаанбаатар хотын дамжин өнгөрөх төмөр замын тээвэр хугацаа их алддаг. Энэ гацааг арилгахын тулд Богдхан уулын урдуур, шинэ нисэх онгоцны буудлын орчмоор төмөр замыг салаалж явуулах асуудал байна. Энэ талаар ОХУ-тай анх удаа ярьж, тохиролцлоо. Энэ ажлыг ойрын үед эхлүүлнэ. Ер нь ОХУ-ын зүгээс анхаарал тавиад, 20 сая ам.долларын хөрөнгө гаргаж, ТЭЗҮ-ийг яаралтай хийж дуусгаад 2020 он гэхэд “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэлийг дуусгахаар тохирсон. Түүнээс гадна ОХУ-ын Тувагаас манай баруун нутгаар дамжаад Шинжаан Уйгар руу гарах дамжин өнгөрүүлэх шинэ гарцыг бий болгох талаар ярьсан. Зүүн талд ашиглалт нь муудсан Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замыг яаралтай шинжлээд, даланг нь шинэчлэх үү, шинээр барих уу гэдгийг тогтоогоод, урагшаа Хятад руу гарах коридор болгон ашиглах талаар мөн тохиролцсон байгаа. Мөн Орхон аймаг буюу Эрдэнэт рүү орсон төмөр замыг цааш үргэлжлүүлж, ОХУ-тай холбох гэсэн дөрвөн том чиглэлийг тохирсон. Энэ бол хугацаатай, хоёр талаасаа амлалт үүргээ аваад явах том ажил. Үүнээс гадна дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалын талаар ярьж тохирсон.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд төмөр замын асуудлаар хэлэлцээр хийсэн ч царигийн асуудал ил дурдагдаагүй. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Хятадын тал сүүлчийн мөч хүртэл транзит тээврийг царигийн асуудалтай уясан. Манай тал бол цариг тусдаа, УИХ хэлэлцэж, шийдвэр гаргах асуудал. Дамжин өнгөрөх тээврийн асуудлын хувьд танайх далайд гарцгүй орны өмнө олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэсэн байр суурийг баримталсан. Бараг 20 удаа хэлэлцээ хийж байж, сүүлчийн мөчид царигийн асуудлыг хөндөлгүйгээр тохиролцож, гарын үсэг зурсан. Оросын талтай хэлэлцээ хийгдэж байгаа. Ерөнхийдөө танай улс нэгдсэн нэг царигтай байх ёстой. Хоёр цариг холилдвол муу талтай гэдэг. Тэр талаар манай мэргэжилтнүүд тооцоо судалгааг нь гаргах байх. Түүний үндсэн дээр УИХаар хэлэлцэн тодорхой болгох байх.

-Айлчлалаас өмнө “Талын зам”, хийн хоолойн асуудлаар ярилцах болов уу гэсэн таамаг нэлээд байсан. Энэ асуудал хэрхэн хөндөгдсөн бэ?

-Ер нь Орос, Хятадын дунд байгаа том газар нутагтай манай орны хувьд дамжин өнгөрөх олон төрлийн шугам болох боломж байгаа. Гэхдээ эхний ээлжинд төмөр замаа л ярья гэж байгаа. Байгалийн хий дамжуулах хоолойн хувьд манай улсын зүүн талаар тавигдах барилгын ажлыг ОХУ-ын Ерөнхийлөгч манайд ирэхээсээ өмнө эхлүүлсэн. Тиймээс уг сэдвийг халуун дээр нь манай талаас боломжоороо ярьсан. ОХУ, Хятад хоёр өмнө нь тохиролцож, гуравдагч орноор дамжуулахгүй гээд “Алтай” буюу баруун талын хоолойг Монгол, Казахстаны дундуур гаргахаар ярьж байгаа. Тэр нь тодорхой хэмжээний хүндрэлтэй тулгараад яриа хэлэлцээр нь зогсчихсон. Удахгүй сэргэх чигтэй байгаа. Ийм нөхцөлд Монголоор гарах боломжийг давхар судалж хараач, тийм боломж байдаг бол бид ярихад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгч Путин энэ талаар цааш нь дамжуулж, яриа хэлэлцээндээ эргэж харъя гэсэн байр сууриа илэрхийлсэн.

-Хятадын хувьд?

-Хятадын тал бол ер нь бэлэн л гэдэг шүү дээ. Гэхдээ “Бид эсэрг үүцэхг үй, зөвшөөрч байна” гэдгийн цаана бодит тодорхой яриа хэлэлцээр үүдхийх шаардлагатай. Үнэхээр манай талыг сонирхож байгаа гэвэл ажил хэрэг болгоод явуулах шаардлага бий. Засгийн газрын зүгээс Ажлын хэсэг байгуулж, тооцоо, судалгаа хийхээр болсон.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр визийн асуудал чөлөөтэй болсноор эдийн засагт таатай, иргэдэд чирэгдэл учрах нь багасна гэж байна. Гэтэл сөрөг талууд гарч болох юм. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Аливаа юмыг ер нь сайн талаас нь харах нь зөв юм. Мэдээж манайх хүн ам цөөтэй орны хувьд хил хязгаараа нээхэд сөрөг үр дагавар гарч ирэхийг үгүйсгэхг үй. Гэхдээ ямар ч байсан хоёр талаасаа нэлээд бэлтгэл хийсний дүнд шийдвэрлэсэн тул үр дүнгээ өгнө л гэж бодож байгаа. Хэлэлцээр таван жилийн хугацаатай байгуулагдсан. Зогсоох боломж нь ч бий гэсэн үг.

-Олон гэрээ хэлэлцээр хийдэг ч хэрэгжих тал дээр сул байдаг тал бий. Айлчлалын үеэр хийсэн гэрээ хэлэлцээрүүд бодитоор ажил хэрэг болох талаар хэрхэн анхаарах вэ?

-Гэрээгээр хоёр тал үүрэг хүлээдэг. Үүнийг хоёр тал биелүүлэх ёстой. Улс хооронд тохиролцсон гэрээ, хэлэлцээр үүд Үндсэн хуулиас бусад аливаа хуулиас дээгүүр үйлчилдэг. Энэ тухай манай Олон улсын гэрээний тухай хуульд зааж өгсөн. Зарим чухал гэрээг Парламентаар соёрхон баталдаг. Тэгэхээр олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Монголын тал биелүүлэх ёстой. Нэгэнт гарын үсэг зураад хүчин төгөлдөр болоод эхэлсэн бол төрийн аль ч байгууллага, орон нутгийн байгууллагууд болоод иргэд бүгд биелүүлэх үүрэгтэй.

 

 Р.ОЮУНЦЭЦЭГ