Шинэчлэлийн Засгийн газар дахь “ЦЭВЭРЛЭГЭЭ”

2014 оны 09 сарын 10

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн танхимдаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт хийхээ олон нийтэд мэдэгдэв. Ингэж хэлснээрээ цөөнгүй хүний санааг амраалаа. Нэр бүхий зарим сайдыг өөрчлөх тул АН доторх албан тушаал горилсон фракцууд дунд “уралдаан” эхэлсэн байгаа. Тэд Засгийн газрыг танхимаар нь огцруулаад хэн хэн юуны сайд болохоо төлөвлөж байсан биз. Гэхдээ сайн уралдаж, “ажиллаж” чадвал хоосон хоцрохгүй нь. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахаар хичээж буй УИХ-д суудалгүй намууд бас тодорхой хэмжээнд тайвширсан болов уу. Ерөнхий сайд дээрх мэдэгдлийг хийхээс хэдхэн цагийн өмнө МАН-ын удирдлагууд зэрэгцэн сууж байгаад “ЭЗЭН- 100” хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй, 100 хоногт хийхээр төлөвлөсөн 70 ажлынхаа 60 гаруй хувийг хийж чадаагүй, байдал дээрдэх биш, улам дордсон гэж дүгнэсэн билээ. Бас “АН-ын бүлэг амласнаараа Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой. Тэд ийм хариуцлагатай улс төрийн хүчин мөн үү гэдгийг харъя” гэсэн юм. Тэгвэл Засгийн газрын тэргүүн өөрийн биеэр тэдэнд хариулт илгээсэн нь энэ. Тэгэхээр АН хариуцлагатай улс төрийн хүчин болж байна гэсэн үг.

СУУРЬГҮЙ БАЙШИН БАЙХГҮЙ

Гаднын хөрөнгө оруулалт буурсан, долларын ханш өссөн, тэр хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа нь үнэн. Үүний эсрэг Засгийн газар ажиллаж байгаа. Гэхдээ суурьгүй байшин гэж байхгүй учраас нөхцөл байдал ийм болоход өмнөх жилүүдэд хийсэн ажил, гаргасан шийдвэрийн нөлөө байсан. Оюутолгойн ордын анхны хөрөнгө оруулалт дууссан, далд уурхайн үйл ажиллагаа зогссон нь гадаад хөрөнг ө оруулалт буурахад нөлөөлсөн. “Хоёр толгой”-г ашиглах урьдчилгаа төлбөрийг өмнөх Засгийн газар сонгуулийн үеэр иргэддээ “эх орны хишиг” болгоод бэлнээр тараачихсан. “Урт нэртэй” хуулийн хүрээнд олон зуун лицензийг цуцалсан нь ч хувь нэмрээ оруулсан биз. Энэ бүхний төлбөр, өр нөхөөсөнд олсон хэдэн валютаа гаргаж байгаа нь бас үнэн. Иймэрхүү өмнөх хүчин зүйлүүдийн нөлөө байсан учраас л үзүүлэлтүүд уруудаж гараад буй. Засгийн газар холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулснаар байдал харьцангуй нааштай эргэж байгаа. Гэхдээ тэд хоёр жилийн дотор үүнийг бүрэн залруулж, өөд татаж чадаагүйн буруу бас бий. Эдийн засгийн байдал зарим салбартаа муу байгаа ч барилга, орон сууц барих, зам тавих бүтээн байгуулалтын ажилд өсөлт гарсан. Ерөнхий сайд олон нийтэд хандан үг хэлэхдээ хийсэн ажлаа онцолж байна лээ. “Засгийн газар юу ч хийгээгүй” хэмээн нэг талыг барин туйлширч буй хүмүүст хийснээ сануулахыг хүссэн биз. Өмнөх таван Засгийн газар 12 жилийн турш 2300 км зам тавьсан бол түүний тэргүүлсэн танхим хоёр жилд 2500 км замын ажил хийжээ. Өмнө нь жилд 800 мянган квадрат метр орон сууц барьдаг байсан бол тэд жилд 1.2 сая квадрат метрийг ашиглалтад өгсөн гэх мэтээр тоон үзүүлэлт дэлгэв. “Чингис” бондын санхүүжилтээр барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжсэнээр цемент, арматурын дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдсэн. Бүх зүйл хоёр талтайг энэ тохиолдолд санах ёстой юм.

СЭЛГЭЭНД ХЭН ХЭН ӨРТӨХ ВЭ

Манай Ерөнхий сайд үгэндээ ороогдомхой, үйлдэл нь ч хэнэггүй. Ер нь ихээхэн “адал явдалтай” ажилладаг хүн. Тэр хийсэн ажил, гаргасан алдааныхаа талаар долоо хоногт нэг удаа “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр сэтгүүлчдэд тайлбар өгдөг байсан. Тэгвэл хаврын чуулган завсарласнаас хойш энэ уулзалт болоогүй. Ерөнхий сайд “адал явдалт” амьдралынхаа талаар ч, танхимыг нь огцруулахаар оролдож буй улс төрийн хүчнүүд, фракцуудын тухай ч ямар нэг тайлбар өгөөгүй. Сөхөрсөн эдийн засгаа 100 хоногийн хугацаанд өөд татах гээд түүнд ийм зав ч олдоогүй биз. Гэхдээ 100 хоногийнх нь хугацаа дууссаны дараа ч дуугүй л байв. Удаан дуугүй явсныхаа дараа харин МҮОНРТээр олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн нь тэр. “Ордны хуйвалдаан”- аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж, албан тушаалыг тойрсон биш, асуудал шийдсэн улс төр хийцгээе хэмээх уриалга нь Ардчилсан нам доторх зарим фракцынхан болон сөрөг хүчнийхэнд хандсан үг байв. Мөн тэдэнд болон УИХ-д суудалгүй намуудад “Улс төрийн тэмцлийн дүнд Засгийн газрыг нурааснаар бус, хэн нэгэн сайдыг огцруулснаар биш, харин улс орноо хэрхэн, яаж хөгжүүлснээрээ, аливаа хүндрэлийг хамтдаа даван туулж чадсан эсэхээрээ ажлаа үнэлүүлнэ” хэмээн хэлсэн. Засгийн газрын ажиллах эрч хүч дуусаагүйг бас сануулаад авна лээ. Тэр хийсэн ажлаа танилцуулж, “өдсөн” хүмүүст хариулт өгч байсан ч үг нь цаагуураа хамгаалалтын шинж чанартай байв. Төгсгөлд нь хэлсэн түүний мэдэгдэл л олон хүний санааг амрааж, цөөн заримыг нь чилээсэн. Улс төр, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал олонхийн зүгээс Засгийн газарт ямар нэг өөрчлөлт хийхээс аргагүй болгосон нь бас үнэн. Засгийн газар 16 яам, 19 сайдтай. Сайд нарын дунд “асуудалтай” нөхөд цөөнгүй. Тиймээс Н.Алтанхуяг танхимдаа “цэвэрлэгээ” хийх ёстой болсныг мэдэрчээ. Тэр шинэчлэлийн Засгийн газартаа шинэчлэл хийнэ гэж хэлэхдээ хэнийг явуулахаа мэдээж зарлаагүй. Тиймээс албаа өгөх сайд нарын нэрийг таамаглах гэж хэвлэлүүд оролдож эхлэв. Эдийн засгийн зарим үзүүлэлт муудаж, иргэдийн амьжиргаанд нөлөөлж буйн хариуцлагыг салбарын сайд нар хүлээх учиртай. Бараг томилогдсон цагаасаа л шүүмжлүүлж буй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, сүүлийн үед хэл аманд ихээхэн өртөж буй Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Женкогийн хүн гэдэг Зам тээврийн сайд Л.Гансүх, намын даргынхаа эрүүл мэндийг л сахин хамгаалах үүрэгтэй мэт ажилладаг Эрүүл мэндийн сайд Н.Удвал гээд суудал нь “эмзэг” эрхмүүд бий. Ямартай ч Ардчилсан нам, Засгийн газар өөрсдөө түрүүлж алхам хийсэн нь зөв болов. УИХ-ын намрын чуулганаар “цэвэрлэгээ”-г хийнэ. Бас солигдох сайд нарын оронд хэн очих вэ гэдэг марафон өрнөнө.

 

С.ТУУЛ